Сэтгэл судлалын үндэсний төвийн зөвлөгөөний албаны сэтгэл судлаач Д.Мөнхжинтэй ярилцлаа.
-Сургуульд анх орж байгаа хүүхдийн сэтгэл зүйг хэрхэн бэлтгэх вэ?
-Хүн өөрийн мэдэхгүй зүйлээсээ айх хандлагатай байдаг. Сургууль бол анхлан суралцагчдын хувьд тэдний танихгүй орчин. Тийм учраас зарим хүүхдүүд айх, сандрах үйлдэл гаргаж болзошгүй. Харин зарим хүүхдэд шинэ орчин таалагдаж таатай байдлаар хүлээж авдаг. Хүүхэд бүр харилцан адилгүй, хүүхдийнхээ сэтгэл зүйг бэлдэхийн тулд тэднийг мэдээллээр хангаж, сэтгэл санааг нь тогтвортой байлгах хэрэгтэй. Тиймээс хүүхдэдээ цэцэрлэг болон сургуулийн хоорондын ялгааг тайлбарлаж өгөөрэй. Цэцэрлэгт өдөр тутам хийдэг үйл ажиллагаанууд нь сургуулиас ямар ялгаатайг, мөн цэцэрлэгийн багш болон сургуулийн багшийн талаарх онцлогийг, тайлбарлаж мэдээллээр хангах нь асран хамгаалагчдын хийх хамгийн чухал үйлдэл юм.
-Цэцэрлэгээс сургуульд орж байгаа хүүхдүүдийн сэтгэл санаа хямардаг уу?
-Дээр дурдсанчлан хүүхэд бүрийн сэтгэл зүй, зан байдал нь өөр өөр, зарим хүүхдийн сэтгэл санаа хямардаг бол зарим хүүхдүүд хэвийн, таатай хүлээж авдаг. Магадгүй хүүхэд таагүй мэдрэмжээ уйлж илэрхийлж байгаа үед юу нь хэцүү байна? Ээж аав нь яаж туслах уу? Ямар санагдаж байна гэх мэтчилэн асууж хүүхдэдээ хариулах боломжийг олгоорой. Ингэснээр хүүхэд өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлж, дотроо айж, түгшиж байгаа зүйлсээ хуваалцан ярилцаж тайвшрах боломж бүрдэнэ.
-Хичээлийн эхний өдөр хүүхдүүд уйлаад байдаг нь ямар учиртай вэ?
-Хүүхэд сургуульд орохоосоо өмнө нийгмийн харилцаанд хэр их орж байсан бэ цэцэрлэгт хамрагдаж байсан эсэх чухал нөлөөтэй. Хэрвээ цэцэрлэгт явдаггүй, цөөхөн ам бүлтэй, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа сул буюу бага байсан бол шинэ орчин, шинэ хүмүүс хүүхдэд маш их стресс үүсгэх айдас, түгшүүр төрүүлэх магадлал өндөр. Хүүхэд өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ эргэн тойрныхон нь ойлгохгүй байгаа үед уйлах, уцаарлах байдлаар илэрхийлдэг. Харин хүүхэдтэйгээ ярилцдаг, хүүхдийнхээ асуусан асуултад цааргалалгүй хариулдаг, хүүхдэдээ чанартай цаг гаргадаг асран хамгаалагч эргэн тойронд нь байгаа хүүхдүүдийн хувьд сургуульд дасан зохицох байдал илүү хурдан, сургуулийн талаар эерэг сэтгэл хөдлөлтэй байдаг.
Тиймээс хүүхэдтэй багаас нь тусдаа хүн гэдэг үүднээс хүлээн авч харилцах, нийгмийн харилцаанд идэвхтэй орох нөхцөлийг бүрдүүлэх буюу үеийнхэнтэй нь тоглуулах, асуулт асуух, нээлттэй ярилцах, мөн тухайн хүүхдийг тайван байлгах зэргийг асран хамгаалагч, аав ээж, өвөө эмээ, ах эгч нар нь анхаарч байгаарай.
Учир нь хүүхэд сэтгэл зүйн хувьд тайван байх нь аливаа зүйлд дасан зохицоход эергээр нөлөөлдөг.
-Сургуульд орох гэж байгаа зургаан настнуудтай эцэг эхчүүд яаж харилцах ёстой вэ?
-Өөрийгөө бусдад ойлгуулах, илэрхийлэх тал дээр нь анхаарч тэдэнтэй сонирхож ярилцаж байх хэрэгтэй. Ярилцахдаа аль болох харааны нэг түвшинд, зөөлөн дуу хоолойны өнгөөр ярих нь үр дүнтэй. Ингэснээр таны хүүхэд сургууль дээр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай эерэг харилцаа үүсгэх чадвартай болох болно. Энэ аргыг урт хугацаанд ярих бүрдээ ашиглах шаардлагатай гэдгийг санаарай. Мөн хүүхдийнхээ талаар бусдад бодит, эерэг зүйлсийг ярьж байх. Зарим асран хамгаалагчдын хувьд хүүхдийнхээ тухай “Манай энэ сургуульд орно, яана аа, бүтэхгүй ээ, бид хоёр даалгавраа хийх гэж зодолдох байх даа” гэх мэтээр ярих нь санаандгүй байдлаар сонссон хүүхдэд сургуулийн талаарх сөрөг мэдрэмж төрж, сөрөг мэдээллээр бүхнийг хүлээж авах эрсдэлтэй.
-Хичээлийн анхны өдөр нь хүүхдээ хэрхэн урамшуулах ёстой вэ?
-Хүүхдийг чихэр, шоколадаар урамшуулах нь хоол хүнстэй харьцах буруу дадлыг бий болгоход хүргэдэг. Хоол хүнсний зүйлийг урамшуулал болгон авдаг байсан хүүхдүүд хэт их идэх, эсвэл хоолонд дургүй болох зэрэг судалгааны үр дүн гарсан байдаг. Хүүхдэд бодит магтаал, өөрт нь итгэж буй гэсэн мэдрэмж хамгийн том урам зориг оруулдаг.
-Сургуулийн орчинд анх орсон хүүхдийн сэтгэл зүй хэр өөрчлөгддөг вэ?
-Энэ насны хүүхэд өөрийгөө илүү ухамсарладаг болж эхэлдэг. Өөрийгөө бусад хүмүүстэй харьцуулж эхэлнэ. Энэ үед хүүхэд хайр халамжийн хувьд бусдаас дутуу мэдрэмж авах юм бол илүү дутуугийн мэдрэмжтэй болох эрсдэлтэй. Эцэг эхчүүд маань сэтгэл зүйн хувьд хайрлаж, халамжилж байгаа, итгэдэг зэрэг байдлаа хүүхдэдээ илэрхийлж байх нь хүүхдийг зөв бие хүн болж төлөвшихөд чухал нөлөөтэй.
Хүүхдийнхээ тухайн өдөрт болсон үйл явдал болон өнгөрсөнд болсон үйл явдлуудыг яриулангаа сэтгэл хөдлөлийнх нь тухай, яагаад тэрхүү сэтгэл хөдлөл үүссэн талаарх бодлыг нь асууж яриулаарай. Ингэснээр таны хүүхэд сургууль дээр өөрийгөө илэрхийлэх болон бусадтай эерэг харилцаа үүсгэх чадвартай болох болно. Эцэг эхчүүд нэг тайлбарлаад орхидог. Олон давтаж сайн тайлбарлах нь чухал. Мөн та их ярих бус хүүхэд илүү ярих нь та хоёр ярилцаж байна гэсэн үг гэдгийг санаарай. Би хүүхэдтэйгээ ярилцдаг гэсэн атлаа өөрөө ярьсаар байгаад яриа нь дуусдаг бол та хүүхэдтэйгээ ярилцах биш, өөрөө л ярьж байгаа гэсэн үг.
Мөн таны хүүхэд зөв буруу янз бүрийн үг хэрэглэнэ, өөрийнхөө сэтгэл хөдлөлийг мөн л янз бүрээр илэрхийлнэ. Тэр бүрд буруутгах биш, засаж залруулж, хүүхдэдээ “Би чамд итгэдэг”, “Би чамайг ойлгоно” гэдэг мэдрэмжийг төрүүлж харилцах нь хүүхэд гэр бүлээсээ авч, суралцаж болох хамгийн чухал мэдрэмжүүд гэдгийг аав ээж, ах эгч, өвөө эмээ нартаа мэргэжилтний хувьд зөвлөмөөр байна.
С.Отгонбаяр
Б.Нарангэрэл