Өнгөрөгч есдүгээр сарын 24-25-нд шилжих шөнө ОХУ-ын иргэн “Д” манай улсын иргэн “Г”-г тархин тус газарт нь алхаар цохиж, маш хүнд гэмтээсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл ГССҮТ-д маш хүнд байдалтай, ухаангүй хэвтэн эмчлүүлж байсан хохирогч “Г” өчигдөр орой /2022.09.30/ шархаа даалгүй нас баржээ.
Хэрэг явдлыг сануулбал, 2022 оны есдүгээр сарын 25-ны 00:30 цагт Баянгол дүүргийн дугаар тоотод Буриад улсын иргэн цагдаа дуудаад өгөөч гээд байна гэх дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очсон байдаг.
Ингэхэд Оросын холбооны улсын иргэн “Д” 2022 оны есдүгээр сарын 22-23-ны өдөр Монгол улсын хилээр нэвтэрсэн. Улмаар хил дээр танилцсан Монгол Улсын иргэн “А”-ын гэрт түрээс төлж амьдрахаар 2022.09.24-ний өглөө 09.00 цагт ирсэн байна.
Энэ өдөр “А”, “Д” нар нь тус байрны тоотод оршин суух “Г”-ийн гэрт орж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бөгөөд улмаар Монгол Улсын иргэн “Г”, ОХУ иргэн “Д” нар муудалцаж “Д” нь иргэн “Г”-ын толгойн дагзан тус газар алхаар гэмтээсэн. “Д” үүний дараа цагдаад дуудлага өгсөн нөхцөл байдал тогтоогдож хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж буй юм.