Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Бензинээ мал, махаар сольж болохгүй юу? DNN.mn

Монгол Улс ам.долларын хомсдолд орж, ханш нь 3400 даваад явчихлаа. Гадаад худалдаандаа үргэлж алдагдалтай явж ирсэн манай улс ам.доллар олохоосоо илүү, үрэх нь их. Шатахуун, хүнснээс эхлээд өргөн хэрэглээний бараа бүтэгдэхүүнийхээ ихэнх хувийг гадаадаас валютаар худалдаж авдаг. Өдөр ирэх тусам энэ хэрэглээ нэмэгдэж, валютын гадагшлах урсгал ч нэмэгдсээр…Ийнхүү бид өнгөрсөн хугацаанд ам.доллараа гадагш урсгаж сууснаас олох боломжийг төдийлөн эрэлхийлээгүй. Уул уурхайн түүхий эдээ экспортолж л орлого олж байгаагаас өөрөөр валют олж байгаа салбар бараг алга. Тийм ч учраас манай эдийн засгийг хүрэн эдийн засаг гэж нэрлэдэг.

Хэдэн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан М.Билэгт эдийн засгаа солонгоруулах мэргэн санаа олсноо хэлсэн ч бүгд шоолоод өнгөрч байлаа. Тэрээр “Бид газрын доорх баялгаа л экспортолж валют олох тухай яриад байдаг. Мал аж ахуйн салбарын бүтээгдэхүүнээ экспортолж, эдийн засгаа солонгоруулмаар байна. Бид жилдээ нэг тэрбум ам.долларын шатахуун хэрэглэдэг. Төр зохицуулаад 20 сая бог малаар шатахууны бартер хийж болно шүү дээ. Энэ талаар Сангийн сайд юу гэж бодож байна вэ” хэмээн асууж байв. Тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар түүний асуултад “Сангийн яам малаар шатахуун солих наймаа ярьдаггүй. Бид бодлогоо ярина. Бизнес эрхлэгчид тэр бизнесээ хийвэл зүгээр” хэмээн инээмсэглэн хариулж байлаа.

УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн хэлсэн шиг хониор шатахуун бартердана гэдэг нь бас л нэг арга юм. хониор шатахуун авах нь бодох арга байжээ. УИХ-ын гишүүн асан М.Билэгт ингэж хэлсэндээ харин олны доог тохуу болж байсан. Амтай болгон л түүнийг шоолж байсан. Эргээд харахад энэ бол үнэн хэрэгтээ ажил хийж үзсэн, бизнес хийж үзсэн хүний үг байж. Ортой үг байж гэдэг нь орой руу орж ирж байна. Харин хонио экспортолж ам.доллар олох боломжтой. 25 сая хоньтой Шинэ Зеланд улс жилд хонины махны экспортоосоо 2.5 тэрбум ам.долларын орлого олдог байна. Гэтэл 35 сая хоньтой манай улс яагаад экспортын орлогоо нэмэгдүүлэх боломжгүй гэж. Уг нь манай улсаас БНХАУ-д хандивласан 30 мянган хонины махыг тус улс үнэгүй сайхан рекламдаж өгсөн. Даанч манайх түүнийг нь ашиглаж маркетинг хийгээгүй л болохоос биш. Түүнчлэн сүүгээрээ дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад дээр нь БНХАУ-руу экспортод гаргадаг болвол сүүний экспортоос жилдээ хэдэн тэрбум доллар олох боломжтойг ч эдийн засагчид хэлж байгаа.

Бид өнөөдөр хамаг байдаг доллараа бензинд өгч байна. Доллар зарж байгаа гол зүйл ердөө шатахуун болчихлоо. Хойд хөрш шатахууны экспортоо хумих төдийд Монгол Улсад хэр хэмжээний том асуудал үүсэж болохыг монголчууд мэднэ. Гэтэл бид газрын тос боловсруулах үйлдвэр барина гэж яриад зургаан жил боллоо. Цагтаа бид өөрсдийн гэсэн нефтийн үйлдвэртэй байсан улс. Зүүнбаянгийн нефтийг маш сайн байсан гэж хүмүүс ярьдаг. Угтаа өнөөх үйлдвэр маань Сибир лүү том орд нээгдлээ гэдэг нэрийдлээр хаагдсан байдаг. Бид өөрсдөө шатахуунаа үйлдвэрлээд чадаж л байсан. Одоо л нэг их сүр болгоод байгаагаас биш. Бид өнөөдрийг хүртэл мунгинасаар байтал хамаг доллараа бензинд төлөөд дуусах нь. Шатахуунаа доллараар биш рублиар авъя гэхээр тэр их рубль чинь хаана байна аа гээд байдаг. Тэгвэл Оростой шатахууныг нь мал махаараа бартер хийж авъя л даа. Махаа дэлхийн зах зээлийн үнээр заръя. Шатахууныг нь ч дэлхийн зах зээлийн үнээр авъя. Бидэнд ийм нэг арга зам байна. Энэ бол зүгээр л нэг жишээ. Заавал малаар шатахуунаа бартердах гээд байгаа юм биш.

Арваад жилийн өмнө юмдаг, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад эмч Б.Болдсайхан, “Хас”-ын Ч.Ганхуяг тэргүүтэй хүмүүс Төрийн ордон руу салаавч гаргаж байлаа. Төгрөг үнэгүйдэж, доллар галзуурч байгааг салаавчаар эсэргүүцсэн нь тэр л дээ. Тэр үед долларын ханш дөнгөж 1700 төгрөг л давж байв. Тэгвэл өнөөдөр нэг нь 3450 монгол төгрөгтэй дүйж очиж буй ам.доллар олдоц ч үгүй болтлоо ховорджээ. Инфляци өсөх, төгрөгийн ханш сулрах нь Засгийн газарт ашигтай. Учир нь, Засгийн газар төсвийн орлогынхоо багагүй хувийг доллароор зардаг экспортоос бүрдүүлж буй учраас ашигтай байгаа юм. Доллар тэнгэрт тултал өсч байхад Засгийн газар улам бүр долларыг хөөргөж байна. Бүр өөгшүүлж байна. Эрх баригчид баахан л бодлого гаргадаг. Тэр нь иргэдийн амьдралд эерэгээр наалдаж байгаа юм лав алга. Эрх барьж байгаа намынхан хөрсөн дээрээ буумаар байх юм. Доллар олох ямар арга байна, тэр гарц нүх сүвийг бүгдийг нь эрж хайж олмоор байх юм даа. Үүний дотор мал махаараа бартердах нь нэг арга мөн гэж харагдаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *