Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мьянмар улсад монгол иргэд хүний наймааны хохирогч болсон нь тогтоогджээ DNN.mn

Мьянмарт монгол иргэд хүний наймааны хохирогч болсон нь тогтоогджээ

Хүн худалдаалах гэмт хэргийн талаар Тагнуулын Ерөнхий Газраас иргэддээ сэрэмжлүүллээ.

Сэрэмжлүүлгийг бүрэн эхээр хүргэж байна.



Цар тахлын хөл хорио тавигдсантай холбоотой Зүүн Өмнөд Азийн орнуудад 20-35 насны залуучууд хүн худалдаалах гэмт хэрэгт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал нэмэгдэх боллоо. Тухайлбал, дотоод мөргөлдөөний улмаас газар нутгийн зарим хэсэг нь зэвсэгт босогчдын мэдэлд ороод байгаа Мьянмар улсын “КП парк” гэх газар Монгол Улсын тодорхой тооны иргэд хохирогч болсон нь тогтоогдоод байгаа юм. Тус паркт цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг болон мансууруулах бодисын хууль бус худалдаа зохион байгуулдаг талаар хил залгаа орнуудын хууль сахиулах байгууллагаас анхааруулж, өөрийн иргэдээ гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлж эхэлсэн.

Дээрх гэмт хэргээ хэрэгжүүлэхдээ цахим орчинд англи, хятад хэлний орчуулагч, хүний нөөцийн мэргэжилтэн, оператор зэрэг ажилд өндөр цалин, хангамж амласан худал зар, мэдээлэл оруулж, иргэдийг хууран мэхэлж авчирч байна. Улмаар онгоцны тасалбар, даатгал, зочид буудал, хоолны зардлыг хариуцсан нэрээр өрийн дарамтад оруулан хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх замаар цэрэгжсэн хамгаалалт дор албадан хөдөлмөр эрхлүүлдэг. Хохирогчид бусдын хүчинд автан, тус бүсэд шинээр хүн олж авчрах, зуучлах ажлыг гүйцэтгэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна.

Гадаадын хууль сахиулах байгууллагаас “КП парк”-д хоригдож, албадан хөдөлмөр эрхэлж буй иргэдээ чөлөөлж, эх оронд нь буцаах ажиллагааг тасралтгүй хэрэгжүүлж байгаа боловч тухайн бүс нь зэвсэгт босогчдын мэдэлд байгаа тул энэ ажил удаашралтай байгаа.

Тагнуулын Ерөнхий газраас хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэдээ Монгол Улсад аюулгүй буцаан авч ирэхээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Иймд хөдөлмөрийн таатай нөхцөл амлаж, өндөр цалинтай ажилд зуучилна гэх худал мэдээлэлд хөтлөгдөн гадаад улсад зорчихоос сэрэмжлүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн, хамтран оролцсон тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэйг анхаарна уу.

Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл.Хүн худалдаалах

1.Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

  • 2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;
  • 2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж;
  • 2.3.Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  • 3.Энэ гэмт хэргийг:
  • 3.1.байнга тогтвортой;
  • 3.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *