Газрын багц хуулиудын төслийг Улсын Их Хурлын гишүүдэд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг боллоо.
Уулзалтанд Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга А.Энхманлай нар газрын харилцааны эрх зүйн орчны шинэчлэлтэй холбогдуулан хуулийн төслийн үзэл баримтлал, салбарын хөгжлийн бодлого, төлөвлөлт, Газрын багц хуулиудын төслийн талаар танилцуулга, мэдээлэл хийсэн юм.
Хуулиудын төсөл батлагдсанаар газрын шинэтгэл хийгдэж нийгэм, эдийн засагт дараах эерэг үр дүн гарах юм.
- Иргэн, хуулийн этгээд газраа газрын цахим биржээр нээлттэй арилжаалах боломжтой болно.
- Төрөөс газрын эрх авч байгаагүй зорилтод бүлгийн иргэд тэргүүн ээлжинд газар авах боломж бүрдэнэ.
- Төрөөс иргэдэд үзүүлэх газартай холбоотой үйлчилгээний шат дамжлага, хугацаа багасна.
- Газрын эрх баталгаажиж, газарт оруулах хөрөнгө оруулалт хамгаалагдана.
- Иргэн бүр газрыг тэгш, хүртээмжтэй авах боломж бүрдэнэ.
- Газрыг аж ахуйн эргэлтэд оруулах замаар иргэдийн амьжиргааг дэмжинэ.
- Нийтийн зориулалттай орон сууц болон олон өмчлөгчтэй барилгын доорх газрын эрхээ өмчлөгчид дундын мэдлийн газрын эрхээр шилжүүлэн авах боломж бүрдэнэ.
- Нэгдсэн төлөвлөлт, бүртгэлд суурилсан салбар дундын зохицуулалт бүхий Газрын нэгдмэл сангийн нэгдсэн удирдлагын тогтолцоо бүрдэнэ.
- Газар, байгалийн нөөц баялгийг тэнцвэртэй төлөвлөж, удирдах замаар хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангаж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлнэ.
- Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, газрын төлбөр, татварыг оновчтой тогтоож, төсвийн орлого нэмэгдэнэ.
- Иргэдийн нийгмийн зайлшгүй хэрэгцээнд шаардлагатай дэд бүтэц, барилга, байгууламж барих газрыг нөхөх олговрыг олгож газрыг чөлөөлөх боломж бүрдэх юм.
- Газрын мэдээлэл, үйлчилгээ ил тод, нээлттэй болсоноор иргэдийн төрд итгэх итгэл нэмэгдэх юм.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд болон зөвлөхүүдээс олон чухал саналуудыг гаргасан бөгөөд цаашид тодорхой чиглэлээр уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөж байна