Categories
мэдээ нийгэм улс-төр

“Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо DNN.mn

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс хамтран “Төсвийн бодлогын шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр ( 2022.09.22) төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэв. Төсвийн бодлогын асуудлыг нээлттэй хэлэлцүүлж, ил тод байдлыг хангахад УИХ-аас онцгойлон анхаарч байгаа учраас энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж гэж УИХ-ын дарга ярианыхаа эхэнд тодотгосон.

Тэрбээр, “2014 оноос хойш нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого дунджаар 11.9 хувиар өссөн байхад зардал 12.6 хувиар нэмэгдсэн байна. Төсвийн орлого зарлагын өсөлтийн хувь ойролцоо байгаа боловч ДНБ-д эзлэх зарлагын хувь орлогоосоо дунджаар 4 функтаар илүү байна. Энэ нь нэгдсэн төсвийн тэнцвэруүүлсэн тэнцэл алдагдалтай гарахад нөлөөлсөөр ирлээ. Улмаар алдагдлыг өр зээлээр нөхөх замаар шийдвэрлэж, тухайн жилд авсан зээлийн заримыг өмнөх зээлээ төлөхөд үлдсэн хэсгийг төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсаар ирлээ. Тиймээс зээлийн үр ашиг, удирдлагын асуудал төсвийн нэг бүрэлдэхүүн хэсэг байх шаардлагатай байна.

Жишээлбэл 2020 онд 5 их наяд төгрөгийн гадаад зээлийн эх үүсвэрийг дайчилж, 2,4 их наяд төгрөгийг зээлийн төлбөрт 2021 онд 4,3 их наядын гадаад эх үүсвэр бүрдүүлснээс 3,8 их наядыг зээлийн төлбөрт зарцуулсан байна. Энэ жил улсын төсөвт ойролцоогоор 1,3 их наяд төгрөгийг зээлийн үйлчилгээний төлбөрт төлөхөөр байна. Засгийн газрын нийт өр 2022 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 32,4 их наяд төгрөгт хүрсэн. Үүнээс 28,7 их наяд төгрөг буюу 88,6 хувь Засгийн газрын гадаад өр үлдсэн 3,7 их наяд төгрөг буюу 11,4 хувь нь засгийн газрын дотоод өр, засгийн газрын баталгаа, концессын өр, орон нутгийн зээл эзэлж байна. Ийм байдлаар цаашид явж болохгүй нь нэгэнт тодорхой. Ийм учраас юу хийх, ямар бодлого баримтлах, хамгийн гол нь төсвийн сахилгыг хэрхэн сайжруулах талаар нэг мөр шийдэж, урт хугацаанд тогтвортой мөрдөх нь чухал байна.

2010 онд төсвийн тогтвортой байдлын тухай хуультай болсон. Гэвч энэ хууль болон төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөллийн тухай хуульд цар тахал, геополитик, гадаад дотоод нөхцөл байдлаас шалтгаалаад гэнэтийн давагдашгүй нөхцөл байдал үүслээ гэдэг үндэслэлээр өөрчлөлт оруулсаар ирсэн. Гэсэн ч ийм бус үед ч 2015 онд хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Засгийн газрын өрийн үлдэгдлийн ДНБ-д эзлэх хэмжээг 2015 онд 58,3 хувиас 2016 онд 55 хувиас 2017 онд 50 хувиас 2018 онд 40 хувиас хэтрүүлэхгүй байхаар зааж өөрчилсөөр ирсэн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийнхаа үндсэн агуулга, үзэл санааг алдагдуулсан байна.

Өрийн хэмжээ нэмэгдснээс шалтгаалж 2016 оноос хойш зээлийн үйлчилгээний төлбөрт дунджаар НЭГ их наяд төгрөг төлж байна. Үүнээс 80 гаруй хувийг гадаад зээлийн үйлчилгээний төлбөр эзэлж байгаа нь гадаад валютын эрэлт, ханшийн өсөлтийг бий болгож байна. Төлбөрийн тэнцлийн гол нөлөөлөх хүчин зүйл нь манай улсын экспорт төрөлжөөгүй, 92 хувь нь дан ганц уул уурхайгаас хамаарсан байдлаас шалтгаалж байгаа гэдгийг онцлон тэмдэглэмээр байна” гэв. Хэдийгээр ийм хүндрэлтэй байдлууд байгаа ч ирээдүй өөдрөг байгааг хэлэх нь зүйтэй. 2023 оноос уул уурхайн экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ өндөр байх, Оюу толгойн далд уурхайн олборлолтоос олох орлого нэмэгдэнэ. Далд уурхай ашиглалтад орно. Гэхдээ үүнд тайвширч болохгүй. Төсвийн бодлогын хувьд ойрын хугацаанд дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх нь чухал” гэж үзэж байгаагаа хэлэв.

1. Төсвийн орлогыг бүх түвшинд нэмэгдүүлэх

Үүний тулд экспортлогч орон болох зорилтоо бодитой хэрэгжүүлэх шаардлагатай. Хөдөө аж ахуйн гол нэр төрлийн бүтээгдэхүүний экспорт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл шатуудыг бодлогоор дэмжих, гадаадын зээл тусламжаар зөвхөн эдийн засагт бодит үр өгөөж өгөх төсөл, арга хэмжээг санхүүжүүлдэг болох хэрэгтэй. Нэмэгдсэн өртгийн албан татварын тогтолцоог боловсронгуй болгох замаар далд эдийн засгийг бууруулах, инфляцийг бууруулахад дэмжлэг болох эдийн засгийн өсөлтийг тэнцвэржүүлэх эсрэг мөчлөг бүхий салбаруудыг хөгжүүлэх, нэмүү өртөг өндөртэй салбаруудын хөгжлийг дэмжих, хөрөнгийн зах зээл, дотоод бондын зах зээлийг хөгжүүлэх нь чухал байна.

2. Зардлыг бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлэх

Үүний тулд халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, хэмнэлтийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглүүлэх, хүүхдийн мөнгөний тогтолцоог оновчтой болгох, хөрөнгө оруулалтаар дамжуулан дотоодын эх оронч худалдан авалтыг дэмжих зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь зүйтэй байна гэсэн юм.

Мөн УИХ цаашдаа төсвийн гүйцэтгэлийг нээлттэй сонсгол, хэлэлцүүлгээр үр дүнг хэлэлцдэг төсвийн хяналтын шинэ зарчмыг мөрдүүлэхээр төлөвлөж байгаа талаар УИХ-ын дарга Г. Занданшатар ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *