Айл бүрт цоо шинээрээ, эсвэл ганц нэг удаа л хэрэглэсэн шинэ шахуу зүйлүүд бишгүй их байдаг. Төрөл бүрийн гутал хувцаснаас гадна үнэтэй гоёл чимэглэл, номын цуглуулга, дурангийн хөл, аппарат, гар утас, байгалийн фото альбомууд гээд тоймгүй их юм байдаг. Эдгээрийг хаях хэцүү, сонирхдог хүнийг нь олж бэлэглэх ч явдал суудал ихтэй.
Басчиг чамгүй үнэ өртөг шингэсэн, тэгээд шинээрээ байгаа болохоор гэртээ хадгалаад байдаг. Ийм бараа бүтээгдэхүүнийг дуудлага худалдаагаар зарж борлуулдаг агентууд бий болоосой. Жишээ нь, Японы ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг агентуудын зарим нь захиалга өгсөн үйлчлүүлэгчийнхээ гэрт өөрсдөө ирээд зарах зүйлийг нь боож баглаад авч явдаг. Тэдний бүх зүйл нь ойнлайнаар ил тод зарлагдана. Дуудлага худалдаанд төдөн хүн оролцсон, тэдэн төгрөгөөр зарагдсан. Үйлчилгээний хөлс нь ийм болсон, танд ийм мөнгө оногдох нь гээд тов тодорхой.
Эсвэл та дуудлага худалдаагаар зарах зүйлээ агентуудад өөрөө боож баглаад хүргэж өгч болно. Энэ тохиолдолд шимтгэл нь арай хямд гэх мэтээр үйлчилгээ нь өөр өөр байдаг. Ийм нэг хэрэгтэй үйлчилгээг манайд нээгээд тогтмол ажиллуулаад эхэлбэл хаана хаана тустай юм. Зарим нь дэлгүүрээс үнэтэй авах зүйлээ хавьгүй хямд төсөр худалдан авах бол зарим нь өөрт байгаа илүү бараагаа зарж, санаа амарна. Интернэт, ойнлайн үйлчилгээ эрэлттэй болсон энэ цагт хийхэд боломжийн л ажил санагдах юм.