Засгийн газар наймдугаар сарын 3-ны өдөр 293 дугаар тогтоол гаргаж, зарим их, дээд сургуулийг өөр сургуульд нэгтгэхээр болсон.
Энэ дагуу 20 гаруй сургуулийг төрийн өмчийн найман их сургуульд нэгтгэхээр шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Монгол Улсын Их Сургууль(МУИС)-ийн харьяанд таван сургуулийг нэгтгэж байгаагийн нэг нь Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль(ХҮИС).
Тус сургуулийн ажилтан, багш нар дээрх шийдвэрийн үндэслэлийг тодорхойгүй гэж үзэн шүүхэд хандахаар болж буйгаа өнөөдөр мэдэгдэв.
ХҮИС-ийн доктор, профессор М.Должин “Засгийн газрын 293 дугаар тогтоолыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайд наймдугаар сарын 19-нд олон нийтэд танилцуулахад энэ асуудлыг мэдсэн. Энэ нь маш гэнэтийн, цочирдом байсан.
Гарсан шийдвэртэй холбоотойгоор сайдтай уулзахаар хүсэлт тавьсан ч есдүгээр сарын 1-н хүртэл уулзаж чадаагүй. Харин хичээлийн шинэ жилийн нээлтийн өдөр буюу есдүгээр сарын 1-нд Боловсрол, Шинжлэх Ухааны Яам(БШУЯ) болон МУИС-ийн ажлын хэсэг манайх дээр ирж, сургуулийн тамга тэмдэг, гэрчилгээг хураан, дансны хуулгыг авч, захирлыг чөлөөлсөн.
Засгийн газрын тогтоол ба түүнтэй холбоотой сайдын тушаалтай танилцахад хэд хэдэн асуудал байна. Сайдын тушаалд сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг наймдугаар сарын 19-ний өдрөөр тасалбар болгож, хүчингүй болгосон. Хэдийгээр манай сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа ч хуулийн дагуу хүчинтэй юу, үгүй гэх эргэлзээ үүсээд байна. Иймд хуулийн фирмтэй хамтран ажиллаж, дээрх тогтоол, шийдвэрт алдаа байгаа эсэхэд хяналт тавьж, тодорхой зөрчил байна гэж үзсэн учир сургуулийнхаа нэр хүнд, эрх ашгийг хамгаалах зорилгоор шүүхэд хандаж байна” гэлээ.
Мөн тэрбээр ХҮИС нь холбогдох байгууллагын стандарт, дүрэм зөрчсөн тухай баримт, акт байдаггүй, магадлан итгэмжлэгдсэн сургууль гэдгийг онцлов. Энэ хичээлийн жилд тус сургуульд 130 гаруй оюутан шинээр элссэн байна. Тушаал гарч, есдүгээр 1-нд ажлын хэсэг ирснээс хойш өөр ямар нэг ажил хийгдээгүй, цаашид яах нь ч тодорхойгүй байгааг профессор М.Должин мөн хэлсэн юм.
ХҮИС-ийг МУИС-д нэгтгэх гэж байгаа анхны тохиолдол энэ биш бөгөөд өмнө нь 2010 онд Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль нэртэй байхад нь нэгтгэж байсан. Харин 2017 онд МУИС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж байв.
ХҮИС-ийн Нийгмийн ухааны тэнхимийн доктор, дэд профессор Н.Болдмаа “Их, дээд сургуулийн нэгтгэснээр өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ гэж тогтоолд бичсэн байгаа. Гэвч өрсөлдөх чадвар нь хэр нэмэгдэх тооцоолол, судалгааны дүн байхгүй, төлөвлөгөө бий эсэх нь тодорхойгүй.
Түүнчлэн 293 дугаар тогтоолд багш, ажилтны ажлын байрыг хадгалж, шилжүүлэн ажиллуулна гэсэн байгаа бол БШУ-ы сайдын А296 тушаалд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь хүчингүй болж буй сургуулийн үндсэн орон тооны багш нар, ажилтныг тухайн сургуулийн багшид тавигдах шаардлага, шалгуурыг хангаж буй эсэхийг судалж, ажиллуулахад дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Хуулийн байгууллага үүнийг харж, үнэлэлт өгөх байх. Тогтоол, тушаал хоёр уялдах ёстой. Тиймээс Засгийн газрын тогтоолтой холбоотой гарсан сайдын тушаал үндэслэл хэр бодитойг тодруулахаар шүүхэд хандаж байгаа.
Нэгтгэлээ, салгалаа, дахин нэгтгэлээ гэх нь сэтгэл санаанд маш их хохиролтой байна. Өнөөдөр үйл ажиллагаа хэрхэн явагдах нь ойлгомжгүй болсон. Багш ажилтан, оюутан бүгдийнх нь эрх ашиг хөндөгдөж байна” гэлээ.