Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Болорчулуун: Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй аймгуудын малчид махаа эдийн засгийн эргэлтэд эртхэн оруулах нь зүйтэй DNN.mn

ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай ярилцлаа.


-Энэ жил махны экспортод хэдий хэмжээний ямар малын мах гаргахаар төлөвлөж байгаа вэ?

-2021 онд экспортод гаргахаар дулааны аргаар бэлтгэсэн байсан хонь, ямаа мөн хөлдөөсөн адууны мах бий. Нийт 10 мянга орчим тн махыг экспортод гаргана. Мэргэжлийн хяналт болон холбогдох хяналтын байгууллагууд, Гаалийн ерөнхий газар бусад байгууллагуудын хамтарсан шалгалтын ажлын хэсэг яваад эхний ээлжинд 10 гаруй аж ахуйн нэгжийн 6720 тн махыг экспортод гаргах шийдвэр Засгийн газарт танилцуулагдаад экспортоо явуул гэдэг шийдвэр гарсан. Махны экспорт яагаад зогссон гэхээр 2020 онд манай хөдөө аж ахуйн зориулалттай гарч байгаа бүтээгдэхүүний сав баглаа боодол дээрээс коронавирус илэрсэн гэдэг шалтгаанаар бүх экспортыг Хятадын талаас зогсоосон. Саяны шалгалтын дүнгээр импортлогч талын чанар стандартын шаардлагыг хангаж байгаа учраас гаргахаар боллоо. Үүнд холбогдох талууд болох ХХААХҮЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Махны холбоо мах бэлтгэлийн аж ахуйн нэгжүүдийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллаад ачилтаа хийгээд махны экспорт гарч эхлэхэд бэлэн болсон байна.

-2020 оноос хойш мах экспортод гаргаж чадаагүй шүү дээ, энэ хугацаанд ямар боломжоо бид алдав?

-Хуучин бид зөвхөн БНХАУ-тай Эрээний боомтоор гаргадаг байсан. Одоо бол Хятадын талтай Гадаад харилцааны яамаар дамжуулан удаа дараа харьцаж, гэрээ хэлэлцээр хийж байж сая үүд хаалга нээгдэж байна. Энэ хооронд Махны холбоо, Зам, тээвэр хөгжлийн яамтай хамтран өөр газраар Забайкальскаар гаргах судалгааг хийгээд, Тяньжины боомт хүртэл явуулъя гэдэг тохиролцоонд хүрсэн. Яг гаргах гэж байтал Орос, Украины дайны нөхцөл байдал үүсээд энэ асуудал хаагдсан. Ер нь бол бид зүгээр суугаагүй, олон боломжууд, гарцын талаар шийдэл хайж ажилласан.

-Цаашид махны экспортыг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Дулааны аргаар боловсруулсан махнаас өөр мах гаргах боломжтой юу?

-Экспорт гэхээр зөвхөн БНХАУ-ыг гэж ойлгож болохгүй. Бусад орнуудтай ч бид харилцдаг. Казахстан, Узбекстан, Киргизистан, Арабын бусад улсууд руу мах тодорхой хэмжээгээр гарч байгаа. Цаашдаа махны экспортыг нэмэгдүүлэх, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлуудыг хийхийн тулд бүх боломжит нөхцөлүүдийг дэвшүүлэн ажиллах болно. Тухайлбал, бид жилдээ 20 сая гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үүнээс дотоодын хэрэгцээнд 10 сая гаруй тн мах орж байгаа. Цаана нь 8-10 сая толгой малын махыг экспортлох бололцоо бий. Үүнийгээ 100 хувь дайчлан ажиллана. Гадаад харилцаанд биднээс хамааралгүй нөхцөл байдал үүсч байгаа тохиолдол л үүсчихгүй бол махны экспортын тал дээр ямар нэгэн хориг саад байхгүй. Чөлөөтэй гаргах л бодлогыг яам баримталж байна.

-Ирэх өвөл хүнд болно гэж цаг уурчид хэлээд байгаа шүү дээ. Үүнтэй холбоотойгоор ямар нэгэн байдлаар махны үнэ буурах уу. Буурч байгаа юу?

-Махны нийлүүлэлт нэмэгдээд үнэ тодорхой хэмжээнд буурч байгаа. Өвөлжилт хүндэрнэ гээд зуншлагын нөхцөл байдал хэцүү байсан зарим аймгууд буюу баруун таван аймаг, говийн хоёр аймагт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн газраас эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн. Үүгээр бол Ховд аймаг маш муу, бусад баруун аймгууд нь муу үнэлгээтэй гарсан. Бид зудын эрсдэл үүсч болзошгүй энэ аймгуудаас хичнээн хэмжээний малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулах вэ гэдэг тооцоо судалгааг аваад ажиллаж байна. Мөн 2023 оны дотоодын махны нөөцийг бүрдүүлэх ААН-үүдэд Монголбанкны санхүүжилтээр хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тухайлбал, 2023 оны дотоодын махны нөөцийг бүрдүүлэхэд нийт 35 ААН-ээс хүсэлт ирсэн. Үүний дагуу бид Монголбанктай хамтран арилжааны банкуудаар дамжуулан 130 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдэж өгч байна. Энэ нь ирэх хаврын махны нөөц. Тэгэхээр малчдаас гарч байгаа мал, махыг худалдаж авах ажлыг хийж байна гэсэн үг. Нөгөө талдаа экспортын чиглэлээр мах бэлтгэдэг ААН-үүдтэй бас хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр бид махныхаа нийлүүлэлтэд тулгуурлан экспортынхоо нөөцийг бүрдүүлэх чиглэлээр хамтарч ажиллаж байна гэж ойлгож болно. Сая гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн зудын эрсдэл үүсэх магадлалтай аймгуудын малчдад анхааруулж хэлэхэд, тодорхой хэмжээнд малын махаа эдийн засгийн эргэлтэд эртнээс оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл нөхцөл байдал буруугаар эргэлээ гэхэд мал ихээр хорогдох нөхцөл байдал үүсэх учраас эртхэн борлуулж тодорхой хэмжээний хөрөнгө, мөнгө болгох нь малчдад эдийн засгийн хувьд нааштай асуудал гэж бодож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *