Categories
мэдээ нийгэм

Б.Оюунчимэг: АНУ-аас худалдааны татваргүйгээр бараа авах боломж “Cargomall.mn”-ийн үйлчлүүлэгчдэд нээгдэж байна DNN.mn

АНУ дахь монгол бизнесмэнүүдийн төлөөлөл, “Cargomall.mn”-ийн үүсгэн байгуулагч Б.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Дэлхий дахины онлайн худалдаа, хүргэлт, карго болон бусад үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын тухайд онцохгүй юу?

-Өнөөдөр дэлхий даяар интернэт худалдаа хийдэг сайтын тоо 26 саяд хүрчээ. Ковид гарсан сүүлийн хоёр жилд интернэтээр худалдан авалт хоёр дахин өсч, дагаад хүргэлтийн үйлчилгээний эрэлт ихэссэн. Эдгээр онлайн дэлгүүрийн бараг тал хувь нь буюу 10 сая нь АНУ-д төвтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Ер нь хүмүүс дэлгүүр явахаа байж, байгаа газраасаа дэлгүүр ордог болсон. Онлайн худалдан авалт хийх нь өргөн сонголттой бараа бүтээгдэхүүнийг анхны үнээр буюу дэлгүүр, лангууны түрээс, борлуулагч гэх мэт дундын этгээдийн ашиг, өртөг шингээгүй үнээр худалдан авах боломжийг олгодог давуу талтай.

-Танай компанийн хувьд Америк Монголыг холбосон найдвартай хүргэлтийн үйлчилгээг бий болгохыг зорьж байгаа?

-Найдвартай гэж онцолсонд баярлалаа. Энэ нь онлайн худалдан авалтад маш чухал хүчин зүйл. Сүүлийн жилүүдэд Монголын хэрэглэгчид Америк дахь онлайн дэлгүүрүүдээс худалдан авалт хийх нь эрс нэмэгдсэн. Монгол иргэд ихээр суурьшсан Чикаго, Лос Анжелес, Вашингтон ДС хотуудад байршилтай агаарын шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын агуулахын хаягаар хүргүүлэн, улмаар агаарын шуудан илгээмжээр эх орондоо хүргүүлэн авч байна. Гэвч эдгээр хотуудад бараа хүргүүлэн авах тохиолдолд үндсэн үнэ дээр 6-10.30 хувь худалдааны татвар нэмж төлдөг. Үүнийг худалдан авагчид тэр бүр мэддэггүй. Тэгвэл энэ татварыг төлөхгүй байх боломж манай каргомоллын үйлчлүүлэгчдэд нээгдэж байна.

-Худалдааны татвар гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-АНУ-ын мужууд өөрийн онцлогт тохирсон засаг захиргааны хууль баталж мөрдүүлдэг. Харин бараа бүтээгдэхүүн үйлчилгээ авах үед тухайн оршин суугаа муж, каунти болон хотын худалдааны татварын хуулиас хамаарч 10.30 хувь хүртэлх татварыг үндсэн үнийн дүн дээр нэмж төлдөг. Тэгэхээр бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээ үзүүлэгч нь борлуулалт хийх үедээ худалдааны татварыг цуглуулж мужийн орлогод төвлөрүүлэх үүрэг хүлээдэг гэсэн үг. Харин Орегон, Нью Хампшир, Монтана Делавэйр болон Аляск мужууд худалдааны татваргүй.

-Танай карго үйлчилгээний компани дээрх татваргүй бүсэд байрлаж байна гэсэн үг үү?

-Тийм. Жишээ нь, саяхан нээлтээ хийсэн “Iphone 14 promax”-ын 128GB багтаамжтай нь 1099 долларын үнэтэй. Хэрэв энэ утсыг Чикаго хот орчимд байрлалтай шуудан илгээмжийн газарт хүргүүлэн авахад $113 худалдааны татвар нэмж төлнө. Нийт $1212 болно. Гэтэл яг энэ захиалгыг Портлэнд хотод байрлалтай манай “Карго Молл”-ын агуулах руу илгээхэд ямар ч худалдааны татвар төлөхгүй үндсэн үнээр худалдан авах боломжтой. Таны 113 долларыг хэмнэж өгч байна гэсэн үг. Ер нь бид монгол хэрэглэгчиддээ мужуудын ногдуулсан худалдааны татварыг төлөхгүйгээр хүргэж өгч байна гэсэн үг. Том боломж, том хэмнэлт юм.

-Захиалагчдад тулгардаг элдэв хүндрэлүүдийг танайх шийдвэрлэх үү?

-Худалдан авсан бараа эзнийхээ гарт очих хүртэл бүх хариуцлагыг карго үйлчилгээ үзүүлэгч бүрэн хариуцах ёстой. Манай компани асуудлуудыг шийдэж чадсан. Манайх өөрсдийн платформ болон агуулахаараа дамжуулан хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалах, баглаа боодол шинэчилж нэгтгэх, чанарын шалгалт хийж Монгол Улс руу агаараар тээвэрлэн хэрэглэгчийн гарт хүргэх үйлчилгээ бүхий технологид суурилсан тээвэр ложистикийн компани юм. Мөн манай агуулах иж бүрэн даатгалд хамрагдсан.

-Тухайн бараа эзэндээ очих бүх л замыг хэрэглэгч өөрөө хянах нь ээ?

-Хэрэглэгч “Ebay”-с 600 доллараар худалдан авалт хийлээ гэж бодъё. Борлуулагч нь хүргэлтийн төлбөрөө хариуцах нөхцөлтэй гэж үзье. Эхлээд хэрэглэгч тухайн барааг сагсанд хийж “Cargo Mall”-н хаягт хүлээн авахаар захиалгаа баталгаажуулна. Үүний дараа борлуулагч тухайн барааг манай агуулах руу илгээснээр “tracking num­ber” буюу бараанд оноогдсон дугаарыг хэрэглэгч хүлээн авна. Энэхүү дугаараа “car­gomall.mn”-д бүртгүүлж нэр, тоо ширхэг үнийн дүн болон хүлээн авагчийн мэдээлэл оруулснаар манай системд илгээмж үүснэ. Бараа манай агуулахад ирэх үед жин, тээврийн үнийн мэдэгдэл хэрэглэгч рүү илгээнэ. Ингээд хэрэглэгч тээврийн төлбөрөө төлснөөр тухайн илгээмж Монгол Улс руу тээвэрлэгдэнэ. Одоогийн байдлаар бараа бүтээгдэхүүн дунджаар 10-14 хоногийн дараа хэрэглэгчийн гарт хүрдэг. Ойрын ирээдүйд илгээмжийг долоо хоногийн дотор хэрэглэгчдэд хүргэх боломж нээгдэнэ гэж харж байна.

-Танайх хэрэглэгчийн сонгосон барааг хэрэглэгчийн өмнөөс захиалж өгдөг үү. Хэрэглэгч заавал өөрөө худалдан авалт хийгээд танайх зөвхөн шуудан илгээмжийн үйлчилгээ үзүүлдэг гэсэн үг үү?

-Бид хэрэглэгчийн худалдан авалттай холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцдоггүй. Хэрэглэгч өөрөө онлайн дэлгүүрээс бараагаа сонгоод захиалга хийнэ. Өмнө хэлсэнчлэн манай агуулахын хаягт хүлээн авахаар баталгаажуулна гэсэн үг. Улмаар тухайн илгээмжийн мэдээллийг манай нэгдсэн системд бүртгүүлснээр ийм тракинг дугаар бүхий ийм үнэтэй, эдгээр нэр төрлийн бараа танайд очно шүү, хүлээж аваад ийм нэр дээр Монгол руу илгээж өгөөрэй” гэж хүсэлт өгч байна гэсэн үг юм. Тэгэхээр хэрэглэгч бараа худалдан авах, худалдан авсан барааг манай агуулахад ирэх үед хүлээн аваад Монгол Улс руу тээвэрлэн хүргэх хоёр нь тусдаа үйл ажиллагаа юм.

-Ийм асуулт гарч ирж байна. Ер нь хэрэглэгч ямар нэг байдлаар тухайн бараа бүтээгдэхүүнийг буцаах боломжтой юу?

-Бид яг энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шинэ, нэмэлт үйлчилгээнүүд санал болгохоор ажиллаж байна. Тухайн хэрэглэгч худалдан авсан бараандаа сэтгэл хангалуун биш бол 30 хоногийн дотор буцаалт хийх эрхийг АНУ хуулиар зохицуулсан байдаг. Бид үүнтэй холбогдуулан багахан нэмэлт төлбөртэйгөөр илгээмжийг Монгол руу илгээхээс өмнө чанарын шалгалт хийж шаардлага хангахгүй байвал барааг хэрэглэгчийн хүсэлтийн дагуу борлуулагч руу буцаах гэх мэт нэмэлт үйлчилгээ санал болгохоор ажиллаж байна. Ер нь хэрэглэгчид “Ama­zon”, “Best Buy”, “Costco” гэх мэт нэр хүнд бүхий онлайн дэлгүүрийг сонгон үйлчлүүлэх нь зүйтэй. Мөн урьдчилсан чанарын шалгалт хийж өгөх нь хэрэглэгчийн мөнгө, цагийг хэмнэсэн үйлчилгээ болно гэдэгт итгэлтэй байна. Өөр нэг эрсдэл нь хуурамч онлайн дэлгүүр ажиллуулж, хэрэглэгчийн картын мэдээллийг ашиглан зөвшөөрөгдөөгүй гүйлгээ хийх асуудал маш их гардаг. Энэ асуудлыг ч бид шийдвэрлэхээр төлбөр тооцооны шийдэл боловсруулж байна. Тун удахгүй шинэ бүтээгдэхүүний танилцуулга хийгдэнэ. Дүгнээд хэлэхэд, бид хэдийгээр хэрэглэгчийн худалдан авалтад шууд оролцдоггүй ч АНУ-ын аливаа онлайн дэлгүүрээс хуурамч бараа ирвэл яах вэ, размер буруу эсвэл эвдрэл гэмтэлтэй бол яах билээ, бүр цаашлаад миний картын мэдээлэл алдагдах вий гэх мэт айдасгүйгээр худалдан авалт хийх боломжийг олгохоор ажиллаж байна.

Г.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *