ОХУ-ын нийслэл Москва хотын Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл энэ сарын 8-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг огцрох хүсэлт гаргав. Тэд ерөнхийлөгчид хандан нийтэлсэн илгээлтдээ засгийн эрх баригчийг сольж байх нь аль ч улсын хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг. Гэтэл Путины хувьд хоёр дахь бүрэн эрхийнхээ дараа дахин засгийн эрхэнд гарснаас шалтгаалан түүний амлаж байсан “ДНБ хоёр дахин өссөнгүй, цалин, хөлс нэмэгдсэнгүй, хөдөлмөрийн чадвартай аль ухаалаг хүмүүс олноороо эх орноосоос дайжиж, түүний амласан улс орны тогтвортой байдал хангагдалгүй улс орны бүх зүйл ямар нэг байдлаар буруугаар эргэв” гээд “Та болон таны доод албан тушаалтнуудын удаан хугацаанд хэрэглэж буй ямар ч тэвчээр соёлгүй, түрэмгийлэл нэвт шингэсэн үг хэллэг нь эцсийн дүндээ манай улсыг дахин “Хүйтэн дайн”-ны эрин рүү буцаан оруулж, дэлхий нийт дахин Оросоос айж, үзэн ядаж эхэлсэн бөгөөд бид дахиад л бүх дэлхийг цөмийн зэвсгээр заналхийлж эхлээд байна” гэж Ломоносовын дүүргийн депутатуудын хамтарсан илгээлтэд цохон тэмдэглэсэн байна. Тэд Путины үзэл бодол болон түүний засаглалын загвар нь “хэт хоцрогдсон бөгөөд Орос улсын хөгжил, хүний нөөц бололцоогоо зөв ашиглахад том саад болж байгаа учир ОХУ-ын ерөнхийлөгчийг “албан тушаалаасаа чөлөөлөгдөхийг хүссэн байна. Мөн нийслэлийн Ломоносовын дүүргийн депутатуудын зөвлөл Москва хотын захирагч Сергей Собянинд хандан уриалга гаргажээ. Уг уриалгад “Москва орчмын нутгийн өөрөө удирдах ёсны тогтолцоо бүрэн алдагдаж, районы түвшинд Кремлийн төлөөллийн давхар удирдлага оролцдог болсноор нутгийн оршин суугчид болон тэдний төлөөллийн аливаа санаачилга биелэгдэх ямар ч боломжгүй болоод байна“ гэж мэдэгдсэн байна.
Энэхүү уриалгаас нэг хоногийн өмнө Санкт-Петербург хотын Смольнинскийн дүүргийн депутатуудын зөвлөл эх орноосоо урвасан хэргээр Путиныг албан тушаалаас нь огцруулахыг уриалсан тогтоолыг Төрийн Думд илгээсэн билээ. Уг тогтоолд ерөнхийлөгч Путин НАТО-г өргөжүүлэхээс сэргийлнэ гээд НАТО-г улам өргөжүүлсэн, Украины армийг чадваргүй болгоно гэсэн боловч барууны зэвсгээр зэвсэглэн улам хүчирхэг болгож эсрэгээрээ Оросын армийн анги нэгтгэлүүдийг устгаж, ОХУ-ын залуу, хөдөлмөрийн чадвартай олон иргэдийн амь насыг зольж, бэртээж гэмтээн, үүрд тахир дутуу болгосон төдийгүй Оросын эдийн засагт нөхөгдөшгүй хохирол учруулсан тул түүнийг эх орноосоо урвасан гэж үзэж байна гэж тайлбарлажээ. Энэхүү уриалгыг дэмжсэн Санкт-Петербург хотын депутат Никита Юферев “Бидэнд цагдаагийн газраас Оросын армийн үйл ажиллагааг гүтгэн, гуйвуулсан хэргээр мэдүүлэг авах болсон тухай шаардах хуудас ирсэн” хэмээн Германы “DW”-ийн сурвалжлагчид мэдээлсэн байна.
Яг энэ үед Украины зэвсэгт хүчин 50 км гүнд давшиж Орост эзлэгдээд байсан Донбассын 3000 орчим км.кв нутаг бүхий 40 орчим хот сууринг чөлөөлж украинчууд дайнд эргэлт гаргасан нь “дайран дээр давс нэмсэн” ядал болов. Учир нь өнгөрсөн зургаан сар оросууд 10-15 км давшсан бол украинчууд гурав хоногт хэдэн арав дахин том нутгийг чөлөөлөн ялалт байгуулав. Ингэснээр В.Путин маш яаралтай буцан ялалт байгуулахгүй бол суудлаа өгөхөөс өөр аргагүй болсон гэсэн үг. Гэтэл түүнд ялалт байгуулах цэргийн нөөц байхгүй болчихсон байдаг. Ийнхүү олон улсын цэргийн шинжээчдийн дэлхийн II дайнд эргэлт гаргасан “Курскийн цүлхэн”-тэй зүйрлэн бичиж, хэлж байсан тулалдаан явагдаж Орос Украины дайн Украины талд ашигтайгаар эргэлт буцалтгүй эргэсэн гэсэн үг юм. Эдгээр явдалтай зэрэгцэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киев хотод гэнэтийн айлчлал хийж АНУ-ын засаг захиргаа Украин болон Оросын аюул заналд ойр байгаа Европын 18 орны батлан хамгаалах салбарт нийт $2 тэрбумын урт хугацааны тусламж үзүүлэх болсныг мэдэгдэв. Мөн Германы Рамштайн дахь цэргийн баазад болсон 50 улсын батлан хамгаалах яамны төлөөлөгчид оролцсон хуралд АНУ-ын батлан хамгаалахын сайд Ллойд Остин америкчууд 675 сая ам.доларын зэвсэг, техникийн тусламжийг нэмж Украинд үзүүлэх болсныг зарлан, оролцогч бүх улсад “Украин улс бүрэн ялж дуустал тогтмол тусламж үзүүлэх ёстой” гэж уриалав. Энэ уриалгыг энгийн үгээр тайлбарлавал, Оросын армийг дахин ямар ч дайн хийх чадваргүй болгохыг Украины ялалт гэх бөгөөд эс тэгвээс Путинг авч хаясан ч ОХУ Украинд болон бусад улсад дахин довтлох аюул хэвээр байх болно. Өөрөөр хэлбэл, бүх орос эрчүүдийг “АКА” автомат барих ямар ч сонирхолгүй болгож ОХУ-ыг бүрдүүлж буй үндэстнүүд хэл, соёл, шашин нэгт тусгаар улсууд болж Оросын их гүрний дарлалаас ангижрахыг “Украин улсын бүрэн ялалт” гэж үзэж байгаа юм байна. Энэ бүхэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины хувь заяа тун ч бүрхэг болчихлоо гэсэн үг юм.
Г.АМАРСАНАА