“Токио-2020” олимпийн хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр урамтай сайхан барилдаж, учраа бүрээ илүүрхэн ялсаар дэлхийн аварга боллоо.
Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ.
Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм.
Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр ялж, дэлхийгээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо.
Өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ гэж Монголын Үндэсний Олимпийн Хорооноос мэдээллээ.