Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Тогтвортой хөгжлийн зорилго” нээлттэй өдөрлөгийг 2022 оны есдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд Төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийн сайн дурын хөдөлгөөн, хувийн хэвшлийн байгууллагууд, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд, их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиуд, олон улсын байгууллагууд, хүүхэд, залуучуудын төлөөллийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, таван мянга гаруй хүн биечлэн оролцож, 100 мянга гаруй хүнд мэдээлэл хүргэхээр зорьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь энэхүү өдөрлөгийн хүрээнд Тогтвортой хөгжлийн зорилгын 13 дугаар зорилго (SDG 13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг багасгах), Тогтвортой хөгжлийн зорилгын 15 дугаар зорилго (SDG 15. Хуурай газрын экосистемийг хамгаалах)-ын талаар танилцуулна. Түүнчлэн, 2022 оны есдүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд улсын хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах зорилготой “Яндангаа хөөлье-өнтэй өвөлжье” аяны талаар иргэд, олон нийтэд танилцуулж байна. Ташрамд дурдахад, Монгол Улс 2020 онд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад зориулан, хөгжлийн бодлого төлөвлөлтөө шинэчлэн боловсруулж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого баталсан. Уг баримт бичигт Ногоон хөгжлийн зорилтуудыг онцгойлон тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг баталж, Ногоон хөгжлийн сэргэлтийг тодорхойлсон. “Ногоон хөгжлийн сэргэлт”-ийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, ойн санг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх, усны нөөцийг хамгаалж, хүн амыг баталгаат ундны усаар хангах, говийн бүс нутгийн усан хангамжийг нэмэгдүүлэх экологи, эдийн засгийн ач холбогдолтой “Хөх морь” төсөл, орчны бохирдлыг бууруулах Энгийн болон аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах зэрэг хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.