Categories
мэдээ нийгэм

Сайжруулсан шахмал түлшийг энэ сарын 15-наас борлуулна DNN.mn

Сайжруулсан шахмал түлш худалдаалах цэгийн тоог нэмнэ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XV хуралдаан хуралдаж байна.

Хурлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа.

Нийслэлийн зүгээс сайжруулсан шахмал түлшний нөөц, агуулах, тээвэрлэлт, борлуулалтын цэгийн асуудлыг хариуцсан ажилладаг.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийн удирдамжийн дагуу “Сайжруулсан шахмал түлш нөөцлөх, агуулах, сонгон шалгаруулах Ажлын хэсэг” байгуулан ажиллаж байна. Одоогийн байдлаар 95 мянган тонн сайжруулсан шахмал түлшийг нөөцөлсөн.

Тодруулбал, Баянзүрх дүүрэгт есөн агуулахад 13 мянган тонн, Сонгинохайрхан дүүрэгт 11 агуулахад 26 мянган тонн, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт тус бүр дөрвөн агуулахад 11 мянган тонн, Баянгол дүүрэгт дөрвөн агуулахад долоон мянган тонн, Хан-Уул дүүрэгт зургаан агуулахад 13 мянган тонн, Налайх дүүрэгт дөрвөн агуулахад 4,165 тонн, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрт 7436 тонн түлш нөөцлөөд байна” хэмээв.

Тэрбээр үргэлжлүүлэн сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн чиглэлээр хийж буй ажлуудаа танилцууллаа.

Уг ажлын хүрээнд 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс есдүгээр сарын 6-ныг хүртэл 31 тээврийн компанитай гэрээ байгуулжээ. Тус 31 тээврийн компаниар 392100 тонн сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэсэн байна. 2020 онд 22 тээврийн компани, 2021 онд 35 тээврийн компанийг сонгон шалгаруулсан бол энэ онд 31 тээврийн компанийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулсан” гэв.

Харин 2022-2023 оны халаалтын улиралд нийслэлийн агаарын чанарын бүсэд сайжруулсан түлшний 650 цэгийг сонгон шалгаруулахаар төлөвлөсөн байна. Борлуулалтын цэгийг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд сайжруулсан түлш борлуулах хүсэлтээ ирүүлсэн 650 цэгээр нэг бүрчлэн орж, газар дээр нь ажиллажээ.

Ийнхүү 2022 оны есдүгээр сарын 15-аас эхлэн шаардлага хангасан борлуулалтын цэгүүдийн үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл хангажээ. Цар тахлын үед сайжруулсан шахмал түлшийг 50-75 хувь хүртэл хөнгөлөлттэй үнээр борлуулж байсан.

Нэг шуудай түлшний үнэ өртөг 3,875 төгрөг байдаг. Энэ үнийг энэ жил хямдруулах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргах юм. Гэр хорооллын өндөрлөг байршлуудад борлуулалтын цэг ажиллуулах бөгөөд энэ жилдээ 650 цэг хүрэлцээтэй гэсэн судалгааг холбогдох байгууллагууд гаргажээ. Шаардлагатай тохиолдолд борлуулалтын цэгийг нэмэгдүүлэх боломжтойг албаныхан онцолж байв.

Энэ жилээс агаарын чанарын бүсэд Налайх дүүрэг орж байгаа бөгөөд сайжруулсан шахмал түлшийг анх удаа хэрэглэж эхлэх юм. Налайх дүүргийн нийт хүн амын 70 хувь буюу 7,691 өрх гэр хороололд амьдардаг байна. БОАЖЯ-нд нээлттэй тендер зарлан тус 7,691 өрхөд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг хангаж байгааг Хотын орлогч дарга мэдээллээ.

Эх сурвалж: Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *