Памирын нурууны Ленин (7134м) оргилд ганцаарчилсан авиралт хийж явсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг 5800 метр өндөрт хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байна гэдгийг өмнө нь бид мэдээлсэн. Тэгвэл Х.Бумхишигийг аврах ажиллагаа амжилттай болж, найм хоногийн дараа эсэн мэнд машин хүрэх газарт буулгаж ирсэн талаар Монголын Уулчдын үндэсний холбооноос мэдээллээ.
Одоо Оше хот руу эмнэлэгт очиж, үзлэг хийгээд эмчийн шийдвэрээр нутаг буцах эсэх асуудлыг шийдэх юм байна.
Түүнийг Монголын Уулчдын үндэсний холбооны аврах ажиллагаа хариуцсан С.Ганхүү, Жаргалант клубын тамирчин Э.Даваадорж нар аварлаа. Уулын ойр хавьд байсан бүх бааз бууж өндөрт ажиллах аврагч байгаагүй тул монгол залуус нэгнээ аврахаар Кыргызстан улсыг зорьж, дөрөв хоног тасралтгүй зүтгэсний эцэст үүргээ амжилттай биелүүллээ.