Инженер нисгэгч, доктор (Pn.D) Т.Батжаргалтай ярилцлаа.
–Ирэх оныг Засгийн газраас “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор агаарын тээврийн салбарт хамгийн олон чиглэлд, хямд үнээр, аюулгүй, ая тухтай зорчдог байх бодлого баримтална гэж салбарын сайд мэдээлсэн. Хамгийн алдагдалтай ажилладаг энэ салбарт улсаас татаас өгөх тухай ч хөндсөн. Энэ шийдвэрийн ач холбогдлыг хэрхэн харж байна вэ?
-Аль ч улсын эдийн засагт хамгийн үр дүнтэй шууд орлого ордог, бэлэн мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг салбар бол аялал жуулчлал. Мэдээжийн хэрэг Монголд зочлоход агаарын тээврийн олон улсын болон орон нутгийн нислэг үйлчилгээг хүртээмжтэй болгох нь чухал. Гэвч манайд зорчигч тээврийн агаарын хөлгийн хүрэлцээ муу, нислэгийн давтамж бага, тийзний үнэ өндөр, олддоггүй гэх зэргээр аялал жуулчлал хөгжүүлэхэд саад болж байна гэж шүүмжилдэг. Аялал жуулчлалын салбар өөрсдөө одооноос бэлтгэлээ
базааж жуулчдаа татах ажлыг эхлүүлж, ирэх зун хэдэн орноос хэдэн жуулчин Монголыг зорьж ирнэ гэдэг судалгаа, захиалгаа гаргах хэрэгтэй.
Агаарын тээвэрт улсаас татаас олгох асуудал хөндөгдөж байгаа бол сайн хэрэг. Гэхдээ хаана, хэнд татаас өгөхийг сайтар бодож судалж, оновчтой шийдэхгүй бол ямар ч үр дүнгүй болчих вий гэхээс санаа зовж байна. Одоо цагт орон нутгийн нислэг дангаар гүйцэтгэдэг хувийн хэвшлийн агаарын тээврийн компаниуд дотоодын нислэгээ хэвийн явуулж чадахгүй улам бүр хумьж байж олон улсын чиглэлд нислэг хийх гээд зүтгээд байгааг шүүмжилмээр байна. Тэдэнд төрөөс татаас өгөөгүй биш өгсөөр ирсэн. Түүгээр зогсохгүй ИНЕГ-т төлөх ёстой хуримтлагдсан өр ширийг нь удаа дараа тэглэж, мөн хүмүүсийнх нь сургалтын төлбөр олон арван сая төгрөгийн зардлыг хүртэл дааж байсан. Гэтэл тэд нислэгийн чиглэл давтамжаа нэмдэггүй, тийзний үнэ тарифаа хямдруулдаггүй. Жирийн иргэд орон нутагт агаарын хөлгөөр зорчих зардлаа дийлэхгүй газраар авто тээврийг сонгох болсон. Манайд орон нутгийн зорчигч тээврийн тогтмол нислэг үйлчилгээ хувийн хэвшилд шилжээд өнөөдрийн байдлаа хөгжсөнгүй уналтад орчихсон, тэдэнд зүгээр татаас өгөөд түр зуурын л аргацаасан улс оронд өгөөжгүй ажил болно.
-Орон нутгийн нислэгийн тийз дэндүү өндөр үнэтэй байна. Агаарын хөлгийн шатахууны нийлүүлэлтийг төрийн зохицуулалтад оруулж, шатахууны тасалдал, үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авснаар орон нутгийн тийзийн үнэ 5-8 хувь буурах тооцоолол гарчээ. Салбарын сайдын хувьд 50 хувь бууруулах боломжтой гэсэн. Ер нь дотоодын нислэгийн үнэ тарифыг өөр ямар арга замаар, хэрхэн яаж бууруулах вэ?
-Манай салбарын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн С.Бямбацогт ажил авсан даруйдаа нисэх онгоцны шатахууны үнийг бууруулах, орон нутгийн нислэгийн чиглэл, давтамжийг нэмэгдүүлэх, тийзийн үнэ тарифыг бууруулах үүргийг холбогдох хүмүүст өгсөн.
Манай улсад нисэх онгоцны шатахуун ТС-1 керосинийг “Мэрэг ван” ХХК, “Сод монгол” ХХК, “Монголин авиашин Фүүл” буюу хуучин “А жет” ХХК, “Эрчис ойл” ТӨХХК гээд компаниуд ОХУ-аас импортоор оруулж ирж нийлүүлдэг. Өнөөдрийн байдлаар нисэх онгоцны нэг тонн шатахууны үнэ дунджаар 5.6 сая төгрөг болсон. УИХ-ын Байнгын хороон дээр “Газрын тосны бүтээгдэхүүний тухай” хуулийн зарим зүйл заалтыг өөрчлөх асуудал яригдаж байгаа гэсэн. Манай улсад дэлхийн жишиг үнээр шатахуун авах асуудал олон жил яригдаж байгаа юм. Одоо Оросын талтай тогтсон үнээр тогтмол авч байх гэрээ байгуулбал нислэгийн зардлыг бууруулж ялангуяа тийзний үнэ тодорхой хувиар буурах болов уу гэж бодож байна.
Олон зүйлийн шалтгаанаас болоод орон нутгийн нислэг сүүлийн 30 жилийн турш уналтаас гарч чадахгүй байна. Ер нь агаарын тээврийн бизнес төдийлөн ашигтай бизнес биш. Тэр тусмаа Монгол шиг өргөн уудам газар нутагтай, хүн ам цөөн, зорчигч эргэлт бага, иргэдийн амьжиргааны түвшин доогуур, төлбөрийн чадвар сул ийм нөхцөлд агаарын тээврийн бизнес ашиггүй. Шулуухан хэлэхэд, орон нутгийн нислэг үйлчилгээ эрхэлж байгаа хувийн хэвшлийн агаарын тээвэрлэгчид хэт өндөр үнэтэй тийз борлуулж нэг ёсондоо ард түмнээ шулж ашиг олж байна. Учир нь орон нутгийн нислэгийн тийзийн үнэ тарифыг хувийн агаарын тээвэрлэгчид өөрсдийн дураар тогтоодог төрөөс ямар ч хяналт тавьж чаддаггүй. Харин авто тээврээр хот хооронд зорчих тийзийн үнийн дээд жишиг тарифыг төрөөс тогтоож өгч байгаа нь иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн байдаг. Монголд өнөөдөр дотоодын нислэгийн тийзийн үнэ тухайн чиглэлд зорчих авто тээврийн үнэ тарифаас 4-9 дахин өндөр үнэтэй байна. Орон нутгийн нислэг үйлчилгээг зах зээлийн жамаар нь хөгжүүлнэ гээд хувийн хэвшилд өгсөн нь Монголын онцлогт энэ цаг үед тохирохгүй юм байна. Хувийн хэвшил ашгийн хойноос хэт улайрч ард түмнийхээ эрх ашгийг хохироож байна. Жишээ нь баруун, зүүн аймгуудын алслагдсан цэгт агаарын тээврийг сонгохоос өөр аргагүй болсон хэвтрийн зорчигч гэгддэг дамнуурга дээр авч ирдэг хүнд өвчтөн онгоцоор явахаа больсон. Учир нь хэвтрийн нэг зорчигч тээвэрлэхэд 8-10 зорчигчийн суудлын үнэ төлөхийг шаарддаг зэрэг ийм хахир хатуу үйлчилгээ байж болохгүй. Үүнийг манай төр анхаарах хэрэгтэй. Агаарын тээврийн зах зээлд ганц, ганц онгоцтой олон жижиг компаниуд гаргасан нь муу үр дүнтэй байна. Эд нарыг нэгтгэх хэрэгтэй, эсвэл МИАТ-ийг олон улс, орон нутгийн нислэгт үйлчилгээг хамтад нь эрхлүүлж бүр томруулж зорчигч иргэдийн эрх ашигт нийцсэн үйлчилгээг сэргээх хэрэгтэй байна. Манай нөхцөлд орон нутгийн нислэгийн чиглэл давтамжийг олноор нэмэгдүүлж тийзний үнэ тарифыг одоогийнхоос 50 хувь бууруулах нэг л боломж байна. Би энэ талаар олон жил судалж эрдмийн зэрэг хамгаалсан бүтээлээ шинэ сайддаа өргөн барьсан байгаа.
-Цар тахал, Орос Украины дайны байдал дэлхий дахинд том дохио өглөө. Ялангуяа далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог манай улсад хамгийн хүнд тусав. Хөршүүд газрын хилээ хааж, ачаа бараа гацаж, эдийн засаг түгжигдсэн. Нэгэнт газраар тээвэр хийгээд бүтэхгүй гэдгийг тод харууллаа. Тэгэхээр гадаад худалдаагаа агаарын тээврээр явуулдаг болох боломжтой юу?
-Далайд гарцгүй манай улсын хувьд агаарын тээвэр маш чухал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой болсон. Тэгэхээр нэн хэрэгцээтэй импортын бараа бүтээгдэхүүнийг агаарын тээврээр авах шаардлага их байгааг төр дэмжээд, мэргэжлийн хүмүүсийнхээ үгийг сонсож байж шийдэлд хүрнэ.
-Нисэхийн салбараа хөгжүүлж, ачаа, барааг агаарын тээврээр зөөдөг болоход төрөөс ямар зохицуулалт хийх шаардлагатай вэ?
-Хөгжүүлэх боломжтой үйлчилгээний нэг нь энэ бөгөөд төр бодлогоор дэмжих ёстой. Төр хувийн хэвшлийн түншлэлийн энэ зорилтот бодлогыг ажил болгох хэрэгтэй. Тэгэхээр хадгалалтын хугацаа богинотой, амархан гэмтдэг ачаа барааг шууд агаараар цаг хугацааны хувьд алдагдалгүй тээвэрлэдэг ачааны зориулалттай 2-3 ширхэг том онгоцтой болох хэрэгтэй байна. Дэлхийн агаарын ачаа тээврийн сүлжээнд нэгдэж орох ёстой. Одоо АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Герман, Турк улсаас агаараар ачаа бараа тээвэрлүүлэх хүсэлт, эрэлт хэрэгцээ их байдаг. Энэ тал дээр мэргэжлийн байгууллага нь тооцоо, судалгаа хийж үзэх хэрэгтэй.
-Ингэхэд агаарын тээврээ хөгжүүлэхэд ямар хүндрэл бэрхшээлүүд тулгамддаг юм бэ?
-Хамгийн нэгдүгээрт эрх зүйн орчноо шинэчлэх хэрэгтэй байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Иргэний нисэхийн тухай хууль бол сайн хууль. Энэ хуулийг шинэчлэн найруулахаар ажлын хэсэг долоон жилийн өмнөөс томилогдсон боловч чадах чадахгүй хүмүүс оролцоод гологдол хийгээд удааж байгаа. Хуучирсан гээд буй энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт хийх замаар хуулиа шинэчлэх хэрэгтэй байна. Иргэний нисэхийн талаар “Төрөөс барих бодлогын бичиг баримт”-ын хугацаа нь дуусчихсан байна. Нислэгийн аюулгүй ажиллагаанд тавих багц дүрмүүдээ шинэчлэх хэрэгтэй болсон. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ИНЕГ-ын бүтцийг төгөлдөржүүлэх хэрэгтэй байна. Өнөөдөр гэхэд л ИНЕГ дээр нэмээд Иргэний нисэхийн үндэсний төв хэмээх хуулинд байхгүй нүсэр том аппарат бий болгоод удирдлагын давхардал, илүү зардал үүсгэж байна. Үүнийг Төрийн хэмнэлтийн хуулинд нийцүүлж засч залруулах хэрэгтэй. Цаг хугацааны хувьд төр Иргэний нисэхийн тухай хууль руугаа анхаарах, ажлын хэсгээ оновчтой томилж ажиллуулах ёстой. Эрх зүйн зөв орчинг бий болгох, хуулиар дамжуулж төрийн бодлогыг гаргаж ирэх систем алдагдсан. Хамгийн том саад бол Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ЗТХЯ нь төрийн бодлогоо явуулж чадахгүй болсон. 2016 оноос хойш өнөөдрийг хүртэлх зургаан жилийн хугацаанд салбарын сайд нь долоон удаа солигдлоо. Ингэснээр тус яаман дээр зөв бодлого гаргахад хэдэн арван жил хийсэн хашир туршлагатай мэргэжлийн хүн байхгүй, ой санамжгүй болгосон.
Дарханы замын дампуурал, төмөр замын осол аваар, нийслэл хотын авто замын түгжрэл, Иргэний нисэхий аюулгүй байдал алдарсан, албан тушаалтнууд нь гэмт хэрэгт холбогдох зэргээр мэргэжлийн чадамжгүй болж салбар дампуурсан гэж болно. Уг нь 2006-2012 онд Иргэний нисэхйн салбарыг удирдаж байсан доктор С.Батмөнхийн үед асар их ахиц дэвшил гарч эрчимтэй хөгжлийн зам дээрээ гаргахад түүний мэргэжлийн удирдлагын чадал чансаа шийдвэрлэх нөлөө үзүүлсэн гэдгийг дурдах ёстой. Харамсалтай нь улс төр Иргэний нисэхийн мэргэжлийн салбарыг мөрөөр нь хөгжүүлэхгүй маш их саад болж байна. Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК–ийг үе үеийн улстөрчид маш их үймүүлдэг. Чадварлаг мэргэжлийн удирдлага гаргаж ирэхгүй танил талын карманы, мэргэжлийн бус зальтай хүмүүсийг тус компанийн удирдлагад тавьж үйл ажиллагаа, аюулгүй байдлыг нь алдагдуулдаг. Мэргэжлийн бус хүмүүс удирдлагад нь ирэхээрээ чадварлаг боловсон хүчнүүдийг нь халж сольж, хавчин гадуурхаж ажил унагана, аюулгүй байдлыг нь алдагдуулж дураар авирлах нь цадигаа алдсан. Одоо үүнийг болиулах хэрэгтэй. Туршлагатай, мэдлэгтэй, сэтгэл зүтгэлтэй, мэргэжлийн удирдлагыг шилж сонгон шалгаруулж компанийг удирдуулах шаардлагатай. Энэ бүх бэрхшээл, тулгамдсан асуудлууд шинээр томилогдсон С.Бямбацогт сайдын өмнө тулгарч байна.
-Хуучин цагт орон нутгийн агаарын тээвэр сүрхий явж байсан. Тэрийгээ сэргээх боломж байна уу?
-1960-1990 онд манай ахмад үеийнхэн агаарын тээврийг гайхалтай хөгжүүлж ард түмэндээ үйлчилж, улс орноо хөгжил дэвшилд хүргэсэн бахдам амжилт гаргасан. Тэр цагт нийслэл хотод 500 мянган хүн амьдарч орон нутагт 1.5 сая иргэн оршин сууж байсан. Улсын нийслэлээс Сэлэнгэ, Дорноговиос бусад 16 аймаг руу хот хоорондын зорчигч тээврийн тогтмол нислэг өдөр бүр үйлддэг байв. Тухайн үед зорчигч тээврийн 75 хувь нь агаарын тээврээр явдаг байсан. Мөн Сэлэнгээс бусад 17 аймгийн 300 орчим сумдыг аймгийн төвтэй нь холбосон шуудан тээврийг тогтмол нислэг долоо хоногт хоёр удаа үйлдэж 1989 он гэхэд агаарын тээврээр 800 мянган хүн тээвэрлэсэн үзүүлэлт байдаг. МИАТ жилд 22 мянган цагийн нислэг үйлддэг байсан. Үүний зэрэгцээ ой хээрийн түймэр, хадлан бэлчээрийн талбай, ойн сан, газар тариалангийн ургацыг элдэв хөнөөл сүйтгэлээс хамгаалахад нисэх онгоцыг өргөнөөр ашиглаж байсан юм. Дээрх ажил үйлчилгээг одоо цагт сэргээх бүрэн боломж байна. Энэ бол цоо шинэ зүйл биш, өмнө нь манай ахмад үеийнхний амжилттай хийж байсан ажил үйлчилгээг өнөө үед сэргээн хийх боломж нөхцөл байсаар байгаа. Орчин үед орон нутгийн авто зам сайжирсан, авто хөсөг олон болсон хэдий ч иргэд тав тухтай, түргэн шуурхай, цаг хугацаа хэмнэсэн агаарын тээврийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна. Одоо нийслэл хотод 1.7 сая, хөдөө орон нутагт 1.5 сая иргэн амьдарч байна. Хот хооронд агаарын тээврээр зорчих эрэлт хэрэгцээ байна гэсэн үг. Төрийн үйлчилгээ хямд, хүртээмжтэй байх ёстой. Орон нутгийн нислэгт тохирох агаарын хөлгийг сонгож оновчой парк ашиглалт бий болгох, нислэгийн чиглэлийг нэмэгдүүлж, давтамжийг нь ихэсгэх, зорчигчийн тийзийн үнэ тарифыг хямдруулах ядаж авто тээврийн тарифтай ойролцоо жишгээр тогтоох шаардлагатай. Ингэж чадвал иргэд цаг хугацааны үнэ цэнийг эдэлнэ. Орон нутгийн авто зам дээр гардаг осол эндэгдэл эрс буурна. Хот хөдөөгийн ялгааг арилгахад дөхөм болоод зогсохгүй, нийслэл хотын төвлөрлийг бууруулахад нөлөөлнө, хөдөөд хөгжил дэвшил хийгдэж аялал жуулчлалын хөгжилд бодитой дэмжлэг болно доо.
-Сүүлийн үед агаарын тээврийн салбар дахь дэлхий нийтийн чиг хандлага ямар болж байна вэ?
-Дэлхийн агаарын тээврийн чиг хандлагыг олон улсын иргэний нисэхийн байгууллагуудаас тодорхойлж чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, аюулгүй байдлыг хангах бодлогыг баримталдаг. Ковидоос болж олон улсын агаарын тээврийн үйл ажиллагаа уналтад орсон. Үргэлжлээд Орос, Украины дайн нөлөөлөөд эхэлсэн нь агаарын тээврийн чиг хандлагыг тодорхойлоход хэцүү болсон. Дэлхий нийт 2025 он гэхэд 2018 оны агаарын тээврийн хүрсэн түвшиндээ очно гэсэн төлөв яригдаж байгаа. Короно бас их юм сургаж заавал биеэр очиж оролцож хийдэг ажлуудыг зайнаас хийдэг болгосон. Жишээлбэл, олон улсын хурал, семинар, сургалтууд зайнаас явагддаг болсноор агаарын тээврийн зорчигч урсгалд нөлөөлж байна. Ер нь дэлхийн агаарын тээврийн өсөлт жилд 4-6 хувь байдаг. Эрчимтэй өсөлт нь долоон хувь. Хамгийн эрчимтэй өсөлт Хятад болон Арабын орнуудад 10 хувь байдаг. Агаарын тээврийн өсөлт нь тухайн улсынхаа эдийн засгийн өсөлттэй ойролцоо байна. Зорчигч, аялал жуулчлалын талаар тавьж байсан зорилт тодорхойгүй л дээ. Зорчигч тээврийн дуунаас хурдан агаарын хөлөг бүтээх, ашиглах тухай их ярьдаг болсон. Мөн хэд хэдэн улсад нисгэгчгүй агаарын хөлөг, агаарын такси хийгдэж туршигдаад эхэлсэн. Дэлхийн улсуудад түгээмэл ашиглагддаг ерөнхий зориулалтын нисэхийн ололт амжилтыг манай улс авч ашиглаж дотооддоо хөгжүүлэх цаг болсон.
-Шинэ нисэх буудалтай болсон. Гэвч талбайн хувьд Буянт-Ухаагаас дээрдэх юмгүй. Өргөтгөх боломжтой юм уу?
-Шинэ нисэх буудлыг түшиглэн тээвэр ложистикийн төв байгуулна гэж байгаа. Төмөр зам, олон улсын хурдны автозам үүгээр дайрч өнгөрнө. Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын шинэ нисэх буудлын гол үзүүлэлт нь агаарын хөлгийн буулт суултын хоёр талын оролттой байгаад юм. Цаашид өргөтгөх боломжтой. Перрон талбайн хувьд одоогийн Буянт-Ухаа нисэх буудлаас томгүй 107.000 мет.кв байдаг. Шинэ нисэх буудлыг эхэндээ өөдрөгөөр харж байсан. Гэтэл 10 жилийн өмнө 247 сая ам.долларын зээлээр хийхээр зураг төсөв нь гарч байсан. Гэтэл тооцоолшгүй ихээр төсөв нь өсч 750 сая ам.доллар болж хугацаа нь таван жилээр хэтэрч ашиглалтад орсон. Миний харж байгаагаар ерөнхий зориулалтын нисэх болон орон нутгийн нислэгийг хуучин Буянт-Ухаа нисэх буудалдаа буцаан үйлдүүлэх нь оновчтой гэж хардаг.
-Агаарын тээврйн либералчлалын асуудал байнга яригддаг. Төрөөс ямар зохицуулалт хийвэл биеллээ олох бол?
-Либералчлал гэдэг нээлттэй, чөлөөтэй, мөн уян хатан байх бодлого. Одоо ч нээлттэй байгаа. Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангуулах нь чухал. Үндэсний агаарын тээвэрлэгчийг янз бүрийн байдлаар боомилсон, эрх ашгийг нь хохироосон байж болохгүй. Аль ч улсын төрийн гадаад бодлогод үндэснийхээ агаарын тээвэрлэгчийнхээ эрх ашгийг хатуу хамгаалж байдаг. Гэтэл манайд юм л бол МИАТ рүү дайрч давшилж, МИАТ л болохгүй, бүтэхгүй, МИАТ л үнэтэй гээд давшлаад байдаг. Гэтэл Монгол руу нислэг үйлдэж байгаа энэ олон компаниудаас ганцхан МИАТ л олон төрлийн тийзийн хөнгөлөлт үзүүлдэг. Тухайлбал өндөр настны, эмчилгээнд явж байгаа өвчтөнд, оюутны, гэр бүлийн, салбарын ажилчдад, мөн тэмцээн уралдаанд оролцох тамирчид, урлагийнханд үзүүлдэг биз дээ.
Үнэндээ МИАТ-ийн удирдлагад буруу томилгоогоор санамсаргүй гарч ирсэн хүмүүс л ажлаа хийж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртүүлээд байдаг. Тийм удирдлагууд компанийнхаа эрх ашгийг нь хохироогоод байхад хамгаалах арга хэмжээ авч чадахгүй мэрүүлээд байдаг. Монгол Улсад өнөөгийн нөхцөлд олон улс, орон нутагт зорчигч тээврийн үйлчилгээг нэг л том компани хийх нь оновчтой үр дүнтэй байх болов уу.