Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажлын айлчлал хийж, Дүрмийн 4 дүгээр заалтын дагуу хэлэлцүүлгийг хийж дууссан талаараа Лхагва гаригт мэдээлэл өглөө.
Хэдийгээр цар тахлын нөхцөл байдал шувтарч, эдийн засгийн сэргэлт явагдаж, экспортын гарц бага багаар нэмэгдэж байгаа сайн шинж тэмдэг байгаа нь Монгол Улсын нөхцөл байдал амаргүй байна. УИХ, Засгийн газар энэ хэвээр төсвийн үрэлгэн бодлого явуулбал нийт ард иргэд наад захын хэрэгцээгээ илүү өндөр үнээр авах, нөхцөл байдал улам хүндрэхээр байгааг ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч, хатагтай Ангана Банержи онцгойлон анхааруулсан юм.
Түүний танилцуулсан эдийн засгийн нөхцөл байдлын үнэлгээ болон зөвлөмжийг хүргэе.
- Импортоор дийлэнх хэрэгцээгээ хангадаг Монгол Улсын хувьд дэлхийн зах зээлд газрын тос, хүнсний үнэ өндөр буюу нийлүүлэлтийн хүчин зүйлээс хамаарч инфляц өндөр байсан бол одоо дотоодын эдийн засгийн идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор инфляц буурахгүй байна. Дотоод эрэлт нэмэгдсэн нь инфляцыг өдөөх нэг хүчин зүйл болж байна.
- Өнгөрсөн хоёр жилд Засгийн газар, УИХ бүх хүнд дэмжлэг үзүүлэхдээ орлогын ялгааг харгалзалгүйгээр хавтгайруулан их хэмжээний дэмжлэг үзүүлсэн. Хэдийгээр цар тахал дуусаж байгаа ч энэ дэмжлэг он дуустал үргэлжлэн олгогдохоор байна. Үүнтэй зэрэгцээд Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмсэн. Удахгүй цалин хөлсний доод хэмжээг нэмэх гэж байна. Энэ бүхэн хүмүүст байгаа мөнгөний хэмжээг нэмэгдүүлж байна. Ялангуяа, чинээлэг өрхүүдэд мөнгөний дэмжлэг төдийлөн шаардлагатай бус. Үндсэн хэрэгцээгээ хангалттай хангаж чадаж байгаа хүмүүст нэмэлт дэмжлэг орж ирэхээр тэр нь бусад хэрэгцээндээ буюу гадаад аялал зэргээр зарцуулагдаж байна.
- Хоёрдугаарт Монгол Улсад тулгарч байгаа, анхаарах шаардлагатай дараагийн том сорилт бол төгрөгийн ханш, гадаад валютын нөөц. Хэдийгээр экспортын орлого нэмэгдэж байгаа ч импортын хэмжээ өсөөд байгаа. Үүний нэг шалтгаан нь цар тахлын үед чинээлэг өрхүүдэд шаардлагагүй санхүүгийн дэмжлэг үзүүлсэн. Уг дэмжлэгээр нэмэлт хэрэгцээнд зарцуулах боломж нээгдсэн.
- Түүнчлэн бидний олж мэдсэн мэдээлэл бол өнгөрсөн онд Засгийн газрын зөвшөөрөлтэйгөөр Монголын томоохон ТӨК-ууд Хятадын ТӨК-уудтай хөрөнгө оруулалтын гэрээнүүд хийсэн байна. Тэр гэрээгээр экспортод гаргасан борлуулалтын орлогоо тэр компаниудтай ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан. Тэгэхээр экспортоос орж ирэх ёстой валютын урсгал нь Монгол Улсад орж ирэхгүйгээр Хятадын гэрээт компанид үлдэж байна гэсэн үг. Гэрээнүүд нь Монгол Улсад хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүд байгаа юм байна. Энэ гэрээнүүдийн талаар мэдээлэл олж авч чадаагүй бөгөөд зарим нь улсын нууцад хамааралтай тул мэдээлэл олох боломжгүй байна. Хамгийн гол нь Монгол Улсаас гарч байгаа ашигт малтмалын борлуулалтын орлого бүхэлдээ Монголд орж ирэхгүйгээр томоохон дэд бүтцийн төслүүдэд зарцуулагдаж байна. Эдгээр төслүүд нь мөн импортын хэрэгцээг нэмэгдүүлж байна.
- Төгрөгийн ханш унах дарамт бий болсонтой холбоотойгоор Монголбанк төгрөгийн ханшийг уян хатан, илүү зах зээлийн зарчмаар тогтох нөхцөлийг нь бүрдүүлэн ажиллаж байгаа. Мөн бодлогын хүүг нэмэх арга хэмжээ авсан. Гэхдээ Монголбанк дангаараа ийм арга хэмжээ авлаа гээд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл төгрөгийн ханшийн уналт хөрөнгө оруулалтын төслүүдийн импортыг дэмжиж байгаад төдийлөн нөлөөлж чадахгүй.
- Нөхцөл байдал нэлээд амаргүй байна. Ялангуяа, валютын нөөц дундарсан. Тэгэхээр Засгийн газар, УИХ шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал ноцтой байна. Дараа жил буюу 2023 он Монгол Улсын хувьд чухал жил. Хэд хэдэн гадаад зээлийн эргэн төлөлт хийгдэхээр байгаа. Монгол Улсад тулгарч байгаа бэрхшээлийг даван туулахад бодлогын шийдэмгий шийдвэр гаргах хэрэгтэй байна.
Засгийн газрын хувьд төв банкнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжих хэрэгтэй. Төсвийн хөрөнгө оруулалт, ТӨК-уудын хөрөнгө оруулалтыг бууруулах хэрэгтэй. Тэгж байж төсвийн алдагдал буурна. Хэрэв тэгэхгүй бол Монголбанк бодлогын хүүгээ дахиж өсгөх шаардлага үүснэ. Тэгвэл жирийн иргэд өр зээлээ төлөхөд хүндрэлтэй болно гэлээ.
ОУВС-ийн Ажлын хэсэг ирж ажиллах хугацаандаа Засгийн газар болон Монголбанкны төлөөллүүдтэй өргөтгөсөн уулзалт, яриа хийжээ. Үүнд тулгуурлан дараах зөвлөмжүүдийг ОУВС өгч байна.
- Юуны түрүүнд төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох хэрэгтэй. Монголбанк ипотекийн зээлийг энэ оны эцэс гэхэд дуусгавар болгож, хэрэгжилтийг нь зогсоох хэрэгтэй байна. Ипотекийн зээлийн хөтөлбөртэй холбоотойгоор барилгын салбарын үйл ажиллагаа маш идэвхтэй явж байгаа. Барилга барихын тулд Монгол Улс ихэнх орцоо импортоор авах хэрэгтэй болж байна. Импорт нэмэгдэхийн хэрээр гадаад валютын нөөц шавхагдаж байгаа. Валютын нөөц багасаж байгаа ийм үед энэ арга хэмжээг авахаас өөр арга байхгүй. Яагаад гэвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд энэ чиглэлээр хязгаарлах арга хэмжээ ерөөсөө аваагүй.
- 2023 оны төсвийн төслөөр Засгийн газраас хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгосныг бид дэмжиж байна. Монгол Улсын боломжийн орлоготой хүмүүс илүү өндөр татвар төлөх нь зүйтэй гэж бодож байна. Тэгвэл энэ хэмжээгээрээ гадаад валютын нөөц багасахгүй байхад дэмжлэг болох учиртай.
- Дараагийн нэг дэмжиж байгаа бодлого нь Засгийн газраас Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт шилжүүлэхийг дэмжиж байгаа. Ийм зайлшгүй шаардлага үүсээд байна. Бидний уулзаж, ярилцаж байсан хүмүүс дундаас том компанийн захирал хүмүүс хүүхдийн мөнгө авч байгаа тохиолдол байхад онгоцны буудлаас хүргэж өгсөн таксины жолоочийн хүүхэд тэр мөнгөө авдаггүй болж таарсан. Тэгэхээр одоогийн хавтгайруулан олгож байгаа хүүхдийн мөнгө чинээлэг өрхүүдэд илүү их өгөөжтэй байна гэж үзэж байгаа. Зорилтот бүлэгт чиглүүлээд чинээлэг бүлгийн хүүхдүүдээс хэмнэсэн мөнгийг ядуу эмзэг бүлгийн хүүхдүүдэд илүү хүртээх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй.
- Цар тахалтай холбоотойгоор эдийн засаг нэлээд хүнд байсан. Энэ үед ядуу эмзэг бүлгийнхэн нэлээд цохилт амссан. Одоо инфляц өндөр болсонтой холбоотойгоор ядуу, эмзэг бүлэг давхар хүнд байдалд байгаа. Үнэхээр хэрэгцээтэй бүлэгтээ л дэмжлэгийг чиглүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Өндөр орлоготой өрхүүд хуримтлалаараа даваад гарах бүрэн боломжтой. Тиймээс хэрэгцээтэй хүмүүст нь онцгойлон олгож, чинээлэг бүлгийн, авах шаардлагагүй хүмүүс авахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй.
- Эцэст нь төсвийн болон ТӨК-ийн хөрөнгө оруулалтын асуудал байна. УИХ-аас хөрөнгө оруулалтуудыг эргэж харж, эрэмбэлэх, ил тод болгох хэрэгтэй. Үнэхээр энэ цаг үед хэрэгжүүлээд үр өгөөжөө хүртэх боломжтой гэсэн төслүүдээ сонгоод, бусад онцгой шаардлагагүй төслүүдээ хойшлуулах, зогсоох зэргээр шийдвэр гаргах хэрэгтэй. Учир нь гэрээнүүд хэрэгжсэнээр нийт Монголын ард түмэнд нөлөөлж болохуйц уршиг гарч болзошгүй. Тэр нь импортын хэрэгцээ нэмэгдсэнтэй холбоотой гадаад валютын нөөц буурснаар нийт иргэдийн амьдралд шууд нөлөөлөх үр дагавартай. Тиймээс яагаад энэ цаг үед энэ төслүүдийг заавал хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг тайлбарыг маш сайн өгөх хэрэгтэй вэ.
- Дүгнэж хэлэхэд, Засгийн газар, УИХ-аас 2023 оны төсөв дээр зөв шийдвэр гаргахгүй бол Монгол Улсын нөхцөл илүү ноцтой байдал руу шилжихээр байна. Гадаад валютын нөөц, төгрөгийн ханшийн уналт нь эргээд инфляцыг өдөөх болно. Ихэнх хэрэгцээнийхээ бүтээгдэхүүнийг импортоор авдаг учраас шууд инфляц нэмэгдээд явдаг. Гадаад валютыг ашиглах эрэлтийг хязгаарлахгүй бол Засгийн газарт хүнд байдал тулгарахаар байна. Ард иргэд үндсэн хэрэгцээгээ илүү өндөр үнээр авах шаардлагатай болж байгаа учраас Засгийн газар, УИХ шийдвэртэй арга хэмжээ авах цаг нь болсон байна.