Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ж.Батзандан баригдахаа мэдээд Ерөнхийлөгчийг шүүмжлэв үү, шүүмжилж байгаад баригдав уу? DNN.mn

Шинэ намын дарга Ж.Батзанданг энэ сарын 6-нд АТГ-аас баривчлан нэг сарын хугацаатай цагдан хорив. Түүнийг Хөгжлийн банкны хэрэгтэй холбоотойгоор баривчилсан талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. Гэвч энэ талаар хуулийнхан мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Энэхүү баривчилгаатай холбоотой анхаарал татаж буй нэг асуудал бий. Ж.Батзандан энэ сарын 5-нд буюу баривчлагдахаасаа нэг хоногийн өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотой лайв бичлэгийг олон нийтэд түгээсэн.

Түүний лайваас анхаарал татсан хэсгийг доор сийрүүлье. Тэрээр бичлэгтээ:

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдоод жил гаруй боллоо. Өнөөдөр түүнд хандаж сануулга өгнө. Ерөнхийлөгч болсноосоо хойш юу хийсэн бэ. Хоёр, гурван жилийн өмнө Төрийн ордон дотор Ерөнхий сайд байхдаа юу хийнэ гэж олон түмэнд амлаж байсан бэ. Одоо яагаад чимээгүй болов.

…Та Ерөнхийлөгч болохын тулд олон тэрбум, олон их наяд төгрөгийг улсын төсвөөс тараасан. “Намайг алчихдаггүй л юм бол би шударга ёсыг Монголд тогтооно” гэж амлаж байсныг би мартаагүй байна.

…Өнөөдөр Төрийн ордон дотор явлаа. Монголын хөгжлийн гацаа, чөдөр нь, шинэчлэл өөрчлөлтийн гацаа нь У.Хүрэлсүх болсон тухай олон хүн хэлж байна. Х.Баттулга гэдэг ганц л муу хүн байдаг тухай, түүнийг л зайлуулчихвал Монгол Улс сайхан болох тухай та хэдхэн сарын өмнө ярьж байсан. Х.Баттулгыгаа зайлуулсаан. Та сайн зайлуулсан. Одоо та Х.Баттулгынхаа оронд байгаа. Түүнээс юугаараа илүү болсон юм бэ. Авлигачдыг өмөөрч, оффшорчдыг суллаж, “Сахал” Б.Эрдэнэбилэгийг суллаж, Сингапур руу хөөж явуулсан У.Хүрэлсүхтэй ярих цаг болсон.

…У.Хүрэлсүх төрийн өмчит бүх компанийн захирлыг өөрийнхөө найз нөхөд, ангийн хүүхдүүдээр томилсон байна. Засгийн газарт зургаан сайдыг тэр томилсон байна. УИХ-ын гишүүдийн 50 хувийг нэр дэвшүүлсэн. У.Хүрэлсүх хаан болжээ. У.Хүрэлсүх нэртэй хулхисүх хааны тухай ярих цаг болсон байна.

…Шүүхийн шинэчлэлийг хийнэ гэж У.Хүрэлсүх ярьж байсан. Чиний хэдэн шүүгч нар шударга ёсыг Монголд тогтоож байна уу. Өнөөдөр шүүх, АТГ, прокурор, мөрдөн шалгах бүх байгууллага чиний мэдэлд байгаа.

…Төрийн ордон дотор байгаа намын чинь гишүүд, сайд нар үг хэлж чадахгүй болсон байна. Чиний өөдөөс эгцэлж харж чадахгүй болсон байна. У.Хүрэлсүх ээ, чи биеэ тоосон байна. Эрдэнэтийг тойрсон наймааг чиний дүү хийж байна. Төрийн өмчийн том компани, улсын тендерүүдийг чиний ах дүү идэж байна.

…Чиний Ерөнхий сайд байхдаа явуулсан буруу бодлогуудын үр дүнд монголчууд өнөөдөр туйлдаж байна. Чи Оюун-Эрдэнээр ч, Амарбаясгалангаар ч ажил хийлгэхгүй байгаа. Чи Засгийн газрын чөдөр нь, хөгжлийн тушаа чинь болж байна.

…Дөрвөн сарын өмнө би У.Хүрэлсүх дээр орж “Шинэ хувьсгал” номоо гардуулж өгсөн. Чи ном уншдаггүй нөхөр байна лээ. Би өдөр бүр У.Хүрэлсүхийн тухай ярих болно. Ирэх долоо хоногоос У.Хүрэлсүхийн эсрэг жагсаал зохион байгуулах болно…” гэсэн байдаг.

Тэрээр мөн тухайн өдрийн орой дахин лайв хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс мессэж ирсэн тухай мэдэгдсэн юм. Тэрээр “Өнөөдөр намайг лайв хийж, У.Хүрэлсүхийг ажлаа хий гэсний төлөө над руу мессэж бичлээ. Тэр “Нутгийн дүү бага доромжлоорой. Хэмжээндээ байгаарай. Чамд доромжлуулаад суудаг жижиг гар би биш шүү. Бага доромжлоорой” гэсэн байна. Би хариуд нь “Чамайг хангалттай дэмжсэн шүү. Чамайг хэн ч биш байхад ч Батзандан, Болд, Баттулга нар дэмжиж явсан” гэсэн хариу илгээсэн” гэж байв.

Энэ мэдэгдлийн орой нь түүний ах, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг АТГ-аас цагдан хорьсон. Маргааш нь Ж.Батзанданг өөрийг нь Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Энэ үйл явдлаас харахад Ж.Батзандан баригдахаа мэдээд Ерөнхийлөгчийг шүүмжлэв үү, шүүмжилж байгаад баригдав уу гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Баривчилгаатай холбоотойгоор Шинэ намаас “Ж.Батзандан үгээ хэлснийхээ төлөө, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй санал зөрсний төлөө шоронд орж байна. Өдөр нь тэрээр Ерөнхийлөгчтэй маргалдсан нь үнэн. Ерөнхийлөгчөөс мессэж ирсэн нь ч үнэн. Түүнийгээ Ж.Батзандан сошиал сүлжээнд ил болгосон. Яг тэр мессэжид бичсэний дагуу үйл явдал өрнөлөө. Ерөнхийлөгч хэлснийхээ дагуу чадлаа гайхуулж, ажлын бус цагаар АТГ-т дуудаж аваачиж байгаад 461 дүгээр ангид хорилоо. Бид энэ асуудлаар олон улсын байгууллагуудад хандаж, тусламж хүснэ” гэсэн юм.

Хуульчид ч энэ үйл явдлын талаар сошиал сүлжээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэ талаар хуульч, өмгөөлөгч А.Пүрэвдулам “Манай улсад хуулийн засаглал биш дарга ангийн засаглал бий болсны жишээ энэ үйл явдал. Ж.Батзандан ямар өнцгөөс мэдэгдэл хийв гэдэг тусдаа асуудал. Хэлбэр биш, агуулгын хүрээнд харахад өнөөдрийн нийгэмд аливаа дарга, эрхтэн дархтаныг шүүмжлэхэд хорьж цагддаг, айлгадаг процесс явагддаг болсон. Бүр хэвшил болчихлоо. Монголд ерөөсөө хүчний байгууллагыг дарангуйллын машин болгож байна. Түүнд нь эрх мэдэлтнүүд нөлөөлдөг систем бий болчихоод байна. Олон нийт айдастай байна. Ерөнхийлөгчийг, өндөр албан тушаалтай хүнийг шүүмжилбэл цагдан хоригддог юм байна гэдэг ойлголттой болж байна шүү дээ.

Ж.Батзанданг Хөгжлийн банктай холбоотой хэргээр баривчилсан талаар мэдээлж байна. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой өөр олон хүмүүс байгаа. Тэднийг бүгдийг нь яг адилхан хорь. Өчигдөр (уржигдар) Төрийн ордонд хөгжлийн банктай холбоотой асуудлыг хаалттай хэлэлцсэн. Яагаад энэ асуудлыг хаалттай хэлэлцүүлэх болов. Хэнийг нь ил цагаан нэрлэж цагдан хориод хэнийг нь хаалттай хурлаар хэлэлцэх болов. Хууль, шүүхийн өмнө иргэн бүр эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалтын хэрэгжилт хаана байна. Ийм гажуудсан системээс гарах ганц л найдвар үлдээд байна. Энэ бол олон нийт. Иргэд өөрсдөө хүчтэй шүүмжилдэг, эсэргүүцдэг байж ялалт байгуулна. Ж.Батзанданг олон нийт янз бүрээр хүлээж авдаг. Тэр бол тэр хүний асуудал, олон нийтийн ч асуудал. Харин тухайн өдрийн бичлэг дээр маш ноцтой зүйлүүд байсныг олон нийт санаж байгаа байх. Хуулийнхан үнэхээр шударга ажилладаг бол түүнийг нь шалгах ёстой. Ерөнхийлөгч ч шалгуулах үүрэгтэй. Тэгж байж л эрх зүйт ёс тогтоно” гэсэн байр суурийг илэрхийлэв.

Үнэхээр энэ үйл явдал олон нийтийг чимээгүйхэн айдаст автуулж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Ерөнхийлөгчийг шүүмжилбэл хоригддог юм байна. Үйл явдлын дараалал ч энэ агуулгыг харуулж байх шиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *