Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сувданзаяа: Би “Дэлхийн оюутны мисс”-ийн цахим санал хураалтыг одоогоор тэргүүлж байгаа DNN.mn


“Miss Mongolia-2022” тэмцээний “Sec­ond winner up”, бикини мисс Баянмөнхийн Сувданзаяатай ярилцлаа. Тэрбээр удахгүй болох Дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм.


-“Дэлхийн Оюутны Мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсон. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Дэлхийн оюутны мисс буюу “World Miss University-2022” тэмцээн Сөүл хотод арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Тэмцээний бэлтгэл ерөнхийдөө хангагдаж байна. Тэмцээнд оролцоход тусалж байгаа гэр бүлийнхэн, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан, “Андра” академи, “Photohub”-ийн хамт олондоо маш их баярлалаа.

-Миссийн тэмцээний өмнөх бэлтгэлийн өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоогоор Ч.Энхтуяа багшийнхаа зөвлөснөөр биеэ чангалахаар бассейнд явж, агентлаг дээрээ хэл яриа, хоолойн дасгал хийж байгаа. Өнгөрсөн зун ярианы англи хэлний сургалтаа дүүргэсэн, одоо танхимын сургалтад хамрагдахаар бэлтгэж байна.

-“Miss Mongolia-2022” тэмцээнд анхны жилээ амжилттай оролцож “Second winner up”-аар шалгарсан. Энэ удаагийн тэмцээндээ өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?

-Есдүгээр сарын 21-ний өдрөөс тэмцээний цахим санал хураалт эхэлсэн. Цахим санал хураалтаар одоогоор нэгдүгээр байранд явж байна. Энэ нь надад өөртөө итгэх итгэлийг маш их өгч байна. Цахим санал хураалт финалийн шатанд чухал нөлөөтэй.

-Цахим санал хураалтад яаж оролцох вэ?

-Цахим санал хураалт хүн бүрд нээлттэй. Гар утсандаа “Anystory” аппликэйшнийг суулгаад утасны дугаар эсвэл и-мэйл хаягаараа бүртгүүлнэ. Нэр, зургаа оруулаад баруун дээд буланд байгаа “register” хэсэгт дарж “Mongolia” гэж хайж “Vote” хэсэгт дарж санал хураалтад оролцоно.

-Оюутны миссийн тэмцээний онцлог юу вэ. Улс бүрээс нэг оюутан оролцох уу?

-Оюутны миссийн тэмцээнд дэлхийн 89 орны мисс оролцоно. Солонгос улсаас гурав, бусад улсаас нэг мисс оролцох юм. Тэмцээний 21 хоногийн турш сайн үйлсийн аян, загварын шоунд оролцох гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаатай. Мөн форум дээр илтгэл хэлэлцүүлнэ, илүү хандлага, мэдлэгээрээ өрсөлдөнө.

-“Miss Mongolia-2022” тэмцээний авьяас үзүүлбэрт элсээр зураг зурсан. Энэ удаагийн тэмцээнд авьяас үзүүлбэр бэлтгэж байгаа юу?

-Оюутны тэмцээнд авьяас үзүүлбэр байхгүй. Тэр үед нутгийнхаа онцлогийг харуулах гэж элсэн зураг зурсан. Зурагт тэмээ, гэр зэргийг зэрэглээтэж буйгаар харуулсан. Би Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн л дөө.

-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Монгол Улсын Боловсролын их сургуульд сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд суралцдаг. Дашрамд хэлэхэд, тэмцээнд оролцоод хичээлээ хойш тавих үе олон гардаг. Тэр бүрт ойлгож дэмждэг тэнхимийн багш нартаа баярлалаа.

-“Miss Mongolia” тэмцээнд амжилттай оролцоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна?

-Мисс хүнд байх чанаруудыг өөртөө суулгасан юм болов уу гэж боддог. Төлөв, хүмүүст нөлөөлж чаддаг, хүмүүс намайг хараад үлгэр дуурайл авдаг байх ёстой. Ур чадваруудыг өөртөө суулгаснаар тайзан дээр өөрийгөө зөв илэрхийлж, хүчирхэг харагдаж, инээмсэглэлээрээ хүнд аз жаргал бэлэглэж чадна.

-Хэдэн настайдаа миссийн тайзан дээр хөл тавьж байв?

-Дунд ангиасаа Өмнөговь аймагт сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш “Андра” академид суралцаж мэргэжлийн модель болсон. Мисс болоход шаардлагатай ур чадваруудыг “Андра” академиас суралцсан. Хамгийн анхны том тэмцээн маань “Miss Mongoliа-2022” байсан.

-Яагаад энэ салбарыг сонирхох болсон бэ?

-Гэрийнхэн маань намайг Монголын мисс болно гэж өхөөрддөг байсан. Түүнийг сонсож өссөн болохоор ч юм уу багаасаа загварын салбарт сонирхолтой байсан. Арваннэгдүгээр ангидаа “Андра” академийнхаа анхан, гүнзгий шатны сургалтад суусан. Оюутан болсон цагаасаа хойш “Андра” академидаа гэрээт моделиор, “Miss Mongolia-2022” тэмцээн дууссанаас хойш алхааны дадлагажигч багшаар ажиллаж байна. Мөрөөдлийн маань нэгээхэн хэсэг биелсэн. “Андра” академид орохоос өмнө Х.Бадамгэрэл багшийг шүтдэг, зургийг нь хараад “Энэ эгч шиг л болно” гэж боддог байсан. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Дунд сургуулийн “Үнсгэлжин”-ээс “Дэлхийн оюутны мисс” тэмцээн хүртэл ээж минь үргэлж тайзны ард дэмжиж байгаа.

-Таны биеийн өндөр, жинг сонирхож болох уу?

-Миний биеийн өндөр 174 см, жин 54 кг.

-Гоо сайхандаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Орой бүр нүүрээ бүрэн цэвэрлээд арьсаа арчилна, чийгшүүлэх маск тавьж унтдаг маань л юм болов уу (инээв).


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *