Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хийсэн хяналт шалгалтын ажлын хэсгийн үр дүнг танилцуулсан юм
Дээрх сэдвээр ахмад багш М.Цэцгээтэй ярилцлаа.
-Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэл хийж 700 гаруй багшийн хуурамч дипломын асуудлыг сөхлөө. Ахмад багш хүний хувьд та үүнийг хэрхэн хүлээж авч байна вэ?
-Боловсролын сайдын багш нарын хуурамч дипломын асуудлыг сөхөж байгаа нь нэг талдаа зөв. Гэхдээ боловсролын асуудал гэдэг бол маш эмзэг. Хүн бүхэнтэй шууд холбоотой асуудал байдаг. Нийгэмд одоо ямар ойлголт төрж байна вэ гэхээр Монголын боловсролын салбар тэр чигээрээ уналтад орчихсон юм шиг, багш нар нь дандаа хуурамч, хулгайч болчихсон шиг ойлголт төрөөд байна. Энэ бол маш аюултай. Цаашдаа боловсролын салбар унахын цондон байхыг ч үгүйсгэх аргагүй.
-Санамсаргүй үйлдлийн улмаас бичиг баримтын зөрчил гарсан болох нь тогтоогдвол багшийг мэргэжил, ур чадварыг ахиулах шат шатны сургалтад хамруулан үргэлжлүүлэн ажиллах боломжоор хангана гэж байсан, энэ талаар таны бодлыг сонсвол?
-Тэр нь зүйтэй л дээ. Гэхдээ ер нь багшийн боловсон хүчний асуудал амаргүй болсон. Эдгээр багш нар нэгэнт л хичээл номоо заагаад Их, дээд сургуулиудад багшлаад ирсэн юм чинь богино зайн сургалтад хамруулаад, сертификат гардуулаад багшлах эрхийг нь хэвээр үлдээх хэрэгтэй. МУИС, МУБИС гээд Монголын гол хоёр сургуулийн багш нар хүртэл хуурамч дипломтой гээд яригдаж байна. Эдгээр багш нарыг нийгэмд гадуурхагдаж үлдээх биш, харин ч сургалтад дахиж сургаад, мэдлэг чадвар, боловсролыг нь дээшлүүлээд үргэлжлүүлэн ажиллуулах нь зөв. Ийм л зүйлийг хийгээсэй гэж бодож байна.
Хамгийн гол нь багш нарын асуудал их эмзэг. Ингэж багш нарыг хуурамч, худалч гэж нийгэмд зарлаж болохгүй. Мэдээж ажлын шаардлага хангаагүй нэгийг нь сургалтад хамруулаад чадварыг нь сайжруулах нь зөв. Ингэхийн оронд үндсэндээ багшийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсээ улам дэвжээгээд, мэргэжлийн хувьд нь улам чадавхжуулаад, улам өргөөд, нэр хүндийг нь баталгаатай болгох байтал Боловсролын сайд нь ингэж хуурамч, худалч мэтээр нийгэмд ойлгуулж, цоллож байгаа нь зөв үү, буруу юу. Би хувьдаа үүнийг зөв зүйтэй үйлдэл яавч биш гэж ахмад багшийн хувьд бодож байна. Ялангуяа хөдөө орон нутагт сургуулийн өмнөх боловсрол болоод бага ангийн багш их эрэлттэй байдаг. Бага ангийн багш хөдөө суманд очиж ажиллах их асуудалтай болсон гэж сүүлд дуулдаад байгаа. Ингээд бага ангийн багш нараа есөн шидээр нь цоллоод эхлэхээр багш нарын сэтгэл зүйд айхавтар хортой нөлөөлнө. Одоо ингээд нийгэмд хуурамч дипломтой багш нар, хуурамч сургууль гэх хандлага бий болно. Боловсролын системээр ингэж улс төр хийж болохгүй л юм байгаа юм даа.