Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Тарваган тахалгүй болох арга нь агнуурын хориог цуцлах DNN.mn

Ан амьтны тоо толгойг нэмэгдүүлэх зорилгоор хамгаалалтад авах, агнахыг хориглосон хугацааг зааж өгдөг ч манайх шиг тас хорьчихдог орон гэж байхгүй. Үүний тод жишээ нь тарвага. Тарвагыг 2010 оноос хойш өнөөг хүртэл агнахыг хориглосон. Жил бүр л тарвага агнасан иргэнийг шийтгэх хуулийг чангалсаар ирсэн. Угтаа устаж болзошгүй, тоо толгой нь эрчимтэй өсдөггүй, эмзэг ан, амьтдыг агнахыг хатуу хориглож болно. Гэвч тарвага бол энэ төрөл зүйлд хамаарах амьтан биш. Эсрэгээрээ үржих чадвар сайтай, тархалт, идээших чадвар сайтай мэрэгч амьтан.

Хатуу хориглосон жилүүдэд тарваганы тоо толгой эрчимтэй өсөж, сүргийн болон удмын бүтцэд нь гажиг өөрчлөлтүүд орох болсон талаар биологичид хэлж байна. Өөрөөр хэлбэл, цус ойртох, бусад халдварт өвчнөөр өвчлөх зэрэг нь элбэг болсон ажээ. Үүнээс болоод тарваган тахал сүүлийн жилүүдэд эрчимтэй бүртгэгдэж, уг тахлаар нас барах хүний тоо жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Хэрэв анхнаасаа тарвага агнахыг хориглодоггүй байсан бол яах вэ. Тахал гэж бараг гарахгүй байх байсан. Анчид хэзээ ч ан амьтны үр төл, эм буюу үржлийн идэвхтэй байгааг нь агнадаггүй. Хамгийн хөгшин, тухайн сүрэгт үр удмаа үлдээчихсэн, залуу эрэгчингүүддээ зайгаа тавьж өгдөггүй бүдүүнийг нь шилж агнадаг. Тэр утгаараа тарвагыг ч адилхан хөхүүл болон мөндөлүүдийг агнадаггүй. Агнаад ч нэмэргүй. Нөгөөтэйгүүр ил, далд байдлаар агнаж, агнасан тарвагаа өндөр үнээр зарахгүй. Өөрөө хэлбэл, хэн ч агначихаж болох зүйлийг хүн өндөр үнэ төлж авахгүй шүү дээ. Тиймээс цаашид тарваган тахалтай бодитой тэмцье гэвэл агнуурын хориог цуцлах явдал юм. Нуугдаж, хаагдан хаа хамаагүй тарвага агнах, тэр дундаа хавхаар агнах нь өвчлөл, тахалд өртөх өндөр эрсдэлийг бий болгож байна.

Тиймээс агнуурыг хориог чөлөөтэй болгож, харин тахлын эрсдэлээс хэрхэн сэргийлэх талын зөвлөгөө мэдээллээ идэвхтэй өгөх хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *