Categories
гадаад мэдээ

Крымийн гүүр дэлбэрэх үеэр 3 хүний амь үрэгдсэнийг ОХУ мэдээлжээ DNN.mn

Бямба гаригийн өглөө эрт Крымийн хойгийг ОХУ-ын эх газартай холбодог цорын ганц гүүр дэлбэрч, шатсан нь Кремлийн эрх баригчдын Украинд явуулж буй “цэргийн тусгай ажиллагаа”-нд том цохилт болсон юм.

Ослыг шалгасан Оросын мөрдөн байцаах товчоо өчигдөр орой эхний дүгнэлтээ танилцуулжээ.

Урьдчилсан дүгнэлтээр ачааны автомашин дэлбэрснээс гүүрэн дээр гал гарсан ба энэ үеэр гурван хүний амь үрэгдсэн гэнэ. Ачааны автомашины жолооч хэн байсныг тогтоожээ. Амь үрэгдсэн хүмүүсийн хоёр нь дэлбэрсэн ачааны автомашины ойролцоо суудлын автомашинтай зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн юм байна. Тэдний цогцсыг уснаас гаргаад таниулах ажлыг зохион байгуулжээ.

Харин гурав дахь хохирогчийн талаар мэдээлэл өгөөгүй байна.

Крымийн гүүр нь хоёр урсгалтай авто замтайгаас гадна давхар төмөр замтай байдаг. Үүнээс төмөр зам болон авто замын нэг урсгал нурж, эвдэрсэн байна.

Москвагийн цагаар 16:00 цагт автомашины бүтэн үлдсэн нэг урсгалыг нээжээ. Гэхдээ хүнд даацын автомашин нэвтрэхийг хориглож, тэдгээрийг усан онгоцоор тээвэрлэхээр болсон байна.

Мөрдөн байцаах товчооныхон ачааны автомашинд бөмбөг тавьж дэлбэлсэн гэж дүгнэжээ.

Гэхдээ хэн халдлага үйлдсэнийг шууд нэрлээгүй байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний 70 насны төрсөн өдрийн маргааш Крымийн гүүр дэлбэрсэн юм.

Оросын цэрэг одоо Азовын тэнгисийн эрэг дагуу Крымийг ОХУ-ын эх газартай холбосон хуурай зам нээгээд байгаа. Гэхдээ Украины армийн сөрөг довтолгоо уг коридорыг эрсдэлтэй зам болгож байна.

Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов “Нийт иргэдэд тайван байж, худал хуурмаг мэдээ тараахгүй байхыг уриалж байна. Нөхцөл байдал хяналтад байгаа. Мэргэжилтнүүд ослын газар дээр ажиллаж байна” гэж мэдэгджээ.

ОХУ-ын эрчим хүчний яам Крымийн хойг түлш шатахууны 15 хоногийн нөөцтэй байгаа ба нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.

Крымийн хойгийг 2014 онд хууль бусаар өөртөө нэгтгэсний дараа ОХУ-ын эрх баригчид 2018 онд 19 км урт гүүрээр тус бүс нутгийг өөрийн эх газартай холбож байв.

Дайн эхэлсэн өдрөөс хойш уг гүүр Крым болон Украины өмнөд бүс нутаг дахь Оросын цэргийн хангамжийн гол зам болсон юм.

Эх сурвалж: Reuters

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *