Их Британийн Консерватив намаас сонгогдсон парламентын гишүүн, Дотоод хэргийн сайд Свелла Браверман зургаахан долоо хоног ажиллаад огцорлоо. Браверман өөрийн “твиттер” хуудсаар ерөнхий сайд Лиз Трасс руу илгээсэн захидалдаа улс төрийн санал зөрөлдөөнөөс биш, харин гэрээсээ албан ёсны цахим шуудан илгээж хууль, журам зөрчсөн учир өөрийн албан тушаалаа орхиж байгаагаа тэмдэглэжээ. Браверман энэхүү цахим шууданг өөрийн бүрэн итгэдэг хамтран зүтгэгчиддээ илгээсэн гэдгийг онцлон тэмдэглээд “Алдаа бол алдаа” гэж бичжээ.