Шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойн хүрээнд “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн, яармагийг “Тогтвортой хөгжилд хамтдаа” уриан дор нээлээ.
Орон сууцны борлуулалт нэмэгддэг цаг үед зохион байгуулагдаж байгаа энэ үзэсгэлэнд шинэ орон сууц, амины орон сууц, хаусны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, дэвшилтэт техник технологи нэвтрүүлэгч зэрэг 120 гаруй ААНБ-ууд оролцон, бараа материал, бүтээгдэхүүн үйлчилгээ, орон сууцны төслүүдээ танилцуулж байна. Энэ үеэр ипотек, компанийн болон хувь лизинд хамрагдах боломжтой Улаанбаатар хотод захиалга авч буй хаус, шинэ орон сууцны төслөөс гадна амины орон сууцны сүүлийн үеийн загвар дизайн, оновчтой шийдлийг үзэж, шилдэг реалторуудаас зөвлөгөө авах боломжтой. Мөн салбарын мэргэжилтнүүд тодорхой сэдвийн хүрээнд илтгэлүүдийг үнэ төлбөргүй, цагийн хуваарийн дагуу хүргэх юм.
Үүнээс гадна үзэсгэлэн яармагт оролцогч байгууллагууд худалдан авагчдад орон сууц, хаусны төсөл, барилгын материал, тавилгын худалдаандаа тодорхой хувийн урамшуулал зарладаг уламжлалтай. Үзэсгэлэн яармагийг мөн barilgaexpo.mn– д цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд цахим талбайд зочилсноор шинэ орон сууцны төсөл, барилгын материал, техник технологитой танилцана.
Үзэсгэлэн, яармагийн нээлтэд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Барилгын хөгжлийн төвийн Хот төлөвлөлт, зураг төслийн институтийн эрхлэгч О.Одбаяр, БХБЯ-ны Орон сууц, санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболд, Барилгын хөгжлийн төвийн Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батням, Монголын барилгын үндэсний ассациоцийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Барилга МН-ийн үүсгэн байгуулагч Г.Батсүх, Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Г.Цэрмаа, “Барилга, орон сууц 2022” үзэсгэлэн, яармагийн ерөнхий ивээн тэтгэгч “Улаанбаатар групп”, ивээн тэтгэгч Монкон констракшн ХХК, Монкон констракшн ХХК, NCD GROUP оролцов.
Үзэсгэлэн яармаг энэ сарын 11 хүртэл үргэлжилнэ.