Categories
мэдээ нийгэм

Б.БАТБОЛД: Засгийн газраас өөр найдах цэг үлдсэнгүй DNN.mn

“Сауд Гэйт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Батболдтой ярилцлаа.


-Өнгөрсөн хавраас эхлээд танай компани хэд хэдэн удаа ХБХ хийж, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийт, нийгэм, бас эрх баригчдад хандаж байсан. Үр дүнд хүрэв үү?

-Өнөөдрийг болтол тодорхой үр дүнд хүрсэнгүй. Гэхдээ өчигдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэр, түүнтэй холбоотой Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хэлсэн үгэнд багахан боловч итгэл найдвар төрөөд сууж байна. Тэр хэлэхдээ: Гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн, 2012 оноос 2022 оны хооронд гадаадын хөрөнгө оруулалттай ААН-үүд хэрхэн хохирсон асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллана гэсэн. Гэхдээ зөвхөн болоод өнгөрсөн хэрэгт бус бас өнөөдөр ч хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдэхээр завдаж буй бусармаг хэргүүдэд анхаарал хандуулаасай гэж хүсэж байна. Тийм хэргийн золиос нь манай компани болчихоод байгаа учраас энэ ярилцлагыг өгөөд сууж байна. Манай Сауд Гэйт компани Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нурмаг ачааны гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл бидэнтэй анх өөрсдөө санаачилж, урьж даллан гэрээ байгуулсан УБТЗ хууль журам, гэрээ дүрмээ зөрчиж хэтэрхий эрээ цээргүй аашилж буй учраас бидэнд шударга бус зүйлийн эсрэг тэмцэхээс өөр арга үлдээгүй. Учир нь бидний ард олон монгол ажилтан албан хаагч, тэдний ар гэрийнхэний, бас бидэнд итгэж найдан хамтарсан хөрөнгө оруулагчийн маань эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Мөн үүнээс үүдэн Монгол Улс сар бүр 10 сая ам.долларын нүүрс экспортлох боломжоо алдаж байна. Учир нь Монгол Улсын 10 гаруй компани, ААН манай терминалаар дамжуулан нүүрс экспортлох үйл ажиллагаа явуулдаг. Үүсээд буй нөхцөл байдлаас үүдэн тэд сар бүр 10 сая ам.долларын нүүрс тээвэрлэж, борлуулалт хийх боломжоо алдаж, алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ зөвхөн манай компанийн асуудал биш байгаа биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн 12 жилд алдагдсан боломжийн талаар их ярьж байгаа. Тэгвэл зарим эрх мэдэлтэн, албан тушаалтны амин хувийн явцуу ашиг сонирхлоос болоод хөрөнгө оруулагчид хөрөнгөө дээрэмдүүлж, Монгол Улс валют олох боломжоо, экспортоо нэмэгдүүлэх боломжоо, монгол хүнээ ажилтай орлоготой байлгах боломжоо алдсаар байгаа нь харамсалтай.

-Өчигдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалахасуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонссон байсан. Энэ үеэр хөрөнгө оруулагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зохицуулалт хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан байна билээ.

-Яг л наад асуудал чинь манай компанийг нэрвэсэн. Уг нь одоогоос дөрвөн жилийн өмнө УБТЗ өөрийн ашиглахгүй байгаа талбайдаа хөрөнгө оруулалт хийгээч гэсэн хүсэлтийг манай Сауд Гэйт компанид анх өөрсдөө тавьсан. Бид ч энэ дагуу нь 2018 оны зургадугаар сарын 15-нд түрээсийн гэрээ байгуулж хөрөнгө оруулалтаа хийсэн юм. Анх гэрээ хийхдээ 10 жилийн хугацаатай байгуулна,замын даргын эрх мэдлийн хүрээнд гурван жил тутам энэ гэрээгээ баталгаажуулж сунгаад явах тул ямар ч асуудалгүй гэсэн тайлбар хийж, бид ч итгэсэн. Бүхэл бүтэн 700 гаруй компани, ААН, иргэдтэй гэрээ байгуулж хамтарч ажилладаг гэх Монгол Оросын хувь нийлүүлсэн том нийгэмлэг ийм санал тавихад итгэхгүй хэн байх билээ. Итгэсэн. Зүтгэсэн. Хөрөнгө оруулалтаа ч хийсэн. Эхний ээлжинд шууд 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Гэтэл 2019 оны 9 дүгээр сараас дэлхий нийтийг хамарсан гайтай цар тахал дэгдэж хоёр жилийн хугацаанд авто тээвэр нам хаагдав. Үүнээс болж манай нурмаг ачааны терминал хүнд байдалд орсон нь үнэн. Гэхдээ энэ хугацаанд элдэв шалтаг тоочин гоншигноогүй, гэрээ л бол гэрээ гээд түрээсийн төлбөрөө цаг хугацаанд нь төлсөөр л байсан.Хэдэн ажилчдынхаа цалин хөлсийг ч таслалгүй олгосоор ирсэн. Гэтэл сая үндэслэлгүйгээр үнээ хэдэн мянган хувь нэмэх байдлаар гэрээгээ цуцалж, оруулсан хөрөнгө оруулалтыг тонон дээрэмдэх болохоороо ямар инээдтэй тайлбар хэлсэн гээч. Хил хаалттай, авто тээвэр нам гацсан үед бид терминалаа цааш нь өөр бусдад дамлан түрээслүүлж байсан юм байх. Ингэх нь угаасаа гэрээгээр тас хориотой, тэгээд ч бүх юм хаалттай байхад үйл ажиллагаа, орлого нь хасах заалттай талбай биднээс давхар түрээслэх тийм тэнэг олдох уу. Энэ бол увайгүй үйлдлээ цайруулах гэсэн арга ядсан гүтгэлэг.

-Тэгээд энэ гүтгэлгээ УБТЗ-ынхан юу гэж тайлбарлах вэ. Тэд шууд л дайрч давшлаад орчихоогүй биз дээ.

-Дайрахаар барах уу. Хил боомт нээгдэж, эдийн засагт жаахан үүр цайх гэнгүүт тэд бидний бизнес рүү өнгөлзөж эхэлсэн. Гэнэт л нэг өдөр УБТЗ тарифын үнэлгээнд өөрчлөлт орсон гэх нэрийдлээр талбайн түрээсийн үнээ 14.000 хувиар нэмэгдүүлсэн шийдвэр ирүүлсэн.

-Арван дөрвөн мянган хувь аа. Арай ч үгүй байлгүй дээ. Та тоондоо орон андуураагүй биз.

-Яалаа гэж. Би танд яг бодит байдлыг, үнээ ингэж нэмэгдүүлж хөрөнгө оруулагчаа хөөж гаргах, эсхүл шууд дампуурах зэрлэг балмад сонголтыг тулгаж буй дээрмийн тухай бодит байдлыг ярьж байна. Үйл ажиллагаа нь жигдрээгүй, ашиг орлого олох бүү хэл алдагдлаа яая гэж байсан компани одоо л нэг хөл дээрээ зогсох нь уу гэтэл ийм шийдвэр гарсан нь ёстой л сүхээр цохиулсан мэт болгож байгаа юм чинь. Уг нь бид чинь эрх зүйт нийгэмд амьдарч байгаа биз. Ямар ч гэрээг аль нэг тал нь дур мэдэн өөрчилдөг ёс хаана ч байхгүй.Гэрээнд заасны дагуу 2 тал харилцан тохиролцож үнийн дүнд өөрчлөлт оруулах ёстой байтал ингэж өөрсдөө урьж даллаж байгуулсан гэрээгээ дур мэдэн өөрчилж, тэнгэрт тулсан түрээсийн үнэ нэхэх нь ямар ч утга учиргүй байгаа биз дээ.Гэхдээ түрээсийн төлбөрөө ингэж нэмэгдүүлнэ гэдэг анхнаасаа ердөө л заль мэх байж. Эд нар ийм өндөр түрээсийг угаасаа төлж чадахгүй зайлна. Тэгэхээр гэрээ цуцлагдана. Ард нь бид нэгэнт бэлэн болсон бизнес дээр тарвалзана гэсэн УБТЗ-ын нэр барьсан хэдхэн хүний л эрх ашиг цаанаас нь цухалзаад байгаа юм. Чи бод доо. Чи нэг хүнээс 1 сая төгрөгөөр байр түрээслээд, өнөөхийгөө хөрөнгө гарган хөөрхөн засаж янзлан тохижуулаад амьдарч байж гээд.Гэтэл яг дүн өвлөөр нөгөөх чинь түрээсийн үнээ шууд 14 мянган хувь нэмэгдүүлж сарын чинь түрээс 14 сая боллоо, төлж чадахгүй бол зайлаарай, гэхдээ энэ тохижуулсан авсан эд юмсын чинь төлбөрийг би төлөхгүй, эндээ үлдэнэ гэсэнтэй л агаар нэг юм болсон байхгүй юу. Тэгэхээр үүнийг дээрэм гэхгүй ер нь юу гэх юм бэ.

-Арай арай.Нэмлээ нэмлээ гэхэд 14 мянган хувиар нэмнэ гэдэг санаанд ер багтахгүй байна. Зүгээр л гэрээний төлбөрөө нэмэгдүүлж байна гэх нэрийдлээр та бүхнийг шуудхан хөөж зайлуулах арга байсан юм биш үү?

-Хулгай нь илрээд хуудуу нь цухуйгаад ирэхээр одоо тэд Замын-Үүд дэх шилжүүлэн ачих ангийн талбайг бусад иргэн, аж ахуйн нэгжүүдэд нээлттэй ашиглуулах боломж буй болгоно гэсэн сайхан үг ярих болсон. Ойлгомжтой. Төрийн нэр барьсан ийм зүйлийн ард ямар хулгай явагддагийг та бүхэн мэднэ. Тэр бусад иргэн, аж ахуйн нэгжүүд гэдгийнх нь ард өөрсдийнх нь хань хамсаатан, гар хөл, танил тал л хамаарахаас хэзээ байтлаа шударга бизнес эрхлэгчид, жирийн иргэдэд эд нар боломж олгож байлаа даа. Магадгүй эхний нэг сар, за хоёр сар тэгж тэсэж мэднэ. Тэгээд бүх зүйл илааршаад, мартагдаад ирэхээр бохир гараа дүрнэ. Ийм нөхөд төрийн, төмөр замын нэр бариад хөрөнгө оруулагчдыг хяхан хавчиж байхад эдийн засаг өндийтлөө удна. Би түрүүн хэлсэн. УБТЗ-тай хийж буй энэ хэрүүл маргаанаас болж өнөөдөр Монгол Улс сар бүр 10 сая ам.долларын нүүрсний экспорт хийх боломжоо алдаж байна гэж. Жилээр бодвол 120 сая ам доллар. Энэ магадгүй УБТЗ-ынханд бага мөнгө байж магадгүй. Гэхдээ долларын ханш тэнгэрт тулсан энэ цаг үед Монгол Улсад маань бол хэрэгтэй л мөнгө байх. Манай терминалыг ашиглаж экспортын нүүрс тээвэр хийж байсан, хийхээр төлөвлөсөн 10 гаруй ААН-ийн хувьд том эрсдэл. Асуудлыг эрүүл ухаанаар шийдэж чадахгүй, тэгэхийг хүсэхгүй байгаа бол цаашдаа энэ маргаан шүүхээр явна. Гурван шатны шүүхээр явахад ямар их цаг хугацаа алдахыг та бид таашгүй. Энэ бүхний үр дүнд дахиад л Монгол Улсын, хөрөнгө оруулагч бидний “алдагдсан боломж” яригдана. Харин авах идэх боломжоо бүтээж чадахгүй байгаа шуналтнуудын хувьд ямар юмных нь алдагдсан боломж байх вэ дээ. Тэд гацааж, нурааж, гайтуулж байвал бах нь ханадаг улс.

-Та бүхэн тэгээд ийм улайм цайм хэргийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нарт хандаагүй юм уу?

-Байдал нэгэнт иймдээ хүрсэн тул одоо хандахаас өөр арга үлдсэнгүй. Х.Нямбаатар сайд хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хохироосон, зөрчсөн, тонон дээрэмдсэн үйл ажиллагаатай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн. С.Бямбацогт сайдын хувьд ч гэсэн салбарт нь хамаардаг харьяа байгууллага болох УБТЗ-д бугшсан олон асуудалтай зоригтой тэмцэж байгааг хараад найдвар төрсөн. Ямар ч байсан вагон тавиулах гэж хагас тэрбумаар нь авлига авдаг, ачаагаа авах гэж хагас жилээр хүлээж цөхөрдөг бугшсан асуудлуудыг цэгцэлсэн болохоор бидний энэ асуудлыг ч нааштай шийдвэрлэж чадна гэдэгт найдаж байгаа. Тийм болохоор энэ асуудлыг өөр нүдээр харж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн талд зогсоно гэдэгт найдаж байна. Үгүй бол бидэнд УБТЗ-ын үүдэнд өлсгөлөн суулт зарлахаас өөр арга үлдсэнгүй. Угаасаа УБТЗ-ын буруугаас болж ажилгүй, цалингүй болж буй ажилчид маань гэртээ элгээ эвхэн зэлмэгхэн амьдарснаас амьдрал, гэр бүлийнхээ төлөө тэмцэж өлссөн нь дээр байна гэсэн санал тавиад л байгаа. Буруугүй буруутан болж босгож бүтээснээ булаалгахдаа тулсан бидэнд өөр зам алга. УБТЗ Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг. Гэхдээ Монголын нутаг дэвсгэр дээр, Монголын хуульд захирагдаж үйл ажиллагаа явуулдаг баймаар. Одоо бидэнд хөрөнгө оруулагчдаа, хувийн хэвшлээ хамгаална гэж ярьж мэдээлсээр буй Засгийн газраас өөр найдах цэг үлдсэнгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *