Орос, Хятадын удирдагч Владимир Путин, Си Жиньпин нар Украинд дайн эхэлснээс хойш хийсэн анхны уулзалтынхаа үеэр ойр дотно байдлаа харууллаа гэж “Dpa”, “Reuters” агентлагууд дүгнэн мэдээлэв. Манай хөрш улсын удирдагчид ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт болсон, Узбекистан улсын томоороо эхний дөрөвт ордог, эртний Самарканд хотноо есдүгээр сарын 15-ны пүрэв гаригт уулзсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Украины хямралтай холбогдуулан хятад найз нөхдийн баримталж буй тэнцвэртэй байр суурийг бид өндөр үнэлж байна” гэж хэлсэн байна. Мөн Путин “Москва, Бээжин хоёр ямар нэгэн улсын тулгаж буй дүрэмд бус олон улсын хууль дүрэм, НҮБ-ын журамд суурилсан олон туйлт дэлхийн дэг журам байгуулахыг хамтдаа зорьж байна” гэж хэлсэн.Владимир Путин мөн “Нэг Хятад” зарчмыг Москва хатуу баримталж байгаа бөгөөд Тайванийн хоолойд “АНУ болон түүний хамсаатнуудын хийж буй өдөөн хатгалгыг эрс буруушааж байна” гэж Си Жиньпинд мэдэгдэв.
Бас энэ оны эхний долоон сарын байдлаар Орос, Хятадын худалдааны хэмжээ 25 хувиар өссөнд Кремль таатай байгааг онцолсон байна. Ойрын ирээдүйд жилийн худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.доллар хүртэл нэмэгдүүлнэ гэж тэрээр цохон тэмдэглэв. Хариуд нь Си Жиньпин хоёр улсын үр дүнтэй стратегийн холбоо харилцаа хадгалагдаж байгааг тэмдэглэсэн байна. Мөн “Бид Орос улстай хамтран дэлхийн хариуцлагатай гүрний үлгэр жишээг үзүүлж, хэт хурдтай өөрчлөгдөж буй дэлхий ертөнцийг тогтвортой, эерэг хөгжлийн замд оруулахад манлайлах үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж Си Жиньпин мэдэгджээ. Хятад улс Оросын эсрэг Барууны улсуудын хориг арга хэмжээг буруушааж, Украин дахь Путины үйл ажиллагааг ойлгож буйгаа харууллаа гэж “Reuters” агентлаг мэдээлэв. Тус агентлагийн мэдээлснээр, БНХАУ-ын дарга Путиныг “хуучны анд найз” хэмээн нэрлээд, Хятад улс ОХУ-тай хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлнэ гэжээ.
Хоёр улсын удирдагчдын уулзалтын үеэр Путин “Украины хямралын асуудлаарх Хятад улсын тэнцвэртэй байр суурьт талархаж байгаагаа” илэрхийлсэн бөгөөд хариуд нь Си Жиньпин дарга “Хятад улс тус тусын язгуур ашиг сонирхолд хамаарах асуудлаар харилцан бие биедээ хүчтэй дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэж хэлсэн тухай “Шиньхуа” агентлаг мэдээлэв. Энэхүү уулзалтын өмнө ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков “Олон улсын өнөөгийн нөхцөл байдлын онцлогийг харгалзан үзэх энэхүү уулзалт нь онцгой ач холбогдолтой” гэж мэдэгдэж байсан юм. Учир нь Си Жиньпин тахал өвчин эхэлснээс хойших анхны гадаад айлчлалаа Казахстанд хийсний дараа Узбекистанд ирсэн билээ. Бээжинд олон жил ЗХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байсан Казахстаны ерөнхийлөгч Касым–Жомарт Токаев хятад хэлээр Си даргатай ярилцсан бөгөөд Си Жиньпин “Хятад улс Казахстан улсын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг ямар ч эргэлзээ, тээнэгэлзэлгүйгээр шууд хамгаална” хэмээн мэдэгдэж газар дээр нь хоёр улсын хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан юм. Украины газар нутагт бий болсон ЛНР, ДНР гэх хуурамч улсыг Казахстан хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэж ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев албан ёсоор мэдэгдсэний дараа ОХУ–ын улс төрчид Казахстанд довтлохыг уриалж эхэлсэн бөгөөд ОХУ–ын ерөнхийлөгч асан Д.Медведев бүр ямар ямар газар нутгийг Оросууд Казахстанаас салгаж авах ёстойг нэр заан дурдаж байсан юм. Иймээс Казахстанд айлчлахдаа хийсэн Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, хамтарсан гэрээ нь үнэндээ В.Путиныг улаан нүүрэн дундуур нь алгадаад авснаас ялгаагүй зүйл болсон билээ. Цагтаа ЗХУ–ын КГБ–ын тагнуул явсан, АНУ–ын нэрт улс төрийн тоймч Ю.Швец “Си Жиньпиний энэхүү мэдэгдэл нь Төв Ази зөвхөн Хятадын сонирхлын бүс нутаг болсон гэдгийг В.Путинд хатуу ойлгуулж, жинхэнэ “улаан шугам” татсан явдал. Хариуд нь хятад зөөлөн бодлогын дагуу, В.Путиныг тэртэй тэргүй мөнгөгүй болсныг нь мэдэж байгаа Си Жиньпин Монголын удирдагчтай хамтран Монголын нутгаар дайруулан Оросоос Хятад руу хийн хоолой татах асуудлыг хэлэлцлээ” хэмээн дүгнэн мэдэгдэв. Үнэхээр энэ бол Орост өгсөн том цохилт гэхээсээ Хятадын геополитикийн том ялалт юм. Чухамхүү Си Жиньпиний энэхүү мэдэгдэл, гарын үсэг зурсан гэрээнээс болж хоёр удирдагчийн уулзалтын эхэнд В.Путин Си Жиньпинд хандан “Украины дайнаас болж Бээжинд санаа зовох зүйл гарч байгааг бид ойлгож байна” хэмээн буруугаа хүлээн “доош орсон” билээ.
Хоёр улсын удирдагчид хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн үеэр уулзаж, дараа нь “Хоёр орны найрамдал хил хязгааргүй” гэсэн хамтарсан мэдэгдэл гаргаж байсан юм. Харин хэдхэн хоногийн дараа Орос Украин руу довтолсон билээ. Украиныг түрэмгийлсний дараа барууны улсуудаас тусгаарлагдсан тул Си Жиньпин шиг дэлхийн нөлөө бүхий удирдагчтай уулзах нь мэдээж Путинд ашигтай. Украины дайнаас болж урьд өмнө хэзээ ч байгаагүй хориг арга хэмжээний давлагаа үүссэн тул Хятадын хөрөнгө оруулалт, технологи, хоёр талын худалдаа ОХУ–д маш их ач холбогдолтой байгаа нь бас ойлгомжой. Барууны компаниуд Оросын зах зээлээс татагдсаны дараа тэдний байрыг Хятадын пүүсүүд эзлэх нь Путинд мэдээж чухал. Гэвч бодит байдал дээр ОХУ-аас Хятад руу экспортлох хэмжээ илүү хурдацтай өсч байгаа бол Хятадын тус улс руу хийх экспорт эсрэгээрээ удааширсаар байгаа юм. ОХУ нь өнгөрсөн таваас долдугаар сарын хооронд Хятадад түүхий нефть нийлүүлэгч гол орон болсон билээ. Хятадын түүхий нефтийн импортын 19 хувийг Орос дангаар эзэлж байна. Мөн Хятадын энэ оны эхний долоон сарын байдлаар Оросоос импортолсон шингэрүүлсэн хийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 26 хувиар өссөн байна. Өнгөрсөн долдугаар сард Оросоос Хятад руу нийлүүлэх нүүрсний хэмжээ сүүлийн таван жилийн дээд хэмжээнд хүрчээ. Хятад нь Оросоос илүү хямд нефть авснаар дөрвөөс долдугаар сарын хооронд гурван тэрбум орчим ам.доллар хэмнэжээ. “Reuters” агентлагийн тооцоолсноор Хятад нь Оросоос авч буй түүхий нефтийн тонн тутамд 708 ам.доллар төлж байгаа бол Москва нь бусад улсуудад 816 ам.доллараар зарж байгаа аж. Түүгээр ч барахгүй барууны улсууд Оросын газрын тос, байгалийн хийн хараат байдлаа эрс багасгаж байгаа учир Москва зүүн тийш, тэр дундаа Хятад руу нийлүүлэх гэж оролдож байна. Мөн Москва Украины дайныг үргэлжлүүлэхийн тулд зэвсэг авахыг маш их хүсч байгаа ч өрөвдсөн үг хэллэг хэрэглэхээс бусдаар Хятад улс Орост үзүүлэх цэргийн тусламжийн талаар маш болгоомжтой хандаж байгаа юм.“Хятад нь АНУ болон барууны улсуудтай худалдааны хэт хамааралтай учраас цар тахлын дараа эдийн засгаа сэргээхэд аюул учруулж мэдэх эрсдэлтэй алхам хийхгүй” гэж Торонтогийн их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны профессор Сева Гуницкий дүгнэсэн юм. Түүний тайлбарласнаар Хятад нь Путиныг дэмжиж буйгаа амаараа л илэрхийлэхээс биш ашиг сонирхолдоо харшлах зүйл хийхгүй. ОХУ дайнд таагүй үр дүн үзүүлж буй энэ үед Путинд туслахын тулд ямар нэгэн эрсдэл гаргах цаг биш” гэж Сева Гуницкий дүгнэжээ.
Сарын дараа буюу аравдугаар сарын 16–нд Хятад улсын Коммунист намын 20 дугаар их хурал хуралдах учир Узбекистанд айлчлах, Путинтэй уулзах нь Си Жиньпиний хувьд ч бас ихээхэн чухал ач холбогдолтой явдал юм. Тайвань болон Хонконгийн хэвлэл мэдээлэл “Си Жиньпин ШХАБ–ын дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа нь тэрээр намаа ч, улсаа ч бүрэн удирдаж байгаа гэдгээ дэлхий нийтэд харуулж, Хятад улс дэлхийн тавцанд байр сууриа хадгалах бодолтой байгаагаа АНУ–д ойлгуулахыг хүсч буй явдал” хэмээн бичиж байгаа нь хоосон зүйл биш юм.
Си, Путин нарын уулзалт Украины цэргүүд өргөн хэмжээний сөрөг довтолгоо хийж байгаа үед болсон бөгөөд Бээжин Украины дайнтай холбоотой “төвийг сахисан байр суурь”–аа хадгалахыг хичээж байгаа нь ойлгомжтой болов. Энэ нь нэг талаас Хятадын эрх баригчид АНУ, НАТО-г буруутгаж байгаа ч нөгөө талаас ОХУ–д дорвитой дэмжлэг үзүүлэхгүй нь тодорхой байна гэсэн үг юм. Иймээс ч Оросын цэргийн бүтэлгүйтэл нь Си Жиньпинд Путинтэй хэлэлцээ хийхэд давуу тал олгож байна гэж улс төрийн шинжээчид дүгнэн бичиж байна. Үүний зэрэгцээ энэ явдал нь хоёр улсын хамтын ажиллагааны ерөнхий чиглэлд нөлөөлөхгүй бөгөөд тэд барууныхныг эсэргүүцэх стратегийн ашиг сонирхол дээр нэгдмэл байр суурьтай байгаа билээ.
Эцэст нь АНУ–ын “Stimson Center” судалгааны төвийн Хятад судлалын захирал Юн Сонг “Wall Street Journal” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Украинд Орос ялсан ч, ялагдсан ч Хятад улс цаашид Оростой харилцах харилцаагаа хөгжүүлэх хүсэл эрмэлзэл өөрчлөгдөхгүй. Орос ялбал Хятад хүчирхэг холбоотонтой болно. Харин ялагдвал Орос Хятадын вассал улс болох магадлалтай” гэж хэлснийг дурдах нь зөв биз ээ. Учир нь ОХУ–ын ерөнхийлөгч Владимир Путин Хятадын удирдагч Си Жиньпиний дараа Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай уулзахдаа “Би хэлэлцээ хийх гэсэн боловч Украины ерөнхийлөгч Володимир Зеленский бэлэн бус гээд уулзахгүй байна” хэмээн гомдоллосон бөгөөд Моди хариуд нь “Чи наад дайнаа яаралтай зогсоо!” хэмээн Путинд шулуухан тулгасан юм. Мөн ШХАБ–ын дээд хэмжээний энэхүү уулзалтын үеэр цагтаа хатан хаан II Елизавета агсныг 14 минут, Ромын Пап ламыг хоёр цаг хүлээлгэн томорч байсан В.Путин Тажикстантай буудалцаж эхэлсэн Киргизийн ерөнхий сайд, дараа нь Турк, Азербайжаны ерөнхийлөгч болон Энэтхэгийн ерөнхий сайдыг хүлээн жижгирч байгаа бичлэг дэлхий нийтэд тарсан билээ. Бас ОХУ гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаагаас Азербайжантай байлдан ялагдаж байгаа Армены ерөнхий сайд ШХАБ-ын энэ хуралд ирсэнгүй. Ийм хамтын ажиллагаа гэж байх уу?! Барууны зарим судлаачид “В.Путины оролцсон юм бүхэн ялзран доройтож, мөхөл рүүгээ явдаг” гээд байгаа нь оргүй ч зүйл биш бололтой.
Энэ бүхэн олон улсад “Алагдах баавгайн арьс”-ыг аль хэдийнэ хуваагаад эхэлсэн гэдгийг батлан харуулж байна.
Г.АМАРСАНАА