“Lumos” гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч, сошиал медиа маркетингийн мэргэжилтэн Л.Ариунмөрөнтэй ярилцлаа.
-Дэлхий нийтэд сошиал медиа хөгжиж, гар утастай хүн бүр мөнгө олох боломжтой болжээ. Монголд энэ боломж хэр хүртээмжтэй байна вэ?
-Сошиал медиа маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед Монгол Улсад ч мөн адил хүн бүхний амьдралд том орон зай эзэлдэг болсон байна. Мэдээлэл авдаг, бусдад хүргэдэг арга зам болжээ. Ямар нэг бизнес эрхэлж, чаддаг зүйлээрээ бусдад үйлчилгээ үзүүлдэг хүмүүс, эсвэл өөрийгөө ойлгомжтойгоор бусдад илэрхийлэн мэдээлэл хүргэж чаддаг, сонирхолтой зураг авдаг, бичлэг хийдэг гээд төрөл бүрийн чадвартай хүмүүс цахим ертөнцийг хэрэгсэл гэж харна. Үүнийг тактик, стратегитэй хэрэглэсний үр дүнд орлогоо нэмэх боломжтой. Дэлхий дахинд аль хэдийнэ сошиал медиагаар орлого олдог болсон бол Монголд дөнгөж үүнийг ойлгож эхэлж байна. Дэлгэрч эхэлж байгаа энэ үед эхлэх нь маш зөв. Учир нь оройтвол олон өрсөлдөгчтэй болно.
-Энэ оноос инстаграмд рийлс гэх шинэ зүйл нэмэгдлээ. Энэ нь хэрэглэгчдэд том давуу тал үүсч байна гэж та хэлж байсан. Ямар давуу талтай, рийлсийг хэрхэн ашиглах боломжтой вэ?
-2020 оноос “Тик ток” платформ хурдацтайгаар хөгжиж эхэлсэн. 30 секундын бичлэгт суурилсан энэхүү платформ нь богино хугацаанд мэдээллийг сонирхолтойгоор дамжуулах арга зам болсон. Ихэнхдээ бага болон өсвөр насны хүүхдүүд бүжиг даган дуурайж хийдэг байсан бол түүнийгээ дагаад брэндүүд нэгдэх болсон. Брэндүүд нэгдэж сонирхсоны үндсэнд 20-30 насны контент бүтээгчид тик ток ордог боллоо. Иймээс инстаграм хоцрогдож эхэлсэн. Инстаграм нь хүмүүсийн анхаарал хандаад буй зүйлийг ажиглан өөрсдийн цэсийг нэмсэн нь рийлс юм. Мэдээж инстаграм өөрийнхөө шинэ цэсийг олонд танигдуулж, хүртээмжтэй болгож хүмүүсийг татахын тулд “Reels’’ хамгийн түрүүнд хийж буй хүмүүсийг дэмжиж байгаа. Тэдгээр хүмүүст хамгийн түрүүнд олон дагагчтай болох боломж нэмэгдэж байгаа юм. Гэхдээ энэ боломж хэзээ дуусахыг бид мэдэхгүй.
-Монголчууд хувийн сошиал хаягтаа хэр анхаарч байна, ихэвчлэн юун дээр алддаг вэ?
-Монголд цахим ертөнцийг мөнгө олох талаас хэрхэн ашиглах мэдээлэл ховор учраас ихэнхдээ хэрэглэгч талаас ашиглаж байна. Тэр нь хүмүүсийг дагаж мэдээ мэдээлэл үзэх, эсвэл албан ёсны хуудастай бол мөнгө өгөн реклам, фэйсбүүк, инстаграмаас худалдан авч хэрэглэгч талаас ашиглах юм. Харин контент бүтээгч хүмүүс бол маш цөөн. Өөрийн стратегийн дагуу давуу талаа харуулсан контент бүтээн түүнийгээ гоёор хөгжүүлж хүмүүсийн анхаарлыг татсанаар олон дагагч цуглуулж, тэдэнд ямар нэг үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгон мөнгө олдог хүн цөөн байна. Цахим ертөнц нь зах хязгааргүй зүйл учир дэлхийн бүх хүнд хүрч чаддаг. Зөвхөн монгол хүнд зориулж ямар нэгэн контент хийе гэж сэтгэхээсээ илүү тэрийгээ давж харж сэтгэх нь олон байгаасай гэж хүсдэг. Монголдоо л зориулж бүтээвэл дөрвөөс таван саяын үзэлттэй байж чадна. Тэгвэл дэлхийн бүх хүмүүст чиглэсэн зүйл хийвэл олон саяын үзэлттэй болоод түүгээрээ таны цалин, орлого илүү нэмэгдэх боломжтой. Өөр нэг дутагдал нь судалгаа хийхгүйгээр яарч эхэлдэг. Албан ёсны пэйж хаягуудыг хөгжүүлэх нь амархан юм шиг харагдаж байгаа боловч цаанаа маш их ажил ордог.
-Та сошиал медиа маркетингийн зөвлөгөө өгдөг. Танаас хүмүүс ихэвчлэн ямар зөвлөгөөг авч байна?
-Би компани, брэндийн маркетинг үйлчилгээнээс илүү хувь хүний үйлчилгээн дээр анхаарч ажилладаг. Хувь хүний үйлчилгээ үзүүлэх нь сонирхолтой байдаг. Энэ нь нэгдүгээрт, влоггер нөлөөлөгч буюу олон дагагчтай, алхам тутамдаа амьдралаа харуулж, зан чанар харизмаараа олныг татан тэдэнд үйлчилгээ үзүүлдэг, эсвэл брэнд санал болгон брэндүүдтэй хамтарч ажилладаг. Хоёрдугаарт, эксперт буюу амьдралаа харуулахгүй зөвхөн өөрийн мэдлэгийг харуулна. Жишээлбэл эмч, хуульч, багш, салон ажилуулдаг хүмүүс буюу эксперт мэдлэгээ харуулж тэрүүгээрээ олныг татдаг төрөл бий.
-Анх инстаграм хөгжүүлэлтийг хүмүүст хүргэх санаа хэрхэн бий болсон бэ?
-2018 оны сүүлээр найзтайгаа хамтарч студи нээсэн. Олон брэндтэй хамтран ажиллаж, зураг авалт хийж байсан. Зураг авалт бол маш их ажил ордог, модель зурагчнаас гадна арын албаны олон ажилчин хамтран ажиллаж нэг зургийг бүтээдэг. Тэгээд ажиглаж байхад бидэнтэй хамтарсан зарим газрууд авсан зургаа буруу стратегиар цахим орчинд ашигласан харагддаг. Тухайлбал, хэн ч харахгүй үе буюу шөнө дунд нийтлэх ч юм уу. Маш их хөрөнгө, хүч зарцуулж авсан зургаа буруу ашиглаж байгаа нь надад олон зүйл бодогдуулж байсан. Миний хувьд энэ оны нэгдүгээр сард 2600 дагагчтай эхэлж байлаа. Одоо 25 мянга орчим дагагчтай. Тухайлбал, эхний 90 хоногт boost (бүүст) хийлгүй хэт хувийн амьдралаа харуулалгүй, задгай зураг нийтлэхгүй, зөвхөн эксперт мэдлэгээ харуулж, зөв стратегитай зорилтот 10 мянган дагагч цуглуулсан. Үүний хамгийн чухал зүйл нь эхлээд зорилгоо тодорхойлох, урт хугацаанд өдөр бүр цаг гаргаж ажиллах, хувийн амьдралаасаа салгах юм. Өөр нэг чухал зүйл нь дагагчдаа үргэлж хүндэлж, хуулбарлаагүй оригнал контент хүргэх ёстой. Хуулсан контент хийх тусам инстаграм алгоритм үнэлэхээ больж эхэлдэг.
-Цаашид инстаграмаа хэрхэн хөгжүүлэх, хэдэн хүнд хүрэх төлөвлөгөөтэй байна?
-Миний инстаграм хаягны хувьд олон дагагчтай болохоос илүү, үйлчилгээг маань авах сонирхолтой, надаас юм сурах хүсэлтэй өөрийн зорилтот хэрэглэгчдээ цуглуулахыг хүсдэг. Намайг сая хүн дагадаг байлаа гээд 500 мянга нь миний юу яриад байгааг ойлгохгүй, цаашлаад 1000 хүн л надтай харилцахыг хүсдэг, зөвлөгөө авахыг хүсдэг байвал сая дагагч байгаад хэрэггүй. Миний хөгжүүлж байгаа хаяг бол эксперт хаяг учир олон дагагчаас илүү өөрийнхөө зорилтот хэрэглэгчдийг л олохыг хүсдэг.
-Чанартай дагагчтай, борлуулалт хийдэг аккаунтыг хүн бүр бүтээж чадах уу?
-Борлуулалт болон ямар нэг үйлчилгээ үзүүлдэг хүн болгон заавал цахим ертөнцөд бүх юмыг мэддэг, өөрийгөө хөгжүүлдэг байх албагүй. Яагаад гэвэл сошиал медиа маш их цаг авдаг. Өдөрт үр бүтээлтэй 3-4 цагийг авдаг, түүнээс ихийг ч авч магадгүй. Тэгэхээр танд цаана нь ажиллах цаг үлдэж байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Зөвхөн борлуулалтаа ихэсгэхийг хүсч буй буюу бага зэргийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс мэргэжлийн үйлчилгээ авах нь амар гэдгийг зөвлөж байна. Учир нь өөр зүйлд санаа зовох шаардлагагүй бүх зүйл нь бэлэн байна. Түүнийгээ стратегийнхээ дагуу хийгээд явахад асуудалгүй.
-Та саяхан “Reel guidebook’’ цахим номоо /E-Book/ гаргасан. Ямар мэдээллүүд багтсан бэ?
-Яг одоо үед “Рийл’’ хийж сурах нь хамгийн чухал байгаа учраас өөрийн номыг гаргасан. Үүнд “Рийл”-ийн анхан шатны мэдлэгүүдийг багтаасан. Ихэнх хүмүүс рийл хийж байгаа боловч яах гэж хийгээд байгаагаа мэддэггүй. Энэ номон дээр тэр алдаануудыг засах зөвлөгөө мэдээллүүд багтсан.