Оросын Свердловск мужийн иргэд Вконтакте нийгмийн сүлжээнд “Помощь Солдатам” (Цэргүүдэд тусламж) нэртэй бүлэг үүсгэж, Украинд дайтаж буй цэргүүдэд тусламж үзүүлэх хөдөлгөөн эхлүүлжээ.
Хөдөлгөөнийг санаачлагч Евгения Кузеванова “Энэ бол бидний үүрэг, сайн дурын үйл хэрэг! Бидний эх оронч үзлийн илрэл” гэж тайлбарласан байна.
Тэд дулаан хувцас, эм тариа зэрэг цэргүүдэд нэн даруй шаардлагатай эд зүйлсийг худалдаж авахад хандивлагчдын мөнгийг зарцуулж байгаа гэнэ.
“Цэргийн дайчилгаанаас болоод бидний авахыг хүссэн эд зүйлсийн олдоц муу байна. Байгаа боломжоороо цуглуулж байна” гэж Кузеванова орон нутгийн хэвлэлд ярьжээ.
Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд хоол хүнсгүй, наад захын хангамжгүй фронтод явж байгаагаа гомдоллож байна.
ОХУ нь жилд ойролцоогоор $66 тэрбумыг батлан хамгаалах салбартаа төсөвлөдөг нь дэлхийн улс орнуудаас тавдугаарт бичигдэх өндөр үзүүлэлт гэдэг.
Гэвч авлига, өмч хөрөнгийн оновчгүй, буруу захиран зарцуулалт Оросын армийн хүчийг сулруулж, Украины дайныг долоон сар гаруй хугацаанд сунжруулахад хүргэж байгаа гэж мэргэжилтнүүд дүгнэж байна.
Оросын армийн офицер дайчлагдаж ирсэн шинэ цэргүүдэд эм тариа, шархны боолтоо өөрсдөө худалдаж авахыг зөвлөж буйг харуулсан дүрс бичлэг өнгөрсөн долоо хоногт сошиал сүлжээнд тарж байв.
Цэргийн дайчилгаанд хамрагдсан иргэд өөрийн мөнгөөр хангамжийн эд зүйлсийг худалдаж авах болсноос ийм төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна.
Тухайлбал Калашников автомат бууны сум нэвтэрдэггүй гэгддэг 6Б45 хуягласан хантаазны үнэ өнгөрсөн амралтын өдрүүдэд онлайн зах дээр 40,000 рублийн ($700) үнэ хүрсэн тухай мэдээлжээ.
Аав, нөхөр, ах дүү, хүүгээ дайнаас амьд буцааж ирүүлэхийг хүссэн ар гэрийнхэн нь үүнд мөнгө харамлахгүй байна.
“Помощь Солдатам” хөдөлгөөнийхөн бас иргэдийн хандивласан үнэтэй эд барааг дуудлага худалдаагаар зарж, олсон мөнгөөрөө цэргүүдэд хэрэгцээт зүйлсийг нь илгээж байгаа ажээ.
Ийм дуудлага худалдааны эхний ээлжийн орлогоор биеийн халуун хэмжигч, эмнэлгийн анхны тусламжийн багц, шөнийн дуран зэргийг авч фронтод явуулснаа зохион байгуулагчид нь ярьжээ.
Эх сурвалж: The Moscow Times