Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Философич Б.Батчулуун: Улстөрчид хуулийг бидний нуруун дээр тохсон эмээл болгож байна DNN.mn

Монголын энэ цаг үеийн өнгө болсон философийн ухааны профессор, бие даасан судлаач, нийтлэлч, орчуулагч Б.Батчулуун өчигдөрхөн “Төр хэмээх мөсөн уул” номоо өлгийдөн авчээ. Түүнтэй энэ талаар ярилцлаа.


-Таны номын нэр сонирхол татаж байна. Төрийг яагаад мөсөн уултай адилтгасан юм бэ?

-Энэ талаар номныхоо эхний хуудсанд бичсэн. Философичид төрийг янз бүрийн зүйлтэй адилтган зүйрлэсэн байдаг. Хоббс төр бол ливайфан (далайн мангас) лугаа зүйл гэсэн байдаг бол Бердяев араатантай адилтгасан. Тэгвэл төрийг далайд байгаа мөсөн уултай жишиж болох мэт. Жирийн иргэнд хүйтэн цэвдэг харьцдаг, тэдний хувьд аварга том хүчирхийллийн машин байдаг учраас ийн хэлж байгаа юм биш. Гол нь далайд хөвж яваа мөсөн уулын 1/8 орчим нь далайн мандал дээр ил харагдаж байдаг бол 7/8 нь усан дотроо эс харагдах аж. Яг үүн шиг төр хэмээх хүчирхийллийн асар том “машины” гэмгүй, сайн сайхан байдал нь ил харагдах авч хамаг болохгүй, үл бүтэх зүйл, гэмт хэрэг нь далайн мандлын дор, нүднээс далд байх аж” гэж.

-Энэхүү номын үндсэн агуулгыг ганцхан өгүүлбэрээр хэлээч гэвэл та юу гэж хэлэх вэ?

-“Төрийн эрхийг миннимум хэмжээнд барьж, хувь хүний эрхийг максимум хэмжээнд аваачъя” гэдэг өгүүлбэр бол миний номын гол агуулга гэхээр монголчууд их гайхдаг. Учир нь төрөө дээдлэх үзэлд автчихсан байдаг. Либертари үзэлд хувь хүн төрөөс дээгүүр байх хоёр шалтгаантай гэж үздэг. Нэгдүгээрх нь, ёс суртахууны шалтгаан. Хоёрдугаарх нь, эдийн засгийн шалтгаан. Улстөрчид биднийг гуйж байж төрд очдог. Тэд дөрвөн жил болоод хаалга тогшиж, телевизээр биднийг магтаж жигтэйхэн юм болдог шүү дээ. Энэ бол ёс суртахууны шалгаан нь. Харин эдийн засгийн шалтгаан гэдэг нь төрийн тэр асар их мөнгө ерөөсөө л иргэдийн мөнгө. Бидний мөнгө дээр тогтож байдаг. Тиймээс аль ч утгаараа төрөөс дээгүүр байх ёстой гэж ярьдаг. Өөрөөр хэлбэл, иргэн, доор нь төр байх ёстой гэсэн үг.

Бие даасан сэтгэлгээгүй болчихсон. Нийгэм, улс төрийн утга зохиолд “Еврази менталител гэж байдаг. Еврази менталитет гэдэг нь хувь хүний сэтгэлгээгүй өөрөөсөө төрийг дээдлэх сэтгэлгээг хэлдэг. Төрийг шүтээнчлэх үзэлтэй улс оронд либертари үзлийг хүлээж авах их дургүй байдаг. “Төр хэмээх мөсөн уул” ном 11 бүлэгтэй. Төрийн тухай нэлээн шүүмжлэлтэй авч үзсэн. Философийн сэдвийг уншигчид хялбар ойлгоход дөхөм гэж үзээд асуулт, хариулт, харилцан яриа, мэтгэлцээн маягийн хэлбэрийг зориуд ашиглан бичсэн. Номынхоо утгыг илэрхийлсэн 100 орчим фото, зурмал, шог зургуудыг оруулж өгсөн нь сонирхолтойгоос гадна танин мэдэхүйн ач холбогдолтой. Мөн либертари онч мэргэн үгсийг онцолсноос либертари үзэл ямар гүн агуулгатай болох нь ойлгогдох байх.

-Аливаа юм нэг зүйлээс үүдэж байж гарч ирдэг гэдэг шүү дээ. Монголчууд өнөөдөр ямар байна гэдгээ мэдэхгүй байна шүү дээ.

-Би МУИС-д философийн багшаар нэлээд хугацаанд ажиллалаа. Хараад байхад философичид төрийн талаар их өвөрмөц санааг хэлдэг. Философичид аливаа юмны талаар хүний олж хараагүй өнцгөөс олж хардаг болов уу. Би мэргэжлийн хүн учраас Хоббсийг, Локкийг болоод өөр бусад бүтээлийг уншиж байхад төрийн талаар ийм хачин үг хэлдэг гээд хар аяндаа сонирхол төрүүлдэг.Тэр санааг цааш нь ухаж бодож байхад нээрэн л ухамсартай бүтээгч иргэнд төр илүүц зүйл юм. Либертари үзэлтнүүд манайхан шиг халамжийн иргэд биш. Хүнд хэрэгтэй юм хийдэг бол тэрийгээ чамбай хий.

Хэн нэгэнд хэрэгтэй зүйл хийсэн бол түүнийгээ өгнө. Буцаагаад тэр хүнээс хэрэгтэй зүйлээ авна. Бас хүнд муу юм хийхгүй. Хэрвээ болдог бол ийм болчихвол төр ямар хэрэг байгаа юм бэ гэдэг гаргалгаанд хүрчихдэг. Төр гэдэг анхнаасаа л мөлжигч байгууллага.

Тэнд нийгмийн хамгийн празит хэсгүүд очдог юм байна. Тэнд очиход аль болох худлаа ярих хэрэгтэй байдаг юм байна. Энэхүү номын 11 дүгээр бүлэгт байгаа. Жишээ нь нутаг нугынхан дундаа л ажил хэрэг явуулдаг. Танил тал, найз нөхөд, арын хаалгаар ажлаа явуулдаг. 11 дүгээр бүлгийг зургаар жишээлбэл, сонгуулийг харуулсан. Хүүхдүүдийн хөөсөн тоглоом шиг. Үлээхээр бөмбөлөг гараад хоромхон хугацаанд хагараад байдаг шиг зүйл. Харин хуульчдын мэргэжил нь ерөөсөө хууль учраас төрөөс баталсан хуулийг хэрэгжүүлэх ёстой гэсэн сэтгэлгээтэй болчихсон байдаг.

-Та төр гэдэг бол ухамсарт иргэдэд илүүц гэж хэллээ. Тэгвэл төргүй бол бид яажшуухан аж төрөх юм бэ?

-Түрүүн ярьсан даа. Нэгэнт төрөө дээдлэх үзэл бодол сэтгэлгээнд дасчихсан хүмүүс намайг хэн нэгэн захирч байх ёстой. Гурван сая иргэнийг хэн нэгэн атгаж, айлгаж байх ёстой гэж ханддаг. Айлгуулахгүй амьдарч сураагүй байна шүү дээ. Эсвэл ёс суртахууны уналтад орсон учраас төр гэдэг зүйл байхгүй бол хэн нэгэн ирээд намайг алчихна. Бид нарыг барьж байх ёстой гэсэн үзэл бодолд хэдэн зуун жилээрээ дасчихсан. Үүнийг л би индвидуаль сэтгэлгээгүй гэж яриад байгаа юм. Бие даасан сэтгэлгээтэй хүмүүс төртэй төргүй өөрөө өөрийгөө болгоно гэсэн сэтгэхүйтэй байдаг. Индвидуаль хөгжсөн орнуудын гол онцлог энэ. Өөрийнхөө тойрог руу оруулна гэсэн ойлголт байхгүй. Бусад нь ч орох сэтгэлгээгүй байдаг. Хулгайч сэтгэхүйтэй хүн нийгмийнх нь нэг хувьд хүрдэггүй. Ер нь хулгайч хүмүүс нэг бол хулгайч болдог. Эсвэл улс төр рүү ордог. Хулгайн сэтгэхүй бол өөрийн хөдөлмөрийг зарцуулахгүйгээр амархан замаар юм олж авах сэтгэхүй шүү дээ.

-Бие даасан сэтгэлгээг бид яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Ерөөсөө хэцүү. Тэр тусмаа Монголд бүр хэцүү. Гэр бүлийн хүрээнд яривал, эцэг эхчүүд хүүхдээсээ “Миний хүү аавдаа түр үзгээ өгөөч. Юм биччихээд өгье” гэж гуйж авна гэж байхгүй. Аав ээжүүд нь би л энэ үзгийг нь авч өгсөн юм чинь гээд шууд л дарангуйлдаг. Хүүхдийнхээ өрөө рүү орохдоо тогшино гэж байхгүй. Бие даасан сэтгэлгээгүй болгож байгаагаа ерөөсөө анзаардаггүй. Өөрсдөө ч мэддэггүй.

Ард түмний хүрээнд бол хэдэн зуун жил ахмад настан, дарга, хошуу ноёнд захирагдаад сурчихсан. Ийм учраас даргатайгаа сөргөлдсөн хүмүүст нийтээрээ их дургүй. “Бүгдээрээ л захирагдаад ирсэн даргын урдаас цорволзоод яах вэ дээ. Бүгд дуугүй байхад энэ ганцаараа л ингэж байх юм” гэдэг. Ийм болчихсон ард түмэн шүү дээ. Нэг хамт олон дотор ч байна. Бусадтайгаа адилхан байхад яадаг юм бэ гэсэн нэг муухай үгтэй. Бусдаасаа өөр байхад их дургүй. Нэг л дуу дуулах ёстой. Ижилхэн хувцаслах ёстой. Нэг эгнээнд алхах ёстой гэсэн үзэл урьд нь ч байсан. Коммунизмын үед бүр ч их байсан.

-Судлаач хүний үүднээс харахад бидний цусанд суучихсан энэ үзэл ирээдүйд арилах шинж байна уу?

-Бүх ард түмний хэмжээнд либертари үзэлтэй болтол их л хугацаа шаарддаг шиг байна. Энэ 30 жилд өөр болох нь боллоо. Шинэ үе гарлаа. Гэхдээ л хуучны коллективист сэтгэлгээний уламжлал маш их байна. Энэ нь мөд өөрчлөгддөггүй юм байна. Арга ч үгүй юм. Хувь хүний нас нийгмийн нас өөр учраас өөрчлөгдөх хүртлээ нийгэм даяараа барууны иргэд шиг болтол нэлээн их хугацаа шаарддаг юм байна.

-Бид либертари үзлийг дан ганц эрх чөлөөний үзэл л гэж ойлгодог шүү дээ. Либертарийн ач холбогдол нь юу юм бэ?

-Либертари үзэл хүнээс өөрийгөө дээгүүр тавихыг хүсдэггүй. Хүнээс дор байхыг ч хүсдэггүй. Ер нь бусдаас өөрийгөө дээгүүр тавьсан хүн л хүнд их заадаг, сургамжилдаг, титэм үг их ярьдаг. Либертари үзэлтэн өөрийнхөө бодол гэж байгаад хэлнэ үү гэхээс биш хүний амьдралыг заахгүй. Тэр хүн өөрийнхөөрөө амьдрах эрхтэй. Тэр өөрийнхөө хувь тавилангийн усан онгоцны ахмад мөн. Тэр хүн алдсан ч алдаагаа өөрөө л үүрнэ. Их олсон ч гэсэн өөрөө л авна. Заавал ядарсан нэгэнтэйгээ хуваалцах албагүй. Харин тэрийг нь бий болгоход оролцсон хүн бол хувиа авч болно. Хувийн өмчийн эрх чөлөө, хувийн өмчийн халдашгүй дархан байдал гэдэг бол энэ. Төр тэрэнд нь оролцох ёсгүй гэж байгаа юм.

Жишээлбэл, хүний эрхийн талаар либертари үзэлд чи өөрийгөө мэднэ гэж байгаа бол өөрийгөө хариуцна гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал төлөхгүй юм бол хортой зуршлаас хол яв. Хүнээс гуйх дургүй бол өөрөө чадалтай байх ёстой. Либертари үзлийг задгай чөлөөтэй гэж хараад байдаг. Үгүй шүү дээ. Либертари иргэн байна гэдэг асар их хариуцлага юм байхгүй юу.

-Монголчууд төрөө их дээдэлдэг учраас өөрийн гэсэн үнэт зүйлгүй болчихжээ гэж ойлгож болох нь, тийм үү?

-Ерөөсөө л тэр. Оюун санааны олон үзлийн шахаанд байна. Буддизмын маш их шахаанд хэдэн зуун жил байсан. Түүнээс өмнө бөө мөргөлийн шахаанд байсан. Дараагаар нь марксизмын шахаанд 70 гаруй жил байлаа. Ерөсөө л оюун санааны холимог хуурга болчихоод байна шүү дээ. Түүн дотроос сонголтоо мэдэхгүй байна. Либертари уран зохиол тийм ч их түгээгүй. Миний энэ номон дээр монгол хэл дээрх либертари утга зохиол, либертари сайтуудын талаар байгаа.

-Либертари үзэл улстөрчдийн багийг хуульдаг гэж та бичсэн байна лээ. Энэ тухайд?

-Ер нь төрд очсон хүмүүс бусад хүний амьдралыг зохицуулах гэж, зааж зааварлах гэж, захирах гэж очдог. Монголын гурван сая 300 мянган иргэнийг ингэж амьдрах ёстой гэсэн хуультай байлгах гээд парламент хууль баталж, бид тэр хуулийнх нь дагуу амьдрах гээд байна шүү дээ. Дарга гэдэг үгийн үндэс нь дар. Бусдыгаа дарж зааж зааварлах гэдэг. Либертари үзэлтэн бусдын амьдралыг зааж, зааварлах дургүй. Либертари хэлц үг энэ номон дээр их байгаа л даа. Хүнд хичнээн сайн сайхан юм хүсч байлаа ч гэсэн тухайн хүн өөрөө зөвшөөрөөгүй бол тэр зүйлийг нь хийж болохгүй гэж байгаа юм.

-Энэ чинь бэртэгчин зан биш үү?

-Бэртэгчин биш болох гээд амьдралд нь оролцоод байна. Ер нь ямар ч хүн тус авсан хүнээсээ хараат болдог. Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн гол агуулга энэ шүү дээ. Тусалсаар байгаад тэр хүнээ өөрийнхөө атганд хийж авдаг. Чиний хөгжимд авьяастай чинь хамаагүй. Нийгэмд хамгийн хэрэгтэй мэргэжил бол эмч гээд нэг залууг нэг баян хүн эмч болгодог. Мөнгө хаяад бусдыг өөрийнхөө эрхшээлд авч байгаа юм. Ер нь халамж гэдэг гартаа оруулах арга зам шүү дээ. Халамжлуулагч халамжлагчаасаа эсрэг зогсоно гэж бараг байдаггүй. Халамжлагчийг шүтнэ, дагана.

-Хуулгүй бол энэ нийгмийн хүмүүс араатнаас өөрцгүй гэдэг шүү дээ. Хуульгүй бол яаж амьдрах юм бэ?

-Нийгэмд үнэхээр шаардаж байгаа зүйлийг хуульчилж байвал сайн. Гэтэл улс төрийнхөн хуулийг бидний нуруун дээр тохсон эмээл болгож байна. Эмээлээ бидний нуруун дээр тохчихоод давирч байх санаатай. Бодоод үз. Яг нэг хууль гаргачихаад тэр хуулийнхаа эсрэг зүйл хийж байна. Энэ хууль бол тэдэнд зориулсан хууль. Бид хуулиас дээгүүр гэж үздэг. Жишээ нь, Л.Эрдэнэчимэг Тамхины тухай хууль гаргачихаад өөрөө ордон дотор тамхиа татаад, архиа ууж байсан. Улстөрчид хуулийг иргэдэд зориулж гаргана. Бид хуулиар дээгүүр гэж үздэгийн тод жишээ энэ.

Хамгийн анхны либертари зохиолыг 2005 онд би орчуулж гаргасан. Тэр номонд “Хүнд биш хуульд захирагдсан нийгэм” гэж бий. Одоо бараг бүх хүн ингэж ярьдаг боллоо. Энэ чинь либертари хэллэг. Д.Боазын “Либертарианизм” гэдэг номд анх гарсан үг. Либертари үзэлтэй Х.Тэмүүжин нэг хэсэг ойр байсан. Мань эр олж харчихаад хэлчихсэн. Тэрийг нь одоо эд нар их хэлдэг болсон байна. Бүр социалистууд хүртэл их хэлж байна. Фридрих Хайкийн “Эрх чөлөөний Үндсэн хууль” номонд их сайн гаргасан байдаг. Бүх хүн хуульд захирагдах ёстой. Хэн ч хуулиас дээгүүр байх ёсгүй. Нийгэм бол хуульд захирагдах ёстой болохоос дарга нарт захирагдах ёсгүй гэсэн үгнүүд их байдаг. Фридрих Хайк бол либертари үзлийг үндэслэгчдийн нэг. Хүмүүсийн харилцааг зохицуулахын тулд дундуур нь орж ирээд асар их мөнгө хурааж байдаг. Төрийн хамгийн их хийж чаддаг зүйл юу гэхээр асар олон хүнээс бага багаар татвар аваад өөрийнхөө аппратад байгаа хүмүүст тараах явдал гэж байгаа ш дээ. Тиймээс төр бага бол зардал бага. Зардал бага бол татвар бага. Татвар бага бол орлого их. Орлого их бол амьдрал сайжирна гэсэн либертаризм хэлц үгнүүд их байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *