Германд эрчим хүч, хүнсний үнийн өсөлтөөс шалтгаалан есдүгээр сард инфляцын түвшин 10 хувьд хүрч өсжээ.
Наймдугаар сард энэ үзүүлэлт 7.9 хувьтай байсан юм. Эрчим хүчний үнэ Орос Украин руу довтолсноос хойш эрс өссөн нь инфляцын түвшинд ийнхүү нөлөөлж байна.
Германы Статистикийн газрын /Destatis/ мэдээлснээр, энэ оны есдүгээр сард эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үеийнхээс 43.9 хувиар өсжээ.
Канцлер Олаф Шольц пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ, эрчим хүчний үнийг бууруулахын тулд 150-200 тэрбум еврогийн өртөг бүхий багц арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Мөн пүрэв гарагт “RWI” судалгааны байгууллагаас Германы эдийн засгийн хэтийн төлөвийн талаар төсөөллийг танилцуулжээ. Үүнд хийн зах зээлийн хямрал, эрчим хүчний үнийн өсөлт зэрэг нь Германы эдийн засгийг уналтад оруулж магадгүйг тэмдэглэсэн байна.
“Эрчим хүчний эх үүсвэрийн өндөр үнэ нь Германы эдийн засгийг уналтад хүргэх хамгийн том хүчин зүйл болоод байна” гэж “RWI” байгууллагын эдийн засгийн ахлах судлаач Торстен Шмидт мэдээлсэн байна. Мюнхений “ifo” хүрээлэнгийн тооцоолж буйгаар, инфляц ирэх онд дунджаар 8.8 хувьтай байх төлөвтэй байна.