Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Хулан: Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолтыг уялдуулснаар амьдрал маш гоё тэнцвэртэй болсон DNN.mn

Эрүүл амьдралын цогц дасгалжуулагч, мисс модель Б.Хулантай ярилцлаа.


-Та өөрт тохирох хооллолт, дасгал хөдөлгөөний зөв арга барилаа хэрхэн олсон бэ?

-Өөрт тохирсон арга барил, хооллолтоо олохын тулд бараг 10 жил эрэл хайгуул хийж, алдаж, онож байж олсон. Хамгийн түрүүнд биеийнхээ аль хэсгээр жин нэмдэг вэ гэдгийг ажигласан. Би өгзөг, гуя хэсгээрээ түлхүү жин нэмэх хандлагатай байдаг учраас миний бие эстроген даавар давамгай. Эстроген даавар давамгай биед ямар хоол хүнс түлхүү идэх, ямар хүнсэнд хяналттай байх вэ гэдгээ хайж олсон. Биеийн дааврын төрлөөрөө хооллож сурснаар өөрт тохирох, тохирохгүй хүнсээ мэдрээд эхэлсэн.

-Аливаа хүнсний өөрт тохирч байгаа эсэхийг яаж мэдэх вэ?

-Хоол хүнс идсэний дараа биеэ чагнадаг. Надад эрч хүч өгч байна уу, хий дүүргэж байна уу, лазантаж бие хүнд оргиж байна уу. Эдгээр мэдрэмжүүд нь хоол хүнс идсэний дараа бидэнд өгч байгаа илрэл. Энийг маш сайн анзаарснаар надад ямар хүнс тохирохыг олж мэднэ.

-Таны хувьд эрүүл, тэнцвэртэй хоол гэж ямар хоолыг хэлэх вэ?

-Нэгдүгээрт, хүн бүр өөр гэдгийг хэлмээр байна. Надад тохирох тэнцвэртэй хоол өөр хэн нэгэнд тохирохгүй байж болно. Миний хувьд 80/20 хувийн зарчмыг сүүлийн зургаан жил баримталж амьдралынхаа хэв маяг болгосон. Өөрөөр хэлбэл, 80 хувьд нь дархлааг дэмжих, бие махбодыг тэжээх, дааврыг тэнцвэртэй байлгах хүнсээ иддэг. Сэтгэл санаатайгаа уялдуулж хоолловол энэ тэнцвэртэй байдал. Өмнө нь тууштай бэлтгэл хийдэг ч эрүүл амьдралын хэв маягт орж өгдөггүй байсан. Энэ нь миний сэтгэл санааны эрүүл байдал алдагдалтай байсантай холбоотой. Хэт их хоолоо барих, хоолны стресс өгснөөс үүдэлтэй гэж боддог. Сэтгэл зүй, бэлтгэл, хооллолт гурвууланг нь уялдаатай байлгаснаар миний амьдрал маш гоё тэнцвэртэй болсон.


-Хооллолтын хамгийн чухал зүйл юу вэ?

-Бид ямар хоол идэх вэ гэдэгт анхаардаг ч хоолыг яаж идэх вэ гэдэгт анхаардаггүй. Жишээлбэл, ямар нэг хоолыг телевиз үзэхгүй, утас оролдохгүй ширээнийхээ ард суугаад хоолондоо 100 хувь анхаарч, маш сайн зажлаад тухайн хоол надад шим тэжээлээ өгч байгааг бэлгэшээж идэх нь чухал.

-Ээж болсны дараа таны бэлтгэл, хооллолтод өөрчлөлт орсон уу?

-Ээж болсны дараахь өмнөх хооронд асар их ялгаатай. Ээж болсны дараа хөхүүл үед дааврын өөрчлөлтөд орж сэтгэл санаа ч өөр байдаг. Хүүхдэдээ 100 хувь анхаарна, хоол хүнс, нойр гээд амьдралын хэв маяг өөрчлөгдөнө. Тиймээс аль болох нөхцөл байдалдаа тааруулж амралт, хооллолтоо зөв зохицуулна. Өмнөх шигээ хооллож, бэлтгэлээ хийнэ гэж боддог байсан ч энэ бол маш том эндүүрэл байсан.

-Та тулгар биетэй үедээ ч бэлтгэл хийдэг байсан. Жирэмсэн эмэгтэйчүүд хэдэн сартайгаас ямар төрлийн дасгал хийвэл тохиромжтой байдаг тухай тодруулбал?

-Ээжийн бие, ургийн хөгжлөөс шалтгаална. Би өмнө нь энгийн үед бэлтгэлийг бие махбоддоо бүрэн суулгасан болохоор бие давхар үед ачааллаа 50-60 хувиар бууруулаад үргэлжлүүлэн бэлтгэл хийхэд асуудалгүй байсан. Хамгийн чухал зүйл нь эмчийн хяналтад ороод эмчийнхээ зөвлөгөөг дагана.


-Дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа хэвшил болгосноор ямар давуу талууд бий болсон бэ?

-Өглөө босоод шүдээ угаадаг шигээ дасгал хөдөлгөөнийг долоо хоногт 3-4 удаа хийж хэвшвэл хүн бүрийн эрүүл мэндэд хэрэгтэй. Нэгдүгээрт, булчин шөрмөсөө ажиллуулж байна. Булчин, шөрмөс байнгын ажиллагаатай байвал дархлаа дэмжигдэнэ. Гоё сайхан харагдуулахаас илүүтэй дархлааны системийг дэмждэг. Хоёрдугаарт, үеийг хамгаалдаг. Нас ахиад ирэхээр бид уургийн дутагдалд орж булчин ширгээд жижиг болж эхэлдэг. Тийм учраас аль болох залуу дээрээ ажиллуулж, хөгжүүлж, чанаржуулж байвал залуу байдлаа удаан хадгалахаас гадна үе мөчний ямар нэг өвчин эмгэгээс сэргийлнэ. Заавал тамирчны түвшинд байх шаардлагагүй, өөрийг тань аз жаргалтай болгодог ямар ч төрлийн дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хийж болно. Дасгал хөдөлгөөн сэтгэл санааг эерэг болгодог. Учир нь даавартай холбоотой. Хөдөлгөөн хийхээр хүний биеэс адреналин, өнчин тархинаас өсөлтийн даавар гэх мэт ач тустай дааврууд идэвхждэг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *