Ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай явдал өчигдөр болжээ.
Тодруулбал, Дархан-Уул аймаг, Дархан сумын нутаг, … гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг есдүгээр сарын 14-ний 02:41 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Энэ дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 02:49 цагт очиход 8х12 метрийн хэмжээтэй байшин, таван ханатай гэр шатаж байсныг 03:20 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 04:38 цагт бүрэн унтраажээ.
Харамсалтай нь уг гал түймэрт найм болон гурван настай хоёр хүү өртөж нас барсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
ГЭРТЭЭ БАЙГАА ХҮҮХДИЙГ БОЛЗОШГҮЙ ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ
Түлэгдэхээс сэргийлэх
- Хүүхэд авч байхдаа халуун хоол болон уух зүйлс хэрэглэхгүй байх,
- Халуун хоол болон цайг хүүхэд хүрэхээргүй газар болон ширээний ирмэгээс хол зайд тавих,
- Хүүхдээ тэвэрч байх үедээ халуун плитка болон зуухан дээр хоол хийхгүй байх,
- Тогоо болон хувингийн бариулыг зуухны цаад тал руу харуулж тавих,
- Зуухны тагийг заавал түгжиж байх,
- Халуун зуух болон индүүнээс хүүхдийг хол байлгах, очиж хүрэхээс сэргийлээрэй.
Тогонд цохиулахаас сэргийлэх
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах, эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх,
- Цахилгааны утсыг сайтар далдлах, тавилгын араар эсвэл доогуур оруулах,
- Индүү, шарагч зэрэг гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт байлгах
Галын аюулаас сэргийлэх
- Гэртээ галын дохиолол суурилуулах, зай нь дууссан эсэхийг шалгаж шаардлагатай бол шинэ зай хийгээрэй.
- Хэрэв танайд хийн түлш, бензин зэрэг галын аюул үүсгэж болзошгүй зүйлс байвал холдуулах.
- Чүдэнз, асаагуур зэргийг хүүхдийн гар хүрэхээргүй газар хадгалах
- Хүүхдийг зууханд хүрэхээс сэргийлэх, хэрэв танайх камин зуухтай бол тогтмол хөөлж галын болон угаарын аюулаас сэргийлэх