Өнөөдөр Монгол брахми бичиг судлаач, хэлний эрдэмтэн мэргэд, эх хэлнийхээ төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхний баярын өдөр байлаа.
Солонгод Л.Хурцбаатар багш Хүйс толгойн бичээсийг тайлснаар монголчуудын бичиг үсгийн түүхийг даруй 600 жилээр урагшлуулсан билээ. Ингэснээр монголчууд нүүдэлчдийн дундаа хамгийн анх бичиг үсэгтэй байсан соёлт ард түмэн гэгдэж байгаа юм. Л.Хурцбаатар багш одоогоор 4 удаагийн сургалтаар нийт 90 гаруй эрдэмтэн, хэлний мэргэжилтэн, судлаачдад монгол брахми бичгийг заагаад байна.
Өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд “Монгол Брахми бичгийн Олон улсын Эрдэм шинжилгээний нийгэмлэг”-ийн бүх гишүүдийн анхдугаар хурал боллоо. Уг хуралд хэл, түүх, шашин, археологийн чиглэлийн томоохон эрдэмтэн, судлаачид мөн Монгол брахми бичгийн сургалт төгсөгчид буюу Л.Хурцбаатар багшийн шавь нар оролцсон юм.
Хурлын үеэр шавь нар нь багшдаа хүндэтгэл үзүүлж, эрдмийн ажилд нь амжилт хүслээ.
Д.САРУУЛ