Бямба гаригт Казахстан улсын ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев нийслэл хотынхоо өмнөх нэрийг сэргээн хэрэглэх хуулийн төсөлд гарын үсэг зурж, баталгаажуулжээ.
Бас тус улсын ерөнхийлөгчөөр хоёр дараалан таван жилээр сонгогдож ажиллах хязгаарыг нэг удаа долоон жилээр хязгаарлах болгож өөрчлөх хуулийг баталсан байна.
Ингэснээр Казахстан улсын нийслэл Нур-Султан одоо Астана нэртэй болж байна.
Парламентын хэсэг гишүүд Астана нэрийг сэргээх уриалга гаргасны дараа Токаев хуулийн төслийг өргөн барьж байжээ.
Токаев өөрөө 2019 онд анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаевыг залгамжлахдаа нийслэл хотын нэрийг Нур-Султан болгон өөрчилж байсан юм.
Гэвч энэ оны эхээр Казахстанд гарсан иргэдийн бослого үймээний дараа тэр өмнөх ерөнхийлөгчөөс зай барих болсон байна.
Казахстан улсыг Зөвлөлтийн бүрэлдэхүүнээс гарч, тусгаар тогтнолоо зарласнаас хойш 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 онд өөрийн санаачилгаар огцорсон ч эрх мэдлээ хадгалсан хэвээр байв.
Энэ оны зургаадугаар сард Токаевын санаачилсан бүх нийтийн санал асуулгаар Назарбаевын нэрийг үндсэн хуулиас хасаж, елбасы буюу үндэсний эцэг цолыг нь цуцалсан юм. Мөн өмнөх ерөнхийлөгчийн төрөл төрөгсөд, ойрын хүрээнийхнийг Казахстаны төрийн өндөр албан тушаалуудаас ээлж дараалан зайлуулаад байгаа.
Гэхдээ шүүмжлэгчид нь Токаевын шинэчлэлийг дарангуйлагч дэглэмийн өнгө зүсийг өөрчлөх төдий үйлдэл гэж дүгнэж байна.
Эх сурвалж: Radio Free Europe