Европын оронд зуны амралтаараа ажиллаж байсан нэгдүгээр курсийн оюутан романс залиланд өртөж 50 гаруй сая төгрөгөө залилуулжээ. Болсон явдлын талаар хэргийн хохирогч С.Сарнайтай ярилцлаа. Тэрээр нэрээ нууцлахыг хүссэн юм. Өндөр хөгжилтэй оронд анх удаа хөл тавьсан оюутнуудыг залилагчид анаж байдгийг энэ жишээ харуулж байна.
-Та хэзээ эх орондоо ирэв ээ. Болсон үйл явдлын талаар тодруулахгүй юү?
-Өнгөрсөн сарын 27-ний өдөр Улаанбаатарт ирлээ. Би долдугаар сард Арабын Бүгд Найрамдах Сири Улсад алба хааж байгаа Европын цэргийн албан хаагч гэж өөрийгөө танилцуулсан хүнтэй инстаграмаар танилцсан юм. Ингээд инстаграмаар нэгнийгээ дагаж дотно харилцаж эхэлсэн. Арав гаруй хоног харилцсаны эцэст тэр миний байгаа улсын хилээр их хэмжээний мөнгө, алт оруулах гэсэн юм намайг тосоод авч болох уу гэсэн, би ч шууд итгэсэн. Цөөн хоногийн дараа мөнгөө явуулах гэж байна хүлээн авах хүний мэйл хаяг хэрэгтэй гэж миний мэйл хаягийг авсан. Маргааш нь надад онгоцны буудал, гаалиас гэх хаягтай мэйл ирсэн. Түүндээ их хэмжээний мөнгө хилээр оруулахын тулд монгол мөнгөөр 8 сая төгрөгийн татвар шаардлагатай гэж бичсэн байсан юм.
-Ингээд л та хэлсэн мөнгийг нь шилжүүлчихсэн юм уу?
-Тухайн үед надад мөнгө байгаагүй. Хамт ажиллахаар явсан ах, эгч нараасаа зээлж найман сая төгрөг шилжүүлсэн. Удалгүй дахин и-мэйл ирсэн. Монгол төгрөгөөр 50 орчим сая төгрөг хэрэгтэй, хурдан шилжүүлэхгүй бол намайг цагдаа ирж авна гэсэн и-мэйл ирсэн. Тэр мөнгөө ч мөн хамт явсан хүмүүсээсээ зээлж, өөрийн зунжин ажиллаж олсон мөнгөө нэмээд өгчихсөн. Ингээд нэг мэдэхэд л 50 гаруй сая төгрөг өгчихсөн байсан. Дотно танилцсан хүндээ итгэж байсан учраас залилуулж байгаагаа мэдээгүй.
-Хамт явсан, ажиллаж байсан хүмүүстээ юу гэж хэлж ийм их хэмжээний мөнгө авсан юм бэ?
-Би тэдэнд ах маань Сирид ажилладаг гээд худлаа хэлчихсэн юм. Би тухайн үед үнэнээ хэлсэн бол хэн ч итгэж надад мөнгөө өгөхгүй байх. Хамт явсан хүмүүстээ мөнгийг нь тодорхой хэмжээнд өсгөж өгнө гэж хэлсэн.
-Залилагч этгээдтэй та утсаар ярьж үзсэн үү. Юунд нь итгэж ийм их хэмжээний мөнгө шилжүүлэв?
-Намайг маш гоё сайхан, эелдэг үгсээр хэлдэг, дууддаг байсан. Утсаар ярьж үзээгүй. Би зүгээр л бүх хуурамч зураг, бичлэг, гоё сайхан үгсэд нь итгэснээ сүүлд ойлгосон. Бүх мөнгөө шилжүүлсний дараа санаандгүй байдлаар тэр хүн видео дуудлага хийсэн. Би автал хар арьстай хүн байсан. Цочсондоо зургийг нь дарж аваад шууд л тасалсан.
-Ажиллаж байсан орныхоо цагдаад мэдэгдсэн үү?
-Цагдаа болон Элчин сайдын яаманд хандсан. Монголын цагдаагаар шийдүүл гэх хариу өгсөн.
-Монголын цагдаад хандсан уу?
-Хандсан, гэхдээ би олдоно гэдэгт итгэхгүй байна. Аав, ээж маань 10 сая төгрөгийн зээл авч намайг гадны орон руу явуулсан. Уг нь тэнд ажиллаад явсан зардлаа бүтэн нугалж олсон. Гэсэн хэдий ч залилуулж, их хэмжээний өрөнд ороод ирсэндээ маш их харамсаж байна. Миний сэтгэл санаа тогтворгүй, би амиа хорлоход ч бэлэн байна.
-Хэзээ ямар зорилгоор хаашаа явсан юм бэ?
-Би гадаад хэлний чиглэлээр суралцдаг хоёрдугаар дамжааны оюутан. Нэгдүгээр дамжаагаа төгсөөд зуны амралтаараа суралцдаг чиглэлийнхээ гадаад оронд ажиллаж, хэлээ сайжруулж, үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд жил орчмын өмнөөс эхэлж хөөцөлдөөд зургадугаар сарын эхээр Европын улсыг зорьсон. Би явсан улсаа нууцалмаар байна, цөөн тооны оюутан явсан учраас.
-Хамт явсан хүмүүстэйгээ холбоотой байна уу. Цаашдаа ямар төлөвлөгөөтэй байна вэ?
-Хамт явсан оюутнуудынхаа хилийн чанадад ажиллаж олсон мөнгийг ч бүгдийг нь залилуулчихсан. Тэд ч гадаад явахдаа авсан зээл нь нэхэгдээд шахалтад орж байгаа талаараа хэлдэг. Миний романс залилангийн өрийг төлөхийн тулд аав, ээжийнхээ үе дамжиж ирсэн эмээл, амьдарч байгаа хашаа, байшингаа зарах дээр тулчихлаа.