Үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 буюу эх орноосоо урвасан зүйл ангиар буруутгаж, анхан шатны шүүхээс найман жилийн ял оноогоод байгаа юм. Тэгвэл яллагдагчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлээр давж заалдах шатны шүүх хурал товлогджээ. Энэ талаар Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Г.Баасантай ярилцлаа.
-Ч.Мөнхбаярын ар гэрийнхэн нь түүнийг хууль бусаар цагдан хоригдоод 200 хоног болж байгаа талаар мэдэгдсэн байсан. Хэргийн явц ямар шатанд яваа талаар тодруулахгүй юу?
-Ч.Мөнхбаярт холбогдох давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 13-нд товлогдоод байна.
Ч.Мөнхбаярт холбогдуулсан асуудал маш ноцтой. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн тусгай ангид Хятад улсын эсрэг тагнуул хийвэл ингэж яллана гэсэн нэг ч заалт байхгүй. Миний үйлчлүүлэгч хуульгүйгээр яллагдаад байна. Хоёрдугаарт, түүнийг гадаадын тагнуулын гар хөл гээд байгаа. Гэтэл гадаадын ямар тагнуул вэ гэдгийг тогтоогоогүй. Ийм нөхцөлд ямар ч ял өгөх боломжгүй. Гуравдугаарт, Монголын тагнуулын байгууллага, прокурор, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид бүгд бүлэглэж байгаад хуульгүйгээр, улс төрийн захиалгаар, даалгавартайгаар миний үйлчлүүлэгчид ял оноочихлоо.
Тэдний энэ үйлдэл тусгаар тогтносон Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг. Монгол бол 1.5 сая м.кв талбайтай, бие даасан тусгаар улс мөртлөө БНХАУ-ын муж улс шиг ял оноосон болж харагдаж байна.
Тиймээс эдгээр үндэслэлээр давж заалдсан. Хуралдаа бэлдэж байна даа.
-Ч.Мөнхбаяртай уулзаж байгаа байх. Юу ярьж байх юм бэ?
-Тэр хүн улсынхаа эсрэг тагнасан, чагнасан үйлдэл хийгээгүй. Тиймээс Монголынхоо төрд гомдож байгаа байх. Гэхдээ бууж өгөхгүй, үзэл бодолдоо үнэнч хэвээр байна. Хэчнээн ял өгсөн ч миний үзэл санааг мохоохгүй гэдэг байр суурьтай байгаа.
Ер нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид гэм буруугийн зарчим гэж бий. Үүнд, хүнийг үзэл бодол, итгэл үнэмшлийнх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэдэг заалттай. Энэ заалтыг ноцтой зөрчиж байна. Энэ бол том хэлмэгдүүлэлт, төрийн эрх барьж байгаа байгууллагын даалгавар.
-Гэхдээ тагнуул нь мөрдөөд, прокурор нь хянаж яллах дүгнэлт үйлдээд, шүүхээс баталчихлаа. Ингэхээр Ч.Мөнхбаярт ямар нэгэн буруутгах шалтгаан, ноцтой зүйл байсан хэрэг биш үү гэх эргэлзээ зарим хүмүүст байсаар байна. Та энэ тал дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Ойлгож байна. Гэхдээ нэг зүйл бий. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд таслан сэргийлэх таван төрлийн арга хэмжээ байдаг. Үүнээс хамгийн хүнд нь цагдан хорих. Бусад нь батлан даалтад гаргах, хязгаарлалт тавих гэх мэт байгаа. Гэтэл эдгээрээс хамгийн хүндээр нь таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг оргохыг завдсан, бусдын амь насанд аюул заналхийлэл учруулж болзошгүй, гэмт хэргээ нуун далдалж болзошгүй хүмүүст л авдаг.
Ч.Мөнхбаяр шиг орон гэрийнх нь хаяг нь тодорхой, урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хүний эрхийг хамгаалагч гэдгийг нийгмээрээ мэддэг, нийтийн танил болчихсон, догшин ааш авиргүй ийм л хүн. Түүнийг цагдан хорихгүйгээр хэргийг хянаж шийдвэрлэж болох байсан. Санаатайгаар залхаан цээрлүүлж байгаа хэрэг шүү дээ.
-Ч.Мөнхбаяр дотоодод олон жагсаал цуглаанд оролцдог, заримдаа зохион байгуулдаг байсан хүн. Хилийн чанадад Байгал нуурыг хамгаалах тэмцэлд оролцож байсан гэв үү. Энэ талаар тодруулахгүй юу?
-Миний үйлчлүүлэгч бол нийгмийн идэвхтэй хүн. Нийтийн эрх ашгийг хамгаалж явдаг. Монголоор тогтохгүй монгол туургатынхаа асуудлыг хөндөж ирсэн. Өмнөд монгол, хазара, тува гээд үсэрсэн цус, тасарсан мах хаана зовж байна, тэнд очиж дуу хоолойг нь өргөж ирсэн амьдралын түүхтэй. Түүнийг ямар ч үндэслэлээр буруутгасан, харлуулсан бай юу үнэн энэ үнэн. Монгол Улсын хуульд БНХАУ-ын эсрэг, эсвэл ОХУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдвэл ингэж яллана гэсэн хуулийн заалт байхгүй гэдгийг дахин сануулах хэрэгтэй. Өнөөдрийн нөхцөл байдал бол улс төрийн зорилготой гэдгийг л шууд хэлж чадна. Төрийн эрх барьж байгаа хүмүүсийг шүүмжилж, нийгмийн муу муухайг илчилсэн, эх орондоо өөрийн гэсэн дуу хоолойтой бүгдэд нь төр төмөр нүүрээ харуулж байгаагийн жишээ