Categories
мэдээ цаг-үе

Улсын хэмжээнд 71.8 сая толгой мал өвөлжинө DNN.mn

Бага хайрханы отрын бүс нутагт 128.9 мянган толгой мал өвөлжинө

ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд 2022-2023 оны өвөл, хавар 19.3 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 71.8 сая толгой мал өвөлжих урьдчилсан мэдээ гаргажээ.

Өнгөрсөн оны эцсийн мал тооллогоор 67.3 сая толгой мал тоолж, энэ оны хавар 24 сая толгой төл бойжуулснаар одоогоор Монголын нутаг дэвсгэрт 90 сая орчим толгой мал бэлчээрлэж байна.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун Улсын онцгой комиссын хуралдааны үеэр өвлийн бэлтгэлийн талаар мэдээлэхдээ, “Хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл дуусаагүй, өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад ажиллаж байгаа. Үхрийн мах 8 мянга, дулааны аргаар боловсруулсан үхрийн мах 5 мянган тонн, адуу хонь ямаа, түүхий болон дулааны аргаар боловсруулсан махыг бодлогын хүрээнд хязгаарлалтгүй экспортлохоор болсон. Одоогоор Баян-Өлгий, Увс, Ховд аймгаас Казахстан, Иран улс руу адууны мах экспортолж байна. Энэ онд зуншлага муу байсан тул аймаг дундын отрын 9 бүсэд бэлчээрийн даацад нь тохируулж 834 мянган мал оруулна. Түүнчлэн, 42 мянган техникээр 9 аймагт 332 аж ахуйн нэгж 539 мянган га талбайгаас хадлан бэлтгэсэн. Малчдын өвс тэжээлийн бэлтгэл 77 хувьтай байна” гэсэн юм.

Хот суурин газрын хүн амын хаврын махны хэрэгцэээнд зориулан нөөцийн мах бэлтгэн нийлүүлэх аж ахуйн нэгжүүдэд 130 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг 1 жилийн хугацаатай олгохоор шийдсэн. Аймгуудын мэдээгээр 2.5 мянган тонн мах нөөцлөхөд зориулж 898 сая төгрөг төсөвлөжээ.

Түүнээс гадна улсын хэмжээнд энэ сарын 26-ны байдлаар 291 мянган га талбайгаас 353.4 мянган тн үр тариа, үүнээс 271 мянган га-гаас 334 мянган тн улаанбуудай, 19.3 мянган га-гаас 206 мянган тн төмс, 11 мянган га талбайгаас 120 мянган тн хүнсний ногоо, 37.2 мянган га-гаас 92.7 мянган тн тэжээлийн ургамал, 77.2 мянган га-гаас 32.4 мянган тн тосны ургамал хураан аваад байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *