Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон. Энэ үеэр Гадаад хэргийн яамнаас тус чуулгыг “Монгол Улсын Соёлын элч” хэмээн өргөмжилсөнийг зарлаж, батламж гардуулан өглөө.
1992 оны долдугаар сард Морин хуурын чуулга байгуулах тухай Засгийн газрын тогтоол гарч, 1993 онд бүрэлдэхүүнээ “бүтээж”, тус оны дөрөвдүгээр сарын 16-нд анхны тоглолтоо хийж “Морин хуурын чуулга” мэндэлсэн түүхтэй.
1996 оноос хойш энэ цагийг хүртэл Морин хуурын чуулга Япон, БНХАУ, Буриадын бүгд найрамдах улс, ӨМӨЗО, Хойд Солонгос, БНСУ, Австри, Швейцарь, Канад, Турк, АНУ, Франц, Макао, Герман, Итали, ОХУ, Тайвань, Вьетнам, Хонгконг, Бельги, Португали, Казакстан, Халимаг зэрэг олон орны ард түмэнд монгол хүний түүх, ахуй амьдрал, соёл, сэтгэлгээний эгшгэн илэрхийлэл болсон хуурын аялгууг хүргэжээ.
Ингэхдээ дэлхийн алдарт театр, концертын танхимд тоглолтоо толилуулж, Монголын урлагийн түүхэнд тодоор бичигдэх түүхийг бичсэн билээ. Тодотговол, АНУ-ын Нью-Йорк хотын “Карнеги холл”, НҮБ-ын танхим, Францын ЮНЕСКО-гийн танхим, Австрийн Вена хотын филармони, Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог ОХУ-ын Большой театр, өмнөд хөршийн “Үндэсний их театр” буюу “Сувдан театр”, Мариинский театр, Японы эзэн хааны ордонд эгшгээ хүргэсэн юм.