Categories
мэдээ нийгэм

Мал аж ахуйн салбарт 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялгийг бүтээжээ DNN.mn

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийхээ чанарыг сайжруулж дэлхийд өрсөлдье

“Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, манай улсын үндэсний баялгийн нэг мал аж ахуй хөгжлийн суурь болж буй эдийн засгийн хоёр дахь том салбар юм гэдгийг онцоллоо.

Мөн 2021 оны байдлаар манай улсын малчин иргэдийн тоо 305 мянга болж, энэ нь хөдөлмөр эрхлэх боломжтой нийт иргэдийн 15 орчим хувийг бүрдүүлж байна. Нийт малын тоо 1990 онд 26 сая байсан бол 2021 оны байдлаар 67.3 сая болж, сүүлийн 31 жилийн дотор 41 сая буюу 2.6 хувиар өссөнийг тодотголоо.

Мал аж ахуйн салбар нь манай улсын нийт эдийн засгийн 15 хувийг эзэлж, албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж буй 5 хүн тутмын нэг нь мал аж ахуйн салбарт ажиллаж, өнгөрсөн оны байдлаар 7.2 их наяд төгрөгөөр хэмжигдэх баялгийг бүтээж байна.

Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, геостратегийн хурцадмал байдлаас шалтгаалсан, хүнс, эрчим хүчний үнийн өсөлт болон дотоодын хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал тавигдаж буй өнөөгийн нөхцөлд манай улс хүнс, ХАА-н салбараа эрс эрчимжүүлж, мал аж ахуйн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлж, шинэ шатанд гаргаж цогц шинэчлэл хийх зайлшгүй шаардлага зүй ёсоор урган гарч байгаа юм. Энэ хүрээнд “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.

Чуулганаар нийт бэлчээрийн 65 хувь нь доройтсон, газар нутгийн 77 хувь нь цөлжсөн, хөдөө орон нутгаас хот, суурин руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг мал аж ахуйн салбар, малчдын өмнө тулгарч буй олон сорилт, бэрхшээлийг хэлэлцэн ярилцаж байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХХААХҮЯ хамтран зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Мал аж ахуй” үндэсний чуулганд малчид, фермерүүд, үйлдвэрлэгчид, малын эмч, мал зүйч нар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл, зочид төлөөлөгч нар оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *