УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуягтай ярилцлаа.
-Таныг сайдаар ажиллаж байхад буюу Н.Алтанхуягийн Засгийн газрын үед шатахууныг зөвхөн ОХУ-аас бус бусад орноос тухайлбал, Хятад, Солонгосоос оруулж ирэх асуудал томоохон төслийн хэмжээнд яригдаж байсан. Тэр төсөл яагаад хэрэгжээгүй юм бэ?
-Тухайн үед нөхцөл байдал хэцүү байсан. Түүхий нефть байна. Түүхий нефтиэс бензин, шатахуун үйлдвэрлэж авна. ОХУ-ын Роснефть компаниас авч байгаа бензиний хилийн үнэ дэлхийн зах зээлийн ханшаас өндөр үнэтэй байгаад байлаа. Үүнд нь манайхаас ийм үнээр авах боломжгүй, болохгүй шүү дээ гэдгээ удаа дараа хэлж байсан. Гэтэл ОХУ-аас дорвитой шийд өгөхгүй асуудал гүнзгийрсэн. Уг асуудлаас гарахын тулд таны хэлсэн тэрхүү төслийг эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл, мухардсан арга замаас гарахын тулд ажиллаж эхэлсэн гэсэн үг. 2012-2014 оны үед дэлхийн зах зээл дээр нэг баррель нефтийн үнэ 110 ам.доллар хүрч байлаа. Гэтэл тухайн үед ОХУ-аас манайх нэг баррелийг нь 380 орчим ам.доллар буюу хамаагүй илүү өндөр үнээр авч байсан. Энэ арай болохгүй гэж үзээд далайн боомтоор буюу Солонгосоос ч юм уу Сингапураас авах нь хямдхан тусч байлаа. Улмаар шатахуун импортлогч компаниудтайгаа уулзаад та бүхэн илүү хямд газраас авах боломжийг судалж, ажил хэрэг болгооч гэсэн. Ингээд Солонгосоос оруулж ирлээ.
–Бүр Солонгосоос оруулж ирж байсан юм уу?
-Оруулж ирж байсан. Нөгөөтэйгүүр БНХАУ-ын Петро Чайна компанид санал тавьсан. Та нар манайхаас түүхий нефть авч байна. Оронд нь шатахуун өгөөч гэж гуйсан. Бид хэтэрхий өндөр үнээр ганцхан компаниас авч байгаа учраас хараат болчихоод байна гэдгээ хэлсэн. Тэгсэн Хятад тал болохгүй зүйл байхгүй, гол нь ямар үнээр авах вэ гэлээ. Бид танай нефть Сингапурын биржийн үнээр тодорхойлогддог. Тэр үнээрээ л бидэнд өгөхгүй юү гэсэн, тэгье гээд хэлэлцээр амжилттай болж байлаа. Ингээд Хятадаас тухайн үед хамаагүй хямдаар дизель авч, мөн Монгол 92 гэх бензин авлаа. Ингээд байж байтал ОХУ-аас авдаг байсан шатахуун, бензиний импорт 100 хувь байсан бол 70 болтлоо буурсан. Цаашид ч буурах хандлагатай байсан. Тэгтэл ОХУ-ын талаас танайхтай дахиад хэлэлцээр хийе гэдэг саналыг тавьсан. Бид нэг л зүйл хүссэн. Дэлхийн зах зээлийн ханшаар л бид худалдаж авна шүү гэдгээ хэлсэн. Ингээд ОХУ бидний саналыг хүлээн авч, одоог хүртэл дэлхийн зах зээлийн ханшаар ОХУ-аас импортолж байна. Ийм л зүйл болсон, товчхондоо. Одоо өөр орноос авъя гэвэл зардал өндөр гарна. Нэг зүйл хэлэхэд, ОХУ хэрвээ экспортоо зогсоочихвол бидэнд Хятад, Солонгосоос авах боломж байгаа. Үүнийг мэдэж байгаа учраас ОХУ арай ч үнээ нэмж, экспортоо зогсоохгүй болов уу. Тиймээс одоохондоо өөр орноос авах тухай бодох шаардлага үүсээгүй байгаа л гэж харж байна.
-Их хурлын дарга энэ намрын чуулганыг нээж үг хэлэхдээ нэг зүйлийг анхааруулсан л даа. Тухайлбал, олон улсын нөхцөл байдал хямралтай, дайнтай байгаа үед Монгол Улс нэг цонхоор харах ёстой. Янз бүрийн зүйл ярьж, Оросуудын дургүйг хүргэж байгаад шатахуун импортдоо хориг тавиулчих эрсдэлтэй шүү гэх утгатай үг хэлсэн. Үнэхээр ОХУ манайх руу өгдөг шатахууныхаа урсгалд хориг тавьчихвал бид яах вэ. Цаашлаад хараат байдлаасаа гараад өөр улсаас авах боломж бий юү л гэж танаас асуугаад байгаа юм?
-Үүнээс гарах хамгийн богино хугацааны үр дүнтэй арга бол хурдхан шиг нефть боловсруулах үйлдвэрээ барих шаардлагатай. Өнөөдөр бол их эмзэг үе л дээ. Өөрөөр хэлбэл, энэ том гүрнүүдийн хооронд гео улс төр, гео эдийн засгийн тэмцэл ширүүн явагдаж байна. Тиймээс аливаа асуудлыг их эмзэгээр хүлээж авдаг болчихлоо. Тиймээс иргэн хүний хувьд энэ улс төрийн шийдвэр, үйл явцад ямар нэгэн санал, шүүмжлэл хэлэх нь илүүц гэж үзэж байна. Ер нь бол Монгол Улс ардчилсан орон. Үүнийг манай урд хөрш болон ОХУ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ямар нэгэн санал, хүсэлт тавьж, хоёр хөрштэйгөө ил тод харилцах нь зөв болов уу.
-Та Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байсан хүн. Тэр үеэс одоог хүртэл бид нэг л зүйлийг хэрэгжүүлж чадахгүй ярьж байна. Баялгаа түүхийгээр нь бус боловсруулж гаргах нь илүү ашигтай гэдгийг бүгд л мэддэг, ярьдаг. Таны үед ч, тэр одоо ч тэр. Яагаад боловсруулах үйлдвэр одоо болтол барчихдаггүй юм бэ?
-Миний хувьд надаас өмнө болон дараа ажилласан, ажиллаж байгаа сайд нарыг мундаг, эсвэл муу байна гэж хэлж чадахгүй. Хэлэх нь ч ёс зүйд нийцэхгүй. Ганцхан үнэн юм байна. Аль болохоор л түүхий эдийг боловсруулж байвал, аль болохоор эцсийн бүтээгдэхүүнд ойрхон болгож гаргаж байвал Монгол Улсад ашигтай. Тиймээс бидний үед аж үйлдвэрийн тал дээр баримтлах бодлого гаргаж байсан. Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль ч батлуулж байлаа. Тэр бодлого энэ хууль хэрэгжихгүй байгаад л харамсдаг. Хэрэгжихгүй байгаа болохоор л хөгжихгүй байгаа юм. Өнгөрсөн 70 гаруй жил л хойд хөршийнхөө түүхий эдийн бааз байж ирлээ. Одоо бид ардчилсан орон болоод гуч гаруй жил болж байна. Одоо боловсруулах үйлдвэрээ хөгжүүлэхгүй бол болохгүй. Таны хэлснээр бид үнэхээр бодит алхмуудыг хийх цаг нь болсон.
-Боомтуудын асуудал байна. Саяхан төмөр зам ашиглалтад орлоо. Энэ мэт олон төмөр зам олон боомтууд нээгдэж бид баялгаа түүхийгээр нь гаргах нь илүү ашигтай байна уу?
-Өнөөдөр бидний амьдралд төгрөгийн ханшны уналтаас ч гэх үү инфляциас ч болоод юм уу сүүлийн зургаан жилд экспортын бодит хэмжээгээ тэлж чадсангүй. Өнгөрсөн хугацаанд ч тэр, одоо ч тэр зах зээл сайн байна. Тэгэхээр баялгаа гадагш нь гаргах гэдгийг би сайн ойлгодоггүй. БНХАУ бол дэлхийд эдийн засгаараа ноёрхож байна. Тэр утгаараа дэлхийд Хятад руу юмаа зарахын тулд бүгд өрсөлдөж байгаа. Манайх энэ улсуудын тоонд орно. Зарсан орлогоо буюу ам.доллараа бүрэн оруулж ирэх, мөн зах зээлийн ханшаар зарж байна уу гэдэгт нь хяналт тавих нь энэ төр засгийн үүрэг. Энэ үүргээ сайн биелүүлж чадаж байна уу гэдэг нь нэг асуудал. Нөгөөтэйгүүр нүүрсний үнэ өндөр байна. Зэс, алтны үнэ дэлхийн биржийн үнээр явчихдаг. Харин нүүрсний үнэ бүс нутгийн үнээр яваад байна. Үүнийг Эрдэс баялгийн бирж байгуулаад үнийг нь тодорхой болгохгүй бол үүнээс болоод асуудал үүсчихээд байдаг юм билээ. Тодорхой хэлбэл, тухайн сарын боомтын үнээр шийднэ гээд л журамлачихад л ямар нэгэн улс төрийн нөлөө орохгүй шүү дээ. Хоёрдугаарт, Монгол Улсын баялгийг экспортолж л байвал орлого нь заавал манай улсын арилжааны банкаар дамждаг байх ёстой. Энэ төрлийн хууль байх шаардлагатай. Энэ бол дэлхий нийтийн жишиг. Өнөөдөр орлого нь гүйцэд орж ирж чадаж байна уу эсэх талаар янз бүрийн л зүйл сонсогдох юм. Одоохондоо бид баялгаа сайн экспортлох хэрэгтэй. Мэдээж болж өгвөл боловсруулах шаардлагатай. Тэгвэл бүр л сайн.
-Валют олох шинэ эх үүсвэр юу байна. Бидэнд ямар боломж байна вэ?
-Том төслүүдээ сайн явуулах хэрэгтэй. Зүгээр, өнөө маргаашдаа шийдчих ёстой нэн тэргүүний ажил бол төмөр замуудаа хурдхан шиг бариад холбочих хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр аливаа улсын Төв банкны гол хариуцдаг ажил бол үндэсний валютын ханшны тогтвортой байдал. Өмнө ч юм уу хэзээ ч юм баахан төгрөг зах зээл рүү нийлүүлчихэж. Гэтэл үүнтэй адилхан хэмжээгээр экспортоо нэмэгдүүлж чадсангүй. Орлого оруулж ирж чадсангүй. Ийм тохиолдолд ганцхан Монголбанкны буруу юу. Эсвэл алдагдалтай төсөв баталж байгаа УИХ-ын буруу юу. Үүнд нь Монголбанк яагаад дуугүй суугаад байна вэ. Мөнгөний бодлогоо ярь л даа. Монголбанк эдийн засаг ярих ямар ч шаардлагагүй шүү дээ. Монголбанк ам.доллар олж чадахгүй, хэвлэж чадахгүй. Тэгэхээр мөнгөний нийлүүлэлт, тэнцвэртэй байдлыг л хадгалах үүрэгтэй шүү дээ. Өөрөөр хэлбэл, та бүхэн экспортынхоо орлогыг тэдэн ам.доллар байлгах юм бол төгрөгийг тийм хэмжээнд барьж чадна гэдэг зүйлээ л ярих ёстой шүү дээ. Гэтэл Монголбанк нь улс төрөөс хараат болчихсон, бие даасан бус л байна.
-Эдийн засгийн асуултаа ингээд түр өндөрлөе. Та АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн үү?
-Тийм.
-Аль талын АН-ын гишүүн бэ?
-Надад бол аль нэг тал гэсэн зүйл байхгүй. Сөргөлдөөд байгаа улсууд учир зүйгээ олоосой гэдэг талынх. Дээд шүүхэд бүртгэлтэй намынхаа дүрмийг барих хэрэгтэй. Уг дүрмийнхээ дагуу хурдхан шиг намын даргын сунгаагаа зарлаад хэн нэгнийг тодруулчихаасай л гэж харж байгаа.
-Намын даргын сунгааг зарлах эрх нь Үндэсний бодлогын хороонд байдаг биз дээ?
-Байгаа. Гэхдээ өнөөдөр Үндэсний бодлогын хороо хуучнаараа ч байгаа юм шиг, шинээрээ ч байгаа юм шиг учир начир нь олдохгүй байна. Нөхцөл байдал иймэрхүү болохоор хэцүүхэн л байна.
-Та учрыг нь олохгүй байхад хэцүүхэн байгаа нь ойлгомжтой л байна. Ер нь эвлэрэх дүр зураг ажиглагдаж байна уу?
-Ирэх 2024 онд УИХ-ын сонгууль болно. Тиймээс энэ ондоо багтаж АН дотоод дахь асуудлаа шийдэхгүй бол дараагийн сонгууль худлаа л болно. Энэ утгаараа хурдхан эв эеэ олцгоогооч ээ л гэж хэлмээр байна. Хоёр тал болоод л улс төр хийгээд байх юм. Ингэх нь хэнд ашигтай юм. Бидэнд лав ямар ч ашиггүй.