1931-2016 оны хооронд Швейцарын мөсөн голууд 50 гаруй хувиар хайлж үгүй болсон гэсэн судалгааны шинэ дүн гарчээ. Дэлхийн дулаарал улам бүр санаа зовоох хэмжээнд хүрч байгаа сүүлийн жилүүдэд мөсөн голуудын хайлах эрчим бүр ч нэмэгдсэнийг тус судалгаа харуулсан байна. Швейцарын Цюрихт байдаг Холбооны Политехникийн “И-Ти-Эйч” их сургууль, Швейцарын Ой, цас, ландшафтын судалгааны хүрээлэнгийн судлаачид шинжлэх ухааны шинэ аргачлал ашиглаж энэ судалгааг хийсэн аж.
Тодруулбал, судлаачид энэ судалгааныхаа явцад мөсөн голуудын өндөр, овор хэмжээний түүхэн үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөнийг харьцуулсан зураглал гаргах замаар 20-р зууны туршид хэдий хэмжээгээр хорогдсоныг нь тооцоолж гаргажээ. Фотограмметр хэмээх энэ аргын тусламжтайгаар компьютер загварчлал боловсруулснаар мөсөн голуудын цаашдын өөрчлөлтийг мөн илүү нарийвчлалтай тооцоолох боломжтой гэж судалгааны багийнхан үзсэн байна.
Ингэхдээ тэд 1916-1947 оны хооронд мөсөн голуудын дүрсийг буулгасан 21700 шахам гэрэл зургуудад дүн шинжилгээ хийжээ. Урьд өмнө хийгдэж байгаагүй энэ төрлийн шинэлэг гэж болох судалгааны дүнд, мөсөн голуудын эзлэхүүн өмнө тооцоолж байснаас даруй 20 гаруй хувиар илүү хорогдсон үзүүлэлт гарсныг И-Ти-Эйч Цюрих их сургуулийн профессор Дэниэль Фаринотти “Киодо ньюз”-д ярьсан байна.
Швейцарын мөсөн голын сүүлийн үеийн судалгаанаас үзвэл, тус улсын нутагт байдаг 1400 мөсөн гол 1000 шахам хавтгай дөрвөлжин км буюу Европын Альпийн нурууг бүрхдэг нийт мөстлөгийн тал орчим хувьтай тэнцэх эзэлдэг байна.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 2019 оны Засгийн газар дундын шинжээчдийн тайлан мэдээнд, дэлхий дээрх мөсөн голуудын эзлэхүүн 2100 он гэхэд 47 орчим хувиар буурч, Европ болон бусад бүс нутгууд дахь жижиг мөсөн голуудынх бүр 80 гаруй хувиар багасна гэдэг дүгнэлтийг гаргаж байсан байдаг байна.