Categories
мэдээ нийгэм

Сэтгэл гутрал нь хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг DNN.mn

ДЭМБ-аас нийт 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын 1 нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэж тэмдэглэгджээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг аж.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэддэг бөгөөд үүний 2,3 хувийг нь сэтгэл гутрах эмгэгтэй иргэд эзэлжээ.

Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй гарчээ. Ийнхүү сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг бөгөөд сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа егүүтгэх явдал юм. Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа егүүтгэх тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байгаа нь харагдсан юм.

Энэ бүхнээс сэтгэл гутрах эмгэг дэлхийн дахинд болон манай улсад түгээмэл тархсан сэтгэцийн эмгэг болох нь харагдаж байна. Хүмүүс сэтгэл гутралд өртөж байгаа хэдий ч түүндээ тохирсон тусламж үйлчилгээ авч чаддаггүй ажээ. Нөгөө талаас, сэтгэл гутралыг илүү үр дүнтэй эмчилдэг болсон хэдий ч эмгэгт өртөгсдийн хагас нь л эмчилгээ авдаг байна.

СЭТГЭЛ ГУТРАЛ ГЭЖ ЮУ ВЭ

Сэтгэл гутрал нь зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэгийн нэг бөгөөд сэтгэл санаа дундуур, уйтгартай, аливаа юмыг хийх идэвхи сонирхол буурах, амархан ядарч сульдах, анхаарал төвлөрөлт муудах, нойргүйдэх, хоол идэх дур сонирхол буурах, өтгөн хатах, бэлгийн дур хүсэл буурах, эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн мөчлөг хямрах зэрэг шинжээр илэрдэг.

Мөн аливаа зүйлд өөрийгөө буруутган бодох, өөрийгөө бусдаас доогуур үнэлж хэнд ч хэрэггүй болсон хүн гэж голох, биеийн жин буурах, үг яриа цөөрөх, хөдөлгөөн удаашрах шинжүүд ажиглагдана. Дээр дурьдсан шинж тэмдгүүд нь олон давтагдах эсвэл улам бүр архагшдаг учраас хүний өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэлдүүлэх чадваргүй болгодог.

ӨӨРТӨӨ АНХААРАЛ ТАВИХ

Сэтгэл гутрах эмгэгээр хэн ч өвдөж болно. Тиймээс энэ өвчний шинж тэмдгийг эрт мэдэж авах нь чухал. Мөн сэтгэл гутрах эмгэгээр өвдсөн тохиолдолд эмчилгээг үр дүнтэй хийлгэж, өөртөө сайн анхаарал тавих хэрэгтэй. Сэтгэл гутрал нь тухайн хүний өдөр тутмын үйл ажиллагаанд маш ихээр нөлөөлдөг бөгөөд амьдралын чанарыг эрс бууруулдаг.

СЭТГЭЛ ГУТРАЛААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖ

· Өдөр бүр биеийн тамирын дасгал хийж хэвших

· Эрүүл, зөв хооллоход анхаарах. Үүнд: шинэ ногоо жимс, уураг ихтэй хоол хүнс хэрэглэх

· Булчин сулруулах дасгал хийх

· Сайн унтаж амрах, өдөр бүр тогтмол цагт унтаж, тогтмол цагт босох, хэт их унтахгүй байх

· Стресс тайлах ур чадварт суралцах

· Аливаа ажлыг төлөвлөгөөтэй, тогтсон хугацаанд амжуулж хийх

· Согтууруулах ундаанаас татгалзах

· Өөрийгөө хүндэтгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө халамжлах

· Өөртөө итгэлтэй байх, бусадтай эелдэг харьцах

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *