Categories
гадаад мэдээ

Умард Солонгос хоёр долоо хоногийн хугацаанд долоо дахь удаагаа пуужин туршив DNN.mn

Өнгөрсөн шөнө Умард Солонгосын дэглэм зүүн тэнгисийн ус руу богино тусгалын хоёр баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин мэдээлжээ.

Пуужингуудыг тус улсын зүүн эргийн Мунчон хотоос харвасан байна. Пуужингууд 100 км-ийн өндөрт хүрч, 350 км-ийн алсад туссан тухай Японы батлан хамгаалах яам мэдээлжээ.

Япон улсын ерөнхий сайд Фүмио Кишида харвасан пуужингийн талаар мэдээлэл цуглуулж, шинжлэх ажлыг холбогдох албаныханд даалгаж, агаарын болон усан замын тээврийн аюулгүй байдлыг хангах үүрэг өгсөн байна.

Умард Солонгосын дэглэм сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд долоо дахь ээлжийн пуужингийн туршилтаа гүйцэтгэсэн нь энэ юм.

Бямба гарагт Өмнөд Солонгос, АНУ-ын арми Солонгосын хойгийн зүүн эрэгт зохион байгуулсан хамтарсан цэргийн сургуулилалтаа дуусгасан байна.

Уг ажиллагааны хүрээнд АНУ-ын цөмийн хөдөлгүүрт USS Ronald Reagan тээвэрлэгч хөлөг тэргүүтэй цохилтын бүлэг Солонгосын хойгийн орчимд ирж байрласан нь Пёньяны эрх баригчдын ширүүн шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгараад байгаа.

Мягмар гарагт тус улс Японы арлуудыг давуулан баллистик пуужин харвах аюултай туршилт гүйцэтгэсэн нь холбоотнуудыг ийм хариу арга хэмжээ авахад хүргэж байв.

Өчигдөр Умард Солонгосын батлан хамгаалах яам гаргасан мэдэгдэлдээ тээвэрлэгч хөлөг илгээсэн нь “бүс нутгийн аюулгүй байдалд асар том сөрөг нөлөө үзүүлж буй”-г анхааруулсан байна.

Уг мэдэгдэлдээ Пёньян сүүлийн үед гүйцэтгэсэн пуужингийн туршилтуудаа “дайсагнагч орнуудын өдөөн хатгалгын эсрэг авсан зохих ёсны арга хэмжээ” гэж тайлбарлажээ.

Умард Солонгосын зэвсгийн дараалсан туршилт нь тус улс АНУ-тай дипломат яриа хэлэлцээ явуулах сонирхолгүй, харин цөмийн зэвсэгтэй улсын статусаа хүлээн зөвшөөрүүлэх зорилготой байгааг харуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *