Categories
мэдээ нийгэм

Д.Бумдарь: Давхар дээлнээс бусад нь хамаагүй гээд орхивол цаана нь ямар нэгэн байдлаар хуйвалдааны зарчим үйлчилж байна гэсэн үгга DNN.mn

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарьтай ярилцлаа.


-Эрх баригч намын захиалгаар Үндсэн хуулийн Цэц давхар дээлний асуудлыг шийдсэн гэж зарим судлаачид шүүмжилж байгаа. Та судлаач хүний хувьд уг үйл явцыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн эрх зүй бус улс төрийн философи талаас нь яривал давхар дээлтэй байх эсэх асуудал заавал Үндсэн хуульд тусгагдах зүйл биш. Энэ утгаараа Цэцийн тогтоол илүүдсэн болохыг үгүйсгэхгүй. Процедурын хувьд буруу, эсвэл зөв гэсэн байр суурийг Үндсэн хууль судлаачид илэрхийлж байна. Нэр бүхий иргэд давхар дээлний асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандсан учраас Цэц шийдсэн. Түүнээс Цэц өөрийн санал санаачилгаар тогтоол гаргаагүй. УИХ-аас зургадугаар сард “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар ард иргэдийн оролцоо, ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Энэхүү тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Мөн УИХ-аас Засгийн газарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барих даалгаврыг өнгөрөгч арваннэгдүгээр сарын 22-нд өгсөн. Тиймээс тогтоолын хүрээнд давхар дээл болоод бусад асуудлыг хамтатгаж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийгдэх болов уу гэсэн байр суурьнаас харж байна. Гэхдээ яг өөрчлөлт оруулах эсэхийг мэдэхгүй байна.

-Эрх баригч нам хүсээд байсан давхар дээлний асуудлаа шийдчихсэн юм чинь ҮХНӨ-т ингээд замхарч байна хэмээн судлаачид дүгнэж байгаа шүү дээ? .

-Ганц давхар дээлтэй болчихлоо гэхэд эрх мэдэл нь тогтвортой байхгүй. Учир нь давхар дээлтэй болохын төлөө энэ өөрчлөлтийг хийгээд бусад нь хамаагүй гээд орхичихвол цаана нь ямар нэгэн байдлаар хуйвалдааны зарчим үйлчилж байна гэсэн үг. Зөвхөн үүнийг хийе, бусад нь хамаагүй гээд орхивол эрх мэдэл тогтвортой байж чадахгүй. Хуйвалдаан хийгдэж байгаа учраас гомдогсод гарч ирнэ. Тиймээс эрх баригчид тодорхой хэмжээнд асуудлуудаа шийдэхийн тулд улс төрийн нүүдлээ хийж эхэлж байна гэж харж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдвэл гишүүдийн тоог нэмэх асуудлыг хэлэлцэнэ. Гишүүдийн тоог нэмэх ач холбогдлын талаар та ярихгүй юу?

-Тоо гэдэг талаас харах хэрэггүй. Маш энгийнээр хэлбэл, иргэдийн аж амьдралд нөлөөлдөг хууль батлагдах процессыг хянах явдал маш сул байгаа. Байнгын хороо 12-оос 19 гишүүнтэй. Үүний 50-иас дээш хувийн ирц бүрдэхэд хуулийн төсөл батлагдах боломжтой байдаг. Хамгийн багадаа долоон гишүүн иргэдийн амьдралд шууд нөлөөлөх хуулийн төслийг батлаад явбал эцсийн эцэст хүртэх үр дагавар нь иргэдийн нуруун дээр унана. Энэ талаас нь харах хэрэгтэй. Нэг ёсондоо парламент чадавхтай ажиллах, парламент хяналттай байх, парламент чиг үүргээ биелүүлэх, иргэд өөрсдийн чиг үүргээ биелүүлэх боломж нь гишүүдийн тоог нэмэх юм. 76-даа биш. Нэг гишүүн хэдэн хүнийг төлөөлж чадаж байна, хэдэн байнгын хороонд харьяалагдаж байна, нэг чуулганаар хэчнээн хуулийн төсөл батлагдаж байна гээд харвал ачаалал үнэхээр дийлдэхгүй их. Аль ч утгаар нь авч үзсэн өнөөдрийн хувьд тоо ихэсгэж байж парламент үнэмлэхүй хүчтэй болно, давхар дээлтэй Засгийн газарт хяналт тавина.

-76 гишүүний 13 нь, Засгийн газрын 21 сайдын дийлэнх нь давхар дээлтэй байгаа энэ үед УИХ Засгийн газрын балансыг барих гарц нь яах аргагүй гишүүдийн тоог нэмэх болж байна шүү дээ, тийм үү…

-Тийм. Парламент Засгийн газарт хяналт тавих чиг үүргээ биелүүлж чадахгүй болчихно. Тэр дундаа парламентад нэг нам үнэмлэхүй эрх барьж байгаа тохиолдолд ойлголцлын, зөвшилцлийн, нам доторх бодлогын зэрэг зүйлүүд хаагдахыг үгүйсгэхгүй. Парламент хяналын үүргээ биелүүлж чадахгүй гэсэн үг. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэхээс өөр аргагүй. Тиймээс гишүүдийн тооны цаана агуулагдаж байгаа утгыг ойлгох хэрэгтэй. Гишүүдийн тоо юу илэрхийлж байна гэхээр хэмжээ, хяналтын үүрэг, төлөөллийн үүрэг зэрэг олон зүйлийг агуулна. Гишүүдийн тоог нэмчихвэл нэг гишүүн дөрвөн байнгын хороонд биш нэг байнгын хороонд харьяалагдах, гишүүд зөвхөн хууль батлаад орхих бус баталсан хуульдаа хяналт тавих үүрэг нь ч бодитоор хэрэгжиж эхэлнэ. Бид өнгөц бус нарийн зүйлүүдийг олж харах цаг нь болсон. Парламент юу хийдэг вэ гэсэн механизмыг харвал тооны асуудал хөндөгдөх нь зайлшгүй.

-Манай улсад УИХ-ын гишүүний тоо хэд байвал зохимжтой вэ?

-Судалгаагаар томьёо гаргасан. Томьёо гэдэг бол дандаа тоон өгөгдлийг хийж байгаад гаргадаг шүү дээ. Томьёогоор бол 150.1 байх боломжтой. Тэгшитгэвэл 151, зарим тохиолдолд 152 байж болно. Үүнээс гадна зөвхөн насанд хүрсэн иргэдийнхээ тоонд уяруулж болдог тооцоолол бий. Үүгээр авч үзвэл манай улс 114 гишүүнтэй байх зохимжтой. Өөрөөр хэлбэл, тоон утга өгөгдлүүдээр 114, 151, 152 гэсэн гурван янзын тоо гарч байна.

Дээр нь улсынхаа газар зүйн хэмжээг харах хэрэгтэй. Орон нутаг ямар түвшинд хөгжсөн билээ. Аюулгүй байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдлын асуудал, засаг захиргааны нэгжийн төлөөллийн асуудал зэрэг их олон зүйлийг харна. Дээр нь орон нутаг болон нийслэлийн нэг иргэний өгч байгаа сонгогчийн саналын зөрүүг яаж тооцох зэргээр Монголын онцлог нөхцөлүүдээ тооцож байж эцсийн тоог гаргах хэрэгтэй. Тоон утгын өгөгдлүүдээр бол 114, 151, 152 тоо гарч байна. Үнэхээр нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл явагдаад эхэлбэл бусад хүчин зүйлүүдээ тооцож байж хамгийн эцсийн боломжит хувилбараа гаргана. Яаж ч тооцсон 100-гаас буухгүй гэдгийг энэ гурван томьёо баталж байна гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *