Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс хөгжиж буй зах зээлтэй орны ангилалд албан ёсоор орлоо DNN.mn

FTSE Russell develops a wide-scale cryptocurrency index | Fortune

Олон улсад хөрөнгийн зах зээлийн индексийг тодорхойлогч Их Британийн FTSE Russell компани нь улс орнуудын хөрөнгийн зах зээлийг олон төрлийн техник шалгуураар үнэлгээ өгдөг бөгөөд тухайн улсыг албан ёсоор ангилалд хамруулахаас өмнө нэг жилийн хугацаанд “Ажиглалтын жагсаалт”-д оруулдаг.

Монгол Улсын хувьд анх 2012 онд FTSE Russell-с гаргадаг Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д орж байсан боловч төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлээгүй, арилжаанд оролцохын тулд мөнгөн хөрөнгийг 100 хувь урьдчилан байршуулдаг, түүнчлэн олон улсын кастодиан банк байхгүй зэрэг шалтгааны улмаас 2017 онд Хөгжиж буй зах зээлийн ангилалд орж чадалгүйгээр “Ажиглалтын жагсаалт”-аас хасагдаж байв.

Санхүүгийн зохицуулах хороо дээр дурдсан асуудлын хүрээнд бодлогын арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч үнэт цаасны төлбөр тооцооны горимыг олон улсын жишигт нийцүүлэх ажилд онцгойлон анхаарч Сангийн яам, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК, “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогч байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллаж, үнэт цаасны дараа төлбөр тооцооны T+2, төлбөрийн эсрэг нийлүүлэлт зарчмыг нэвтрүүлэх шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сард гаргасан.

Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болон мэргэжлийн оролцогч байгууллагууд бэлтгэл ажлыг ханган системийн хэмжээнд энэхүү горимд 2020 оны 3 дугаар сард амжилттай шилжсэнээр манай улсын үнэт цаасны төлбөр тооцооны горим олон улсын жишигт нийцсэн цаг үеэ олсон шийдвэр байсан. Үүнээс хойш Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагч, зах зээлд оролцогчдыг дэмжиж, үнэт цаасны арилжааны шимтгэл, хураамжийг бууруулах чиглэлээр бодлого, зохицуулалтын цогц арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс ангилал ахих боломж нэмэгдсэн.

Тэгвэл өнгөрсөн жил буюу 2021 оны есдүгээр сард FTSE Russell-с Монгол Улсыг Хөгжиж буй зах зээл (Frontier market) ангиллын “Ажиглалтын жагсаалт”-д буцаж орсон талаар албан ёсоор мэдэгдсэн бол 2022 оны есдүгээр сарын 29-ний өдөр FTSE Russell группээс Хөгжиж буй зах зээл (Frontier Market) ангилалд албан ёсоор орсон талаар мэдээллээ.

FTSE Russell-с гаргадаг энэхүү ангилалд Монгол Улс орсноор манай улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлж, хөгжлийг хурдасгах нөхцөл бүрдэх чухал ач холбогдолтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *