Categories
мэдээ цаг-үе

ҮСХ: Дизел түлшний үнэ 44 хувиар өсчээ DNN.mn

Дизелийн түлш 27 хоногийн нөөцтэй байна

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2022 оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн статистик үзүүлэлтийг танилцууллаа.


ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд “Хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувийн өсөлттэй гарсан. Харин өмнөх сараас 0.2 хувиар буурчээ. Өнгөрсөн оны эцэстэй харьцуулахад 9.5 хувиар өсчээ. Улаанбаатар хотод инфляц 14 хувьтай гарсан. Инфляц хамгийн өндөр аймгаар Завхан тодорсон. Инфляцийн түвшний 4.4 нэгж хувь буюу 32 хувь нь хүнсний бараа, ундаа усны үнийн өсөлтөөс шалтгаалж байна. 2.1 нэгж хувь буюу 14.9 хувь хувцас бөс бараанаас шалтгаалж байна. Ерөнхий бүлгээр нь авч үзвэл хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнийн дундаж өсөлт нь 17.1 хувь байна. Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн дундаж өсөлт нь 17.7 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний жилийн дундаж өсөлт нь 20.3 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээ 17.5 хувиар тус тус өсчээ.

Инфляцад дизель түлш, бензин АИ-92, хүүхдийн лаа, ургамлын тос, вакуум цонх, цагаан будаа, төмс, гурилан боов, “Атар талх”, “бензин АИ-80 зэрэг арван бараа голлон нөлөөлжээ. Нэг литр дизелийн үнэ 44 хувиар, АИ-92 бензиний нэг литрийн үнэ 16.8 хувиар, АИ-80 бензин 18.9 хувиар, “Параденк” хүүхдийн лаа 793 төгрөг болж, 2.6 дахин тус тус өсчээ. Килограмм төмсний үнэ өмнөх оны мөн үеэс 47 хувиар, вакуум цонхны нэг м.кв-ын үнэ 181189 төгрөг болж, 60.7 хувиар, нэг уут зүсээгүй талх 1714 төгрөг болж, 18.2 хувиар, цагаан будаа 4646 төгрөг болж, 24.0 хувиар, гурилан боовны үнэ 4656 төгрөг болж, 21.9 хувиар тус тус өсчээ.

Гадаад худалдааны мэдээллийг танилцуулъя. Монгол Улс 2022 оны эхний есөн сард нийт 156 улстай гадаад худалдаа хийжээ. Гадаад худалдааны тэнцэл эхний есөн сард 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад худалдааны тэнцэл 1.1 тэрбум ам.доллараар буюу 89 хувиар өсчээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 15.1 тэрбум ам.доллар болсон бөгөөд үүнээс экспорт 8.8 тэрбум ам.доллар, импорт 6.4 тэрбум ам.доллар байна. Нийт гадаад худалдааны бараа эргэлт өмнөх оны мөн үеийнхээс 3.6 тэрбум ам.доллараар буюу 31 хувиар өсчээ. Бараа эргэлт нэмэгдэхэд экспорт 2.4 тэрбум ам.доллар буюу 37 хувиар, импорт 1.2 тэрбум ам.доллар буюу 24 хувиар тус тус өсчээ. Экспортыг задалвал, уул уурхайн бүтээгдэхүүн түүн дотроо нүүрсний экспорт 3 тэрбум ам.доллараар өссөн. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин өссөн үзүүлэлт. Алтны экспорт 131 сая ам.доллараар буюу 29 хувиар өссөн. Биет хэмжээний тухайд алтны экспорт өмнөх оны мөн үеэс 25 хувиар, нүүрсний экспорт 53 хувиар, зэсийн баяжмалын экспорт 7 хувиар өсчээ. Харин боловсруулаагүй газрын тосны экспорт 62 хувиар, төмрийн хүдрийн экспортын хэмжээ 46 хувиар буурсан байна. Багцлаад хэлэхэд, экспортод эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс, нэхмэл зэрэг бүтээгдэхүүн нийт экспортын 98 хувийг эзэлж байна. Харин импортын дийлэнх буюу 75 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн эзэлж байна.

М2 буюу Мөнгөний нийлүүлэлт 27.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс/ӨОМҮ/ 0.8 хувиар буюу 206.3 тэрбум төгрөгөөр өслөө. Нийт зээлийн өрийн үлдэгдэл 23.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар буюу 2.8 их наяд төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл 2.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 29.2 хувь буюу 580.3 тэрбум төгрөгөөр өссөн байна. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 11.5 их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үүнд НӨАТ 755 тэрбум төгрөг, бусад төрлийн татвар, төлбөр хураамжийн орлого 1.1 тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөөг үзүүлэв. Тэнцэл 962.1 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.

Хамтын ажиллагаа, тархаалтын хэлтсийн ахлах статистикч Д.Баасан “2022 оны эхний есөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 2.5 их наяд болж, ӨОМҮ-ээс 653 тэрбум төгрөгөөр өсчээ. Зарлага нь 2.5 их наяд болж, ӨОМҮ-ээс 31.6 хувиар буюу 603 тэрбум төгрөгөөр өссөн байна. 2022 оны 5-8 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл өөрөө хариуцан төлсөн 1155.1 мянган даатгуулагчид 38.1 тэрбум төгрөгийг буцаан олгожээ. 2022 оны эхний есөн сард 475.4 мянган тэтгэвэр авагч байна. Энэ нь ӨОМҮ-ээс 16.9 мянга буюу 3.7 хувиар өсчээ.

2022 оны эхний есөн сард эрүүл мэндийн даатгалын сангийн орлого нэг их наяд төгрөгт хүрч, ӨОМҮ-ээс 289 тэрбум төгрөг буюу 39.3 хувиар өсчээ. Харин зарлага нь 1.3 их наяд төгрөг болж, ӨОМҮ-ээс 454 тэрбум төгрөг буюу 50.2 хувиар нэмэгджээ.Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын тоо 2022 оны эхний есөн сард 3.5 сая болж, ӨОМҮ-ээс 226 мянга буюу 6.8 хувиар өсчээ.

2022 оны гарсаар бүртгэгдэж байгаа гэмт хэргийн тоо харьцангуй нэмэгдсэн. 2022 оны эхний есөн сард 28478 гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн нь гол нөлөөлжээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 258.9 тэрбум төгрөг, нөхөн төлүүлсэн хохирлын хэмжээ 131.4 тэрбум төгрөг болжээ. Хохирсон хүн эхний есөн сард 28.1 мянга болж, ӨОМҮ-ээс 11.2 мянгаар өсөхөд 30-39 насныхан 3639, 18-29 насныхан 2651, 40-49 насныхан 2326-аар өссөн нь голлон нөлөөлөв.

АТГ-т эхний есөн сард 368 авлигын гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь ӨОМҮ-ээс 97-оор өсөхөд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 75-аар өссөн нь голлон нөлөөлжээ” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *