Улсын хэмжээнд сүүлийн 5 жилд зам тээврийн ослоор 196 хүүхэд амиа алдаж, 4956 хүүхэд гэмтэж бэртжээ.
НЗДТГ, НБГ, НЦУГ, ТЦА, ННТГ хамтран “Шар дарцаг” аяныг энэ сарын 17-ноос 11 дүгээр сарын 17-нд зохион байгуулж байна. Гэрлэн дохиогүй гарцны хажууд байрлуулсан шар дарцгийг зам гарах хүн аваад, жолоочид дохио өгч, гарцаар гарсны дараа дарцгаа зориулалтын саванд буцааж хийх юм. Аян нь хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа дарцаг өргөх дадал хэвшүүлэх, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэж байна. НЗДТГ өнгөрсөн оноос “Шар дарцаг” аяныг санаачлан, ЕБС, цэцэрлэг идэвхтэй оролцжээ.
ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир ярихдаа, “Энэ оны эхний 9 сард зам тээврийн ослын улмаас 604 хүүхэд бэртэж, 57 хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэл бий. Тэдгээрийн 51 нь орон нутагт, 6 нь нийслэлд юм. Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 насны хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтай хөдөлгөөнд оролцохыг заасан байдаг. Шар дарцгийг өргөж гарснаар жолооч нарт 150-200 метрийн зайнаас харагдаж, сургууль орчимд хүүхэд авто осолд өртөх тохиолдол багассан. 2019 оны хичээл эхэлсэн үеийг 2021 оны мөн үеийнхтэй харьцуулахад сургууль орчимд явган хүний гарц орчимд гарсан осол 32.5 хувиар багассан. Мөн эцэг эхийн эргүүл буюу “School Police” ажилласнаар осолд өртөх тохиолдол 45-50 хувиар буурсан” хэмээлээ.