Categories
арын-нүүр булангууд мэдээ

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Философи, Шинжлэх ухаан, бас бус…” DNN.mn

“Гаруна” хэвлэлийн газраас сүүлийн үед сонирхол татахуйц, уншилгүй өнгөрч боломгүй хэд хэдэн ном гаргасны нэг нь “Философи, Шинжлэх ухаан, бас бус” нэртэй бүтээл. Энэхүү уншууртай сайн бүтээлийн гол онцлог нь философи болон шинжлэх ухааныг хоршуулсанд байгаа юм. Номын өмнөх үгэнд “Энэ номоороо дамжуулан таны ердийн ойлголт, ертөнцийг харах өнцгийг тань савлуулж, “Философийн гоё сайхан”-ыг жаахан ч атугай мэдрүүлэхсэн гэж хичээлээ” гэсэн нь ерөөсөө номын агуулгыг базаад хэлчихэж байна. Үнэндээ хүмүүс философи гэхээр л аймшигтай уйтгартай, уйтай, тархи толгой хүрэхгүй гэж эмээдэг. Гэтэл угтаа философи гэх ойлголт бидний өдөр тутмын амьдралд байнга тулгарч байдаг зүйл л дээ. Жишээ нь, ямар ч хүн ганц удаа ч гэсэн “энэ амьдрал гэж чухам юу юм бэ. Би яагаад ингээд байна вэ” гэх мэт наад захын бодолд автдаг. Үнэндээ энэ бол философи.

“Философи, Шинжлэх ухаан, бас бус” ном үндсэн таван бүлгээс бүрдэнэ. “Философилог ямар нэг юм”, “Тэгээд шинжлэх ухааны талаар”, “Квант механикийн талаар” гэх мэт. Бүхнийг эргэлзэн бодох хэн нэгэн оршин буй нь хэзээд үл хувирах туйлын үнэн бөгөөд би сэтгэж байгаа учраас би оршиж байна гэдгийн мөн утга нь ийм байх нь.

…“Хэрчим” гээч юмыг харж байсан уу. Тэгвэл “Харсан” гэх хүмүүсээс “Тийм үү. Тэгвэл яг одоо харуул л даа” гэж тулгавал тухайн хүн дор нь цаасан дээр зурж үзүүлэх байх. Тэгмэгц нь “Наадхаа сайн хар даа. Өргөнтэй байгаа биз дээ. Өргөнтэй бол хэрчим болохгүй ээ” гэвэл яах вэ. Гэтэл үнэн хэрэгтээ хэрчимд өргөн байх ёсгүй бөгөөд хэн ч хэзээ ч түүнийг харах бололцоогүй болж таарах нь. Үүнтэй адилаар бид хэзээ ч төгс гурвалжин, дөрвөлжин гэх мэт дүрсүүдийг ч харж чадахгүй.

Гэрэл гэдэг зүйл ингэхэд ер нь яг юу вэ. Бөөм үү, долгион уу. Энэ асуулт тэртээ Ньютоны үес л маргаан мэтгээний гол сэдвүүдийн нэг болж иржээ. Эрдэмтэд л болсон хойно өөр өөрсдийгөө зөвтгөнө. Үндсэндээ хоёр талдаа яг тэнцүү болчихоод “гэрэл=бөөм” гэдэг дээр тогтжээ. Тэгээд явсаар байгаад 200 гаруй жилийн дараа физикч Томас Юнг туршилтаар “Өө гэрэл бол долгион” гэж нотолсныхоо хариуд шинжлэх ухаанд гадуурхагдаж эхэлжээ. Гэсэн ч хойшдын олон эрдэмтдийн буянаар гэрэл бол долгион гэдэг нь батлагдаад маргалдах зай үлдсэнгүй. Гэтэл хожмоо Эйнштейн гарч ирээд мөнөөх баталгааг “самарч” орхиж. Мань хүн гэрлийн “Бөөм” гэж үзэх нь илт ойлгомжтой зүйл гэчихжээ. Интерференцийн туршилтаар гэрэл бол долгион мөн. Харин фотоэлектрикийн туршилтаар гэрэл бол бөөм. Гэтэл энэ байдлаас болоод оюутнууд багш нараа гэрлийн тухай асуултаар дарж, бүр зугаа хийдэг гоёхон сэдэв болсон аж. За тэгээд дараагийн маргаан мэтгээн үргэлжилж таарна. Энэ бүхэнд философи гэх зүйл заавал байгаад байгаа юм.

…Хиймэл оюунаар сэтгэл бүтээж болох уу. Энд нэг бодууштай зүйл гарч ирж байгаа нь “Бусдад сэтгэл байдгийг нягтлах арга гэж байхгүй” гэх өнцөг. “Үгүй дээ, тэр хүн сэтгэлтэй байлгүй дээ” гэсэн ч маш сайн робот байвал яах вэ. Тархийг нь нээгээд үзсэн ч энэ эргэлзээ улам нэмэгдэж ч болно. Эсвэл “Би сэтгэлтэй учраас бусад хүмүүс ч адилхан бүтэцтэй, бас сэтгэлтэй байж таарна” гэж болно. Хэдийгээр ийм бодол байвч “Энэ ертөнцөд би л ганцхан жинхэнэ “би” бөгөөд бусад нь хиймэл машин, эсвэл зүүд юм билүү” гэх эргэлзээ мөн байж болно. Тиймээс ирээдүй цагт ямар ч өндөр түвшний хиймэл оюун бүтээлээ гэсэн “сэтгэл” гэгч зүйл тэнд байхыг мэдэх аргагүй болж таарах нь. Хиймлээр сэтгэл бүтээж болох уу… Ийм асуулт тавих нь эцсийн дүндээ утгагүй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *