Categories
амьдралын-өнгө мэдээ

Их талын цуцашгүй “Бүргэд”, сумогийн “Төмөр хүн” DNN.mn

Токиод болсон энэ намрын башё бас л сонирхолтой, дуулиантай болсон нь монгол сумочдын ээлж дараалан түрүүлж явдаг эзэн хааны түрүү цом байлаа. Яг арван жилийн өмнө тамирчин хүнийхээ хувьд ахмад гэгдэх 37 настайдаа Кёктүнхо Н.Цэвэгням анх удаа түрүү цом авч, түмнийг гайхшруулж байсныг “Катаонами” дэвжээний бөх Тамаваши Б.Мөнх-Оргил давтан олны анхааралыг ихэд татан, шуугиуллаа. Тэрбээр тун удахгүй 38 нас хүрч бас л ахмад бөхчүүдийн нэгэнд орох учраас тэр. Корона цар тахлын гурав, дөрвөн жилд бидний амьдралд нэлээд их өөрчлөлт орж, одоо ч сумоч нар энгийн уулзалт хийх, баяр наадамд оролцох хязгаартай, тэр тусмаа сэтгүүлч нарыг барагтай л бол биеэр уулзуулахгүй, ихэнхдээ цахимаар ярилцлага авахуулж байна. Түүний дэвжээ корона цах тахлын улмаас ердөө л гурав, дөрөвхөн бөх үлдэв. Ийм цөөхөн байх нь өглөөний кэйко сургуулилт хийхэд яахын аргагүй хүчин мөхөсдөнө. Илүү эр бяр, хүч гаргах, авхаалж самбаа үзүүлэх зэрэг барилдах дадал хийхэд учир дутагдалтай мэт. Тамаваши эрчээ алдахгүй, хүчтэй болохын тулд ачааны машины дугуйг дэвжээндээ тавьж, кэйкогоо хийдэг болсон юм. Тэр улам урагшлан, илүү амжилтын төлөө зорин тэмүүлж байна.

Түүний сумо бөхийн түүх 2004 оны нэгдүгээр сарын башёгоос эхэлж, дөрвөн жилийн дараа 2008 оны нэгдүгээр сард жүрёд дэвшин, амжилттай барилдсаар есдүгээр сарын башёд дээд зиндаанд барилдаж эхэлжээ. Амжилтуудыг нь товчхон дурдвал аваргуудыг давж хүртдэг “Алтан од” давааг долоон удаа мөн онцгой барилдааны шагнал хоёр удаа, дайчин барилдааны болон уран барилдааны тусгай шагналыг тус тус нэг удаа хүртэж байсан, тогтмол сайн барилддагаараа сумо бишрэгчдийнхээ дунд алдартай. Тэр анх арлын Японыг зорихдоо зүгээр л газар үзэж, юм сонирхох гэж ирж байв. Эгч Мөнхзул нь Токиогийн их сургуульд сурдаг байсан болохоор их хотоор аялж, сумочдын дүүргээр сонирхон явж байхдаа нэгэн дэвжээний хажуугаар өнгөрч гарах гээд их аварга Какүрюү М.Анандтай санамсаргүй уулзсан нь түүний хүсэл бодол, мөрөөдөл орвонгоороо эргэх шалтгаан болжээ. тэрбээр сумогийн алтан хараацайн нэгэн Кёкшюүзан Д.Батбаярын танилцуулгаар багштайгаа холбогдож, энэхүү япон үндэсний бөхийн ертөнцөд хөл тавин, өдийг хүртэл дээд зиндаанд ганхаж халирахгүй үргэлжлүүлсээр энэ намрын башёд түрүү бөхийн цомыг хоёр дахь удаагаа хүртэн, япон улс даяар түүнийг “Төмөр хүн” гэх болсон юм. Ийн хэлэгдэх олон шалтгаан бий. Эхний хэдэн жилүүдэд жүрёо, дээд зиндаа нэг уруудаж, дээшилсээр 2015 оны гуравдугаар сард Ёкозунагаас эрэмбэлэгдэх дөрөв дэх Комүсүби цолонд хүрч, шинэ санякү болсон нь бусад гадаад бөхчүүдийн дунд хамгийн оройтсон нь байв. Тухайн үед болсон хэвлэлийн бага хурал дээр эрэмбэ тэмдэглэгээний банцүкэд нэр минь томорч, тод харагдаад гээд баярлан инээмсэглэж байсан тэр үед нь аль хэдийнэ Терунофүжи, Ичиножёо гээд хойно орсон залуу дүү бөхчүүд цол ахичихсан урд нь алхдаг болсон байлаа. Бэртэл, гэмтэл зэрэг олон саад бартааг тэр туулан гарчээ. Гэхдээ чимээгүйхэн дотроо шүд зуун, зөвхөн урагшлахын төлөө л кейкогоо үргэлжлүүлсээр, унаж боссоор явахдаа нэг ч удаа албан тэмцээн, арга хэмжээнд амарч байсан удаа байхгүй юм. Ер нь түүнд оройтож боллоо гэсэн рекордууд нэлээд бий. Харумафүжи аваргыг давж “Алтан од” даваа болон тусгай шагнал хүртсэн гадаад бөхчүүдийнхээ дунд хамгийн оройтсон нь гэж тэмдэглэгдэв. Тэр өвдөг болон хөлдөө гэмтэл авч, босч, суухад ч хэцүү зовуурь шаналлыг амсаж, барилдсаар 2019 оны нэгдүгээр сарын башёд 13 даваа, хоёр унаатай анх удаа эзэн хааны цомыг энгэртээ тэвэрсэн юм. Түрүүлэх нь тодорхой болчихсон өдөртэй давхцан хүү нь үүрээр төрж байсан нь баяр дээр баяр нэмсэн үйл явдал болсон. Тэмцээн дуусангуут, хаалтын баярт ч оролцолгүй хүүдээ яаран очиж, гэргийгээ халамжилж байсан хоёр хүүгийн сайн эцэг билээ. Озеки цолонд хүрэхийн даваанд барин алдаад л явсан он цагууд ч түүнд бий. Гэхдээ тэр хэзээ ч няцаж, халшраагүй, үргэлжлүүлэн, урагшилсаар л байлаа. Түүний гарамгай хийдэг нь хүчтэй мөргөөд түлхэж гаргадаг мэх. Тэр сүүлийн үед тархиараа (оюун санаа) эхэлж дайралт хийгээд түлхэж барилдах нь ялахын нэг зэвсэг гэж хэлдэг болсон юм. Тэр анх багштайгаа уулзаж, хоол идэж байхдаа алгын чинээхэн цаасаар цаасан шувуу нугалаад багшдаа үзүүлсэнд жигтэйхэн гайхаж, ийм том биетэй, бүдүүн бараг хүн ийм нарийн чимхлүүр ажиллагаатай, урласан цаасан шувууг нь хараад л бараг шууд дэвжээндээ авахыг зөвшөөрсөн гэж нэгэнтээ дурсдаг. Тэр гэртээ юм оёх, нарийн боов, жигнэмэг, бялуу хийх дуртай. Бүр японы телевизийн алдартай нэвтрүүлэгт хүртэл уригдан оролцож, гарын жигнэмгээ амсуулж, алдартнуудыг гайхшируулж байсан юм. Тамаваши Б.Мөнх-Оргилын ээж С.Цэндсүрэнгээс өдийг хүртэл амжилттай сайн барилдаж яваад хамгийн их нөлөөлж буй зүйлийг асуухад “Би Мөнх-Оргилыг ямар ч үед хийж буй зүйлдээ үнэн сэтгэлээсээ ханддаг зан чанар нь амжилттай, тогтмол барилдахад нөлөөлж байгаа болов уу. Сумоч болоод тодорхой үр дүнд хүрэхийн тулд дасгал сургуулилтаа тогтмол таслахгүй хийж, цаг үргэлж чармайн хөдөлмөрлөсөнд л оршдог байх. Бас хүүгийн минь санаа амар барилдах боломжийг олгож, ар гэрийн албаа сайн хашиж, үр хүүхдүүдээ эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж байгаа бэр Мишээлийн минь ач гавьяа гэж бодож байна” хэмээн бахархангуй хэлэв. Ингээд цаашаа яриа өрнөсөн юм. “Хамгийн анх Катаонами дэвжээний багш аав, ээжийг нь урина гээд Токиод хань Батжаргал бид хоёр очив. Тэр үед охин Мөнхзул маань Токиогийн их сургуулийн магистраа дүүргээд, хүү маань мэргэжлийн сумод хөл тавьж, охиныхоо төгсөлтийн баярт нь халуун ам бүлээрээ оролцож, мартагдашгүй сайхан дурсамж үлдсэн юм. Анх удаа хүүгийнхээ дэвжээн дээр охинтойгоо гурвуулаа очиж байлаа. Дэвжээний багш хүндэтгэн хүлээж авч, хоол цайгаар дайлж цайлж, бид ширээнд тухлав. Тэгж байтал хүү орж ирж байгаа нь тээр тэндээс харагдаад бидний зүг толгой бөхийн ёслон мэндлэв. Багшийн гэргий Оками сантай ид яриа өрнөсөн үе л дээ. Хүү маань багш руугаа мэндэлж, ёсолчихоод цааш явахад аав нь нулимас бөмбөрүүлэн, харсаар хоцорсон юм. Би санаа зовохдоо нөхрөө тохойгоороо зөөлөн нударлаа. Би ч гэсэн босоод л хүүгээ тэврэн үнсэж уулзана даа гэж бодож байсан болохоор хамаг юм дээшээ хөөрч, огшоод тайвширч чадахгүй л байлаа. Охин орчуулж, зөндөө сайхан яриа дэлгэж, уулзалт дууссаны нэлээд хойно бид хүүтэйгээ тэврэлдэн уулзаж билээ. Хүү минь хүүхэд байхаасаа л хоол сайхан хийдэг. Эрэгтэй хүүхэд гэхэд үе тэнгийнхнээсээ илүү нарийн торгон мэдрэмжтэй. Ялангуяа телевизээр хоолны нэвтрүүлэг үзээд -Та надад оливын тос, улаан лооль, өргөст хэмх, байцаа, бяслаг аваад ирээрэй гэнэ. Би ч захиалсан ногоонуудыг нь аваад очиход сайхан салат хийж өгдөгсөн. Гэртээ ирэхэд их урамтай. Хүү үүдээ онгойлгоод надад тавчик ойртуулж өгнө. Аав, ээж хоёроо гараа угаагаад, оройн хоолоо идээрэй! гэнэ. Эмх цэгцтэй, цэвэрхэн ширээнд хүүгийн өрж тавьсан халбага, сэрээ, аяга тавагт хийсэн сайхан амттай салат, хоол ундыг амтархан идэх хичнээн сайхан байв даа. Нэг өдөр ажлаасаа гэртээ иртэл Мөнх-Оргил ихэд сандраад -Ээж ээ уучлаарай би одоохон гээд галын өрөөнд оруулсангүй. -Яасан бэ? гээд гайхтал -Хүү нь унтчихсан байна. Та цай уугаад сууж бай! Би одоохон хоолоо хийчихье ээж ээ гэсээр хоолой нь сааралтаад, санаа зовсон шинжтэй дуугарлаа. Миний хүү зоволтгүй ээ гэхэд санаа нь амарсан шинжтэй инээгээд хамтдаа хоолоо хийж билээ. Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваа нийт монгол хөвгүүдээрээ бахархаж байна. Сумогийн барилдаан гарах бүрийд жаргалтай сайхан байдаг. Ялангуяа сумогийн хөтлөгчийн яриаг сонсох тэр дундаа Тамавашигийн талаар юу хэлэх нь сонирхолтой санагддаг. Ах дүү, найз нөхөд, танилууд -Хүү чинь давлаа. Баяр хүргэе гэхэд хүүгээрээ бахархан баярладаг даа” хэмээн инээмсэглэн өгүүлэв.

Сумогийн алдар нэрийг тухайн дэвжээний өв уламжлагдан ирсэн нэрний ханз бас утга учрыг нарийн бодож бэлгэ дэмбэрэлийг харгалзан багш нь зурлаганы тоо, ханзны утгыг нэг бүрчлэн тооцож, нэр оноодог. Тамаваши гэх нэрний ваши нь бүргэд гэсэн утгатай ханз үг бөгөөд хэзээ ч цуцашгүй элин халин дүүлэх хүчит шувуугаар бэлгэдэн өгчээ. Тийм ээ. Тэр Монголын их талын цуцашгүй хүчит “бүргэд” болон дүүлсээр сумогийн ертөнцөд “Төмөр хүн” хэмээн алдар нэрээ дуудуулж явна.

Манай сонины Осака хот дахь тусгай сурвалжлагч Х.Эрдэнэцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *