ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хувьд нөлөөллийн маш сайн ажлыг сая хийлээ. Хэд хоногийн өмнө 48 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчдын зодооны асуудлыг “Өдрийн сонин” сурвалжлан мэдээлж шуугиан болсон. Үүнийг Х.Нямбаатар холуур өнгөрөөсөнгүй. Тэдгээр хүүхдүүдийг, эцэг эхчүүдийнх нь хамт, багш нарын төлөөлөлтэй нь хүлээн авч уулзсан нь болдог л нэг уулзалт байсангүй. Монголын Хууль зүйн сайдуудаас анх удаа хүүхдүүдийг биечлэн хүлээн авч “Юу хийж болохгүй“ талаас нь хэлж зөвлөсөн үйл явдал болов.
Хамгийн чухал нь тэдгээр хүүхдүүдийн хувьд амьдралдаа анх удаа уулзсан хамгийн том дарга нь байх. Энэ бол Хууль зүйн сайдын хувьд онцгой нөлөөлөл. Мөн тэдэнд алдааг нь биечлэн хэлж өгсөн анхны сайд байх. Тэгэхээр “Зөв байгаарай, сайн иргэд болоорой” гэсэн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын үг хүүхэд бүрийн сэтгэлд насан туршид нь хадгалагдана. Ер нь бол тэгдэг юм. Энэ л сайн. Жишээ нь, миний хувьд амьдралдаа анх удаа хамгийн том даргатай уулзсан, үгийг нь сонссон түүх бол 1996 оны сонгуулиар С.Зоригтой хамт Дорнод руу онгоцоор ниссэн бороотой өдөр юм. Түүний сурталчилгааны хэдэн хуудсыг тас тэвэрчихсэн, хөдөөний хүүхэд, суудал зэрэгцэн бээвийж явсансан. Тэрээр “За Алтангэрэлийн дүү минь, наадуулаа хариуцаж явах нь. Онгоцны буудал дээр биднийг тосно оо” гэж хэлэнгээ хойд талд суусан намхан шар ах руу хандаж “Дэмбэрэлтэй ярилцав уу, би харж амжихгүй нь, өөрсдөө мэдээд шийд…” гэж түс тас хэлсэн үг санаанд тод үлджээ. Дэмбэрэл гэдэг нь тухайн үеийн Зах зээлийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл /УИХ-ын гишүүн асан Самбуугийн Дэмбэрэл/. Намхан шар ах нь УБХ-ын гишүүн асан, Женко группийн анхны захирал Д.Баярцэнгэл ах байсан юм билээ. “Өөрсдөө мэдээд шийд” гэсэн үг одоо томчуудын амнаас гарахаа больсон байх өө. “Өөрөөсөө өөр хүнд итгэж болохгүй” гэдэг цаг үе ирчихсэн болохоор. Ингэж л хүүхэд байхад анх удаа уулзсан том даргын үг сэтгэлд дурайтал үлддэг юм даа.